Төр, хувийн хэвшлийн түншлэл гэхээр л монголчууд концессын гэрээ байгуулах гэж ойлгодог. Концессын гэрээ байгуулах нь үүний нэг л хэлбэр юм. Олон улсын хэмжээнд төр, хувийн хэвшлийн түншлэл хэмээх нэр томьёог төрийн болон хувийн секторын аж ахуйн нэгжүүдийн хооронд байгуулдаг олон төрлийн гэрээний талаар ярихдаа ашигладаг. Түншлэлийн төрөл, хэлбэр өргөжин хөгжихийн хэрээр улс орнууд үүний талаар өөр өөр тодорхойлолт бий болгон ашиглаж иржээ. Гэсэн ч “Төр, хувийн хэвшлийн түншлэл гэж төрийн хийх шаардлагатай, олон нийтэд ашиг тустай, тухайн улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах ажил, үйлчилгээг төрийн ба хувийн аж ахуйн нэгж хамтарч хийхээр хоорондоо байгуулсан удаан хугацааны гэрээг хэлнэ” гэсэн нийтлэг ойлголтод тэдгээр тодорхойлолт төвлөрдөг аж.
УИХ-аас 2009 онд “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг” баталсан. Улмаар уг бодлогын баримт бичигтэй уялдуулан 2010 онд Концессын тухай хууль баталсан юм. Уг хуулийг баталснаар Засгийн газар хувийн хэвшлийнхэнтэй “Барих-шилжүүлэх”, “Барих-ашиглах-шилжүүлэх” төрлийн концессын гэрээ олныг байгуулсан. Концесс