Завхан аймгийн шүүх дам нуруу нь өгөршиж, үжрэн, таазнаас нь өт, хорхой унасан хуучны барилгад шүүн таслах ажиллагаа явуулсаар удаж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас эл барилгыг “Хэзээ мөдгүй нурж унах аюултай” хэмээх дүгнэлтийг хэдэнтээ гаргасан ч уг асуудлыг хэрэгсэж, тоож тордох албан тушаалтан алга. Хэдэн жил болж байж, цөөн хэдэн төгрөг төсвөөс гаргуулан засвар үйлчилгээ хийсэн нэртэй домноод өнгөрч байна. Завхан аймгийн шүүхийн байрыг 1954 онд яслийн зориулалтаар барьж, ашиглалтад оруулсан аж. Улмаар 1991 онд яслийг нүүлгэж, 1995 он хүртэл огт ашиглаагүй гэнэ. Ингээд Завханы Засаг даргын 1995 оны наймдугаар сарын 22-ны 148 тоот захирамжаар дээрх нурах дөхсөн барилгыг шүүхийн харьяанд шилжүүлжээ. Уг барилга өвөлдөө маш хүйтэн, зундаа эвгүй үнэртэй болдгийг нутгийн иргэд ярьж байна лээ. Барилгын суурь хагарч, цутгамал хана цуурч, тоосго нь үжирч, шавар нь хөндийрч, модон дээвэр нь хотойж, өгөрч хэврэгшсэн нь олны нүднээ илт болсон гэсэн үг. Мөн байр нь бохир усны нэгдсэн шугамд холбогдоогүйн улмаас хэрэглээний ус нь хөрсөнд нэвчиж, экологид сөргөөр нөлөөлж буй.
Улмаар шүүх хурал олон цагаар үргэлжлэх үед шүүгч, шүүхийн ажилтнууд, прокурор, өмгөөлөгч, гэрч, шинжээч, шүүгдэгч, оролцогчдын дотор муухайрч, нүд хорсох нь энүүхэнд гэнэ. Түүгээр ч барахгүй мөөгөнцөртэй хана, үжирч, өгөршсөн таазнаас нь таазнаас нь өт хорхой унах нь энгийн үзэгдэл болсныг иргэд “Unuudur.mn” сайтад мэдээлсэн юм.
Завхан аймгийн шүүхийнхэн дотоод нөөц бололцоондоо тулгуурлан байраа засаж сэлбэдэг аж. Гэвч өнгөлж тордоод ч засал авахаасаа нэгэнт өнгөрч, өдгөө ганц хадаасны ая даахгүй, нурж унахад ойрхон болжээ. Мэргэжлийн хяналтын газраас хоёр ч удаа шүүхэд ажиллаж, уг барилгад үйл ажиллагаа явуулах боломжгүй хэмээн дүгнэсэн байдаг. Тус аймгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч З.Эрдэнэцэцэг, Ж.Цэдэн-Иш нар 2012 оны нэгдүгээр сарын 31-нд шүүхийн байранд хяналт шалгалт хийж, “Барилгын баруун, зүүн болон дотор даацын хана хагарсан, нэг хоёрдугаар давхрын хана нийтдээ цуурсан, өрөөнүүдийн дам нуруу хотойсон, өвөлдөө хүйтэн” гэх дүгнэлт гаргаж байжээ.
2016 онд нөхцөл байдал улам дордсон байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн цуурч хагарсан хана, өгөршсөн дээврийг ахин дахин засаж, сэлбэх боломжгүй болтлоо муудаж, хаалга хаагдахаараа онгойхгүй, нээгдэхээрээ хаагдахгүй болж, инженерийн шугам нь гэмтэж зэвэрчээ. Тиймээс Мэргэжлийн хяналтын газраас дүгнэлт гаргаж, “Барилга байгууламжийн материал хийц, бүтээц, эдлэхүүн нь барилгын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн буй орчинд аюул учруулахгүй, бат бөх тогтвортой байх” гэсэн Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн зарим заалт, жишиг журмуудыг зөрчиж буйг дахин баталгаажуулсан аж.
