С.ЦЭРЭН
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс баталсан тушаалын дагуу нэр бүхий байгууллагууд, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой үндэсний эрсдэлийн үнэлгээг Дэлхийн банкнаас гаргасан аргачлалын дагуу боловсруулснаа Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ. Үүнтэй холбоотойгоор виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч болон мэргэжлийн холбоод, NFT маркетплэйсүүд, олон нийтэд виртуал хөрөнгө санал болгогчид, Хууль зүй, дотоод хэргийн яам зэрэг байгууллагын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулав. Энэ үеэр үндэсний эрсдэлийн үнэлгээний урьдчилсан үр дүнг танилцуулсан байна. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн салбарт мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой эрсдэлийн үнэлгээг гаргаснаар нөхцөл байдлыг зөв үнэлж, бодлогоо тодорхойлон, салбарын хөгжлийг боловсронгуй болгох давуу талтай аж. Дээрх үнэлгээний урьдчилсан дүнтэй СЗХ-ны цахим хуудаснаас танилцан, үндэслэл, дата мэдээлэл бүхий санал хүсэлтээ нөгөөдрийн дотор хүргүүлэх боломжтой гэнэ.