Төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонин анхны жилүүддээ Төрийн ордонд байрладаг байлаа. Редакц тун цомхон бүтэцтэй. Өглөөний шуурхайг Ерөнхий эрхлэгчийнхээ өрөөнд бүгдээрээ цуглаж байгаад хийчихнэ.
1994 оны намар цаг. Өглөөний шуурхайд ортол түнжиндүү толгойтой, намхан бахим биетэй, хос цэнхэр жийнс өмссөн нөхөр буланд гэрэвшингүй сууж харагдана. Тухайн өдөр болох үйл явдал, бичих сэдвийн талаарх мэдээ мэдээллийг хүн бүхэн хэлж, өглөөний шуурхай эхэлдгийг сонины сэтгүүлчид андахгүй дээ. Бас ч амар даваа биш. Мэдээ хэлээгүй нь торгуулна. Гэтэл цэнхэр жинстэй нөгөө “шинэков” маань гадаадын голдуу үйл явдлын арав гаруй мэдээ ар араас нь дуржигнуулж, биднийг гайхшируулав. Хурлын төгсгөлд Ц.Балдорж эрхлэгч “Энэ нөхрийг Т.Нэргүйгийн Олон улсын мэдээллийн албанд туршилтаар” ав гэлээ.
Тэр бол Баска маань байв. Эхэндээ дуу цөөтэй, хөдөөний байрын, даруухан нөхөр харагдсан ч танилцаад, дотносоод ирсэн чинь цөөн биш, бүр олон үгтэй, түргэн шуурхай, ямар л бол ямар сэдвээр хэнтэй ч төвөггүй ярилцчихдаг, бас сүрхий алиа хошин, бусдыг “явуулах”-даа гарамгай нэгэн болж таарлаа. Маш хөдөлмөрч, дөрөвхөн нүүртэй сонины гадаад мэдээнд нэг сурвалжлагч үсрээд л 4-5 мэдээ бэлтгэдэг байхад манай хүн арав хориор нь, түүртэх юмгүй “үйлдвэрлэнэ”.
Сонинд “нөөц бүрдүүлэх” гэж нэг ойлголт байдаг байлаа. Тухайн өдрийн дугаарт орохгүй ч хэзээ ч нийтэлж болох, ялангуяа гал алдсан үед шууд аваад тавьчих материал бэлтгэж нөөцөлнө гэсэн үг л дээ. Манай хүн тийм мэдээлэл, нийтлэл, ярилцлага цөөнгүйг орчуулдаг тул аюулгүйн нөөц бүрдүүлдэг гол хүн байв. Албаны даргын албан тушаалтай миний бие дугаар хариуцах ээлжиндээ Т.Нэргүй ахаас “Баскагийн нөөцөөс өгөөч” гэж гуйж авдаг, тэр нь үнэхээр сонирхолтой, чанартай материал байдаг учраас миний хариуцсан дугаар гайгүйд тооцогдох нэг хөшүүрэг болдог байлаа.
Ийнхүү Завхан нутгаас гаралтай, хилийн цэргийн командын мэргэжилтэй, олон талын мэдлэг авьяастай, найзархаг тусархаг нь дэндсэн гэмээр сайхан андтайгаа амьдралын уудмыг 30 шахам жилийн турш хамтдаа туулах нөхөрлөлийн түүх эхэлсэн билээ. Хүмүүнд хувь заяа, төөрөг тавилан гэж үнэхээр байдаг нь үнэн юм бол Дамдины Баасанжаргал хэмээх сайхан эр хүнтэй нэгэн насандаа мартахааргүй сайхан үерхлээр ижилдэн дассан он жилүүд миний амьдралын хамгийн чухал, ерөөлт хувь тавилан гарцаагүй мөн гэдэгт эргэлзээгүй итгэдэг ээ, би.