Энд нэг зүйлийг зориуд онцлоход Завхан аймгийн шүүхийн Тамгын газар болон Шүүхийн ерөнхий зөвлөлөөс дээрх барилгын нөхцөл байдлыг холбогдох газруудад өмнө нь танилцуулсан юм билээ. Мөн Завханы шүүхийн байрыг нурааж, суурин дээр нь барилга барих зураг төсөл гаргуулж, шаардлагатай төсөв мөнгөний мэдээллийг албан тушаалтнуудад уламжилсан ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй аж.
Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан нар 2020 оны УИХ-ын сонгуульд Завхан аймгаас нэр дэвшиж, ялалт байгуулсан. Сонгогдсон тойрогтоо анхаарч, бодитой ажил хийх нь тэдний хуулиар хүлээсэн үүрэг. Эл утгаараа Завхан аймгийн шүүхийнхэн нурах дөхсөн байранд үйл ажиллагаа явуулж, иргэд түүгээр үйлчлүүлж байгаа нь УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан нарын анхаарлын төвөөс ангид байх учиргүй. Угаас сонгогдсон тойргийнх нь шүүх засаглал нурах дөхсөн байранд байрладгийг дээрх гишүүд “мэдээгүй”, “сонсоогүй” гэвэл ёстой өнөөх ёсонд хазгай гэгч нь болох биз. Төр засаг шүүхээ ийн үл хайхарч байгаа нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 5.6-д заасан “Шүүх бие даасан төсөвтэй байх бөгөөд шүүхээс үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах нөхцөлийг төр хангана. Шүүхийн төсвийн урсгал зардлын хэмжээг төсвийн хэмнэлтээс бусад тохиолдолд өмнөх жилийнхээс бууруулахыг хориглоно” хэмээх заалт хийгээд Шүүх хуралдааныг тасралтгүй явуулах зарчмыг зөрчиж буй хэрэг. Тиймээс иргэд Завханчуудыг төлөөлж, төрд гарсан дээрх нэр бүхий гишүүдээс “Шүүхээр аюулгүй үйлчлүүлэх, эрхээ хамгаалуулах нөхцөлийг минь бүрдүүлж өгөөч” хэмээн хүссэнийг үүгээр уламжилъя.
Завхан аймаг дахь хуулийн бусад байгууллага ямар байр, байшинд үйл ажиллагаа явуулдгийг шүүхийн барилгатай жишиж, харьцуулж үзлээ.
Аймгийн Прокурорын газрын барилгыг 2020 оны арванхоёрдугаар сард, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын байрыг 2016 оны арванхоёрдугаар сард, Онцгой байдлынхыг 2017 оны аравдугаар сард, Мэргэжлийн хяналтын газрын барилгыг 2020 оны арваннэгдүгээр сард шинээр барьж, ашиглалтад оруулжээ. Шүүхээс бусад нь бүгд шинэ сайхан байртай болсон гэсэн үг. Төр бусдад нь шинэ сайхан байр барьж өгчихөөд шүүхийг гадуурхаад байна уу гэх хардахаар санж.
Хана нь цуурч салхи сийгсэн, дээвэр нь хотойж чийг даасан, тааз нь өгөршиж, өт, хорхой шавсан, инженерийн шугам нь зэвэрсэн эл барилгын дээврийг 2007 онд засжээ. Улмаар 2011 онд цахилгааны монтажийг шинэчилж, 2017 онд сантехникийн асуудлыг нь улсын төсвийн хөрөнгөөр шийдсэнээс өөрөөр анхаарсан зүйлгүй 21 жилийг үдсэн гэнэ. Дээр дурдсанчлан шүүхийн эл барилгыг 1954 онд ашиглалтад оруулж, хэдийнэ 68 жил болсон. Шүүхийн байранд зөвхөн шүүгч, шүүхийн нарийн бичиг, туслахууд ажилладаггүй. Зөрчигдсөн эрхээ хамгаалуулах гэсэн хэдэн зуун иргэн шүүхийн байраар орж гардаг. Товчхондоо, Завхан аймагт шүүн таслах ажиллагаа тасалдахад хүрснээс гадна түүгээр үйлчлүүлж буй мянга мянган иргэний эрх давхар зөрчигдөж буйг эрх баригчид анхааралдаа аваасай хэмээн хүсэж, иргэний ирүүлсэн мэдээллийг мөрөөр үүнийг бичлээ.