Цаг хугацаа бүхнийг элээдэг. Дурсамж ч бас мартагддаг. Гэхдээ баларч элэгддэггүй алтанхан дурсамжийн олон хуудас Баскатай минь холбоотой юм байна гэдгийг уйтай гунигтай сүүлийн хэд хоног илүү тод мэдэрч сууна аа. Дундаршгүй гэрэлт дурсамжийн эзэн, дуусашгүй гэгээн анд минь чиний эзгүй энэ орчлон ямархан бүүдгэр юм бэ? Юутай ч бидэн хоёрын төдийгүй Баскатай минь анд барилцсан хүн бүхний нөхөрлөлийн түүх амьд бүхнээс амьд оршино гэдгээр сэтгэлээ зогоож сууна. Дурсагдаж амьдарна гэдэг юутай бахархал. Бахархах дурсамжтай байна гэдэг юутай завшаан. Бидний бахархал, бидний дурсамж, бидний нөхөрлөл энэ орчлонгийн хөрс шороон дээр тод мөртэй, товгор үсэгтэй үлдэнэ. Тэр мөрийг үлдэгсэд бид энэрэн хайрлаж, имэрч чагнан уншваас, гал халуун, сүүн зөөлөн сэтгэлийн илч мэдрэгдэх нь дамжиггүй ээ. Гал халуун, сүүн зөөлөн сүлэлдсэн, гарцаагүй ховор сайхан хүмүүн бол миний анд байсан юм.
...1995 оны намар. Манайх Дарханаас нүүж ирээд, бууринаасаа хөдөлсөн чулуу гурван жил зовдгийн жишгээр айлын байр хөлслөн, нүүж сууж амьдардаг байлаа. Гэтэл намар арваннэгдүгээр сар гарсан хойно байр хөлслүүлэгч маань гэнэт гэрээгээ цуцлахаа мэдэгдэв ээ. Хаашаа очихоо, юунд найдахаа мэдэхгүй самгардсан намайг Баска минь тайвшруулж, “Манай хашаанд гэр бариад буучих. Өвгөн нь түлш, цахилгаанаар таслахгүй. Монгол хүн байна даа, болно оо хө” гэж билээ.
Ийнхүү Зуун айлд Баскагийн хашаанд, айлаас гуйсан бүрээс муутай дөрвөн ханатай өөвөн гэр хөлдүү газар дээр арваннэгдүгээр сарын сүүлчээр босож, бид хоёроос гадна үр хүүхэд, гэргий нарын минь нөхөрлөл эхэлж билээ. Ажилдаа хамт явж, хамт ирнэ. Би тэр жил ганц шуудай нүүрс, хэрчим мод ч худалдаж аваагүй санагдана. Баскагийнхаа өвлийн түлээ түлшийг гудийх ч юмгүй, өөрийн юм шиг хэрэглэж, хүүхдүүд маань бидон дамжлан худаг руу гүйлдэж, хаяаг нь нийлүүлэх шахуу барьсан хоёр гэр эрхбиш ханаар зааглагддаг ч оройхон Баска гэрээсээ “Баагий, та нар ороод ир. Гэдсэн бууз ид” хэмээн хашхирч, бид ч гэрээсээ ухасхийж, манайд тэднийд ирсэн нь ялгаагүй, зочин бүхэн дундынх болж, нэгэндээ байхгүйгээ нөгөөгийнхөө байгаагаар дүүргэн, жаргалтай нь аргагүй өвөлжиж билээ.
Тэднийх хоёр охинтой. Гэргий Саранчимэг нь хөл хүнд болоод удаагүй байв. Өнчин өрөөсөн өссөн болоод ч тэр үү, хүүтэй болох мөрөөсөл Баскагийнх. Гарах хүүхэд нь хүү байгаасай хэмээн залбирах нь холгүй байв. Найзуудтайгаа наргиж дарвисан нэг өдөр, байсхийгээд хөндөгддөг хүүгийн тухай ярианы завсар би тоглоом шоглоомоор “Надад хадаг барь. Тэгвэл хүүтэй болно” гэчихэв. Манайх хоёр хүү, нэг охинтой л доо. Түүнээс хойш нэлээд хэд хонож, тийм үг хэлснээ ч мартчихсан байх нэг орой, унтахын өмнөхөн Баска гэргийгээ дагуулчихсан ороод ирэв. Монгол дээл хайш яйшдуу өмсөөд, цэрэг суран бүс бүсэлчихэж. Дүн өвлөөр зуны малгай толгой дээрээ тавьчихаж. Гайхсандаа Саранчимэг рүү хартал нөхөр лүүгээ эрүүгээрээ дохисноо “Манай энэ нэг балай юм” гэж байна. Баскагийн өвөр хоосон биш бололтой, тэрүүхэн суга хавьдаа түнтийж харагдав. Гэтэл юу юугүй өврөөсөө шил архи, хадаг гарган надад барьж, “За манайхыг хүсэн хүлээсэн хүүтэй болгож хайрла аа” гэдэг байгаа. Гэргий нарын маань бараг л элэг нь хөшихөө шахаж, би ч яахаа мэдэхээ байж, нэг мэдсэн хадаг, архийг нь авчихсан байсан тул дэмий л суухыг урив. Мань Баска л огт гудиггүй, “Юундаа инээгээв. Ёс төр мэддэггүй юмнууд. Хүүтэй болчихыг хэн байг гэх юм” гэж чин сэтгэлээсээ, бүр нухацтай нь аргагүй хэлээд, нэг их чухал юм бүтээсэн царайтай, маадгар сууж байж билээ.
Зуны эхээр Баска томилолтоор Хятадын өмнөд муж руу 10-аад хоногоор явах болов. Саранчимэг төрөх дөхчихөөд байсан цаг. Явахдаа “За, Баагий, намайг иртэл оройтож болохгүй. Ажлаа тараад шууд гэртээ ирнэ шүү. Шөнө сэргэг бай. Чимгээд (миний гэргий) хэлээд өглөө, оройд цаадахынхаа биеийг сайн ажиглаж бай. Төрөх болбол та хоёр л хариуцна гэдгээ мэдэж байгаа биз” гэсэн хатуу даалгавар өгөөд алсын аяндаа мордлоо.
Би ч даалгаврыг нь тун хариуцлагатай биелүүлсээн. Гэргий нь ч төрөх гэж сандаргасангүй, Баска ч ирэв. “Охин гаргавал сална шүү” хэмээн гэргийгээ цаашлуулж, “Хүү төрвөл арав хоног толгой өөд татахгүй тэмдэглэнэ” гэдэг найз маань харин яг түргэний тэргэнд суугаад эмнэлэг рүү хөдлөх агшинд гэргийнхээ толгойг илчихсэн, “Охин байсан ч яах вэ, хө” гэж байж билээ.
Сараа маань нэлээд удаан өвдсөний эцэст үүрээр амаржиж, Баска хүүтэй болсноо дуулаад тэсэлгүй тугдагнан нулимс нэрж, гуравдугаар төрөхийн дэргэдэх улиас модод, ногоон навчсын дунд орчлонд бид жаргалтайгаа зарлан тэмдэглэж амжив. Баярласандаа бахардах шахсан Баска “Хүүгээ орж үзнэ” хэмээн төрөхийнхнийг сандаргаж, хүүд нь зориулан би хэдэн мөр шүлэг хэлхэх аядаж, Самка ах (төрсөн ах нь) маань шар 69-өөрөө үйлчлэн, өөд уруугүй хурдлах. Харин бидэн хоёр уугаад буй хэрнээ огт согтохгүй байгаагаа гайхан шагширч, их баярлахад идээ умдаан хүртэл зохирдог юм байна хэмээн хөөрцөглөж байв шүү.
Энэ мэт жаргалтай сайхан дурсамжаа уудлан хүүрнэнэ гэвэл бүхэл бүтэн роман болох билээ. Ганцхан ширээ, нэжгээд компьютертойгоор Монголын анхны өдөр тутмын чөлөөт хэвлэл “Өнөөдөр” сониныг өлгийдөлцөж, Өмнөд Солонгосоос ирсэн хүнд цагаан ширээг шөнөжин зөөхдөө “өөрийн гэрийг барьж, өрхний нь оосрыг татаж” байгаадаа итгэж, анхны дугаарыг нь аугаа Балдорж эрхлэгчтэйгээ хамт “Абсолют”-аар угааж суусан өдрүүд саяхан мэт. Хүү төрвөл “Өнөөдөр” гэж сониноороо нэрлэнэ гэж нохойтдог байсан анд маань Өнөдэлгэр хэмээх утга төгс нэр хайрлаж, хүүдээ нэр өгсний баярыг булт олуулаа тэмдэглэж байлаа. Төрийн томчууд биесээ тагнаж чагнасан хэргийн учгийг “Баатаргейтийн хэрэг” хэмээх нийтлэлээрээ Баска хөвөрдөж, “Америк Уотергейтийг Монгол Баатаргейтээр баяжуулж, чи ч алаад хаялаа даа” хэмээн би найзаа магтаж, дүүрэн цэнгэлтэй сууснаа тодхон санаж байна.
Шинэ сууцанд ороход нь Баска биш, Самка ах бид хоёр тэднийхийг нүүлгэж, замд таарсан гэрийн эзэн харин “Зуу татчихаад араас чинь очно. Очоод гэрээ төвхнүүлж бай” хэмээн гудиггүйхэн айлдаж, нүүдэл нэгэнт дууссан хойно телевизийн сурвалжлагч дагуулан ирж, сурвалжилга бэлдүүлэн “Цагийн хүрд”-ээр гаргаж, Төв аймаг руу ээлжээр долоо хоног бүр тарваганы маханд автобусаар явж, Хилийн цэргийн командлагч, генералаар өрөөнд нь шил юм задлуулж... гээд олон сайхан үйл явдал нүдний өмнүүр жирэлзэж, зүрхний цохилттой зэрэгцэн урсах аж.
Илэн далангүй, ил шуудхан, хээгүй гүндүүгүй хүн сэн. Хүний төлөө чин сэтгэлтэй эр сэн. Бусдад хэрэгтэй гэж бодвол юугаа ч өгөхөд бэлэн сэтгэл түүнийх. Өөрийн хийгээд бусдын амьдралд тохиосон хөгтэй, хөгжилтэй үйл явдлыг чухам л нүдэнд харагдаж, гарт тэмтрэгдтэл ярина. Хаа явсан газартаа хөөр баяр, гэгээ гэрэл түгээнэ. Сэтгүүл зүй, хилчин гэсэн хос хөлөгтэй, түүнийгээ сэлгэн унаж, их холыг туулсаан. Үгийн уурхайгаас шүр сувдыг нь түүх, дархан хилийн торгон зурвасыг хайрлан манах насан мөнхийн үйл хэрэгтээ дэндүү гэмээр шунан дурлаж амьдарсаан, анд минь.
“Ухаа толгод нь шаргал өмнийн их говийн Орвог гашууны бор толгойгоос ус нь цэнхэр дөрвөн далайн тасархай Хөвсгөлийн хойд хязгаар Монгол шарын даваа, уул нь зүрхэн хэлбэртэй Алтай таван богдын Хүйтэний оргилоос зээр нь давлагаалах зэрэглээт талын шувтрах үзүүр Соёлз уулын Модтой хамар хүртэлх 8252 км 658 метр хил бүхий 1.5 сая хавтгай дөрвөлжин километр нутгийн эмжээр хэсгээс эгц дээших агаарын уудам, эгц дооших газрын гүн бүхий энэ орон зайг Монгол Улс хэмээнэ” гэж нүдээ аниад, нэгэн амьсгаагаар дуржигнуулан хэлэх үг нь чухам л чин зүрхнээс нь урсан гарч байгаа нь мэдрэгддэг сэн.
Сайн сэдэв олоод хүүхэд шиг баярлаж, түүнийхээ араас бүхнийг умартан зүтгэж, санаандаа хүртэл бичиж чадсан бол өөртөө амсхийх чөлөө өгч, хөл нь хөнгөн, нүд нь очтой, бадарч асаж явдагсан даа. Дамдины Баасанжаргалын дархан хилийн торгон зурвас, утга соёлыг урлан бүтээхүйд үлдээсэн тод мөр баларшгүй мөнх бөлгөө. Өнөөдөр тэр минь өөр нутаг руу, бурхны орон руу одож байна. Бумбын орны хилийг манаж, бурхдын ертөнцийг сурвалжлах томилолттой яваа. Эргээд бидэндээ ирэх цаг энүүхэнд, ойрхон байг ээ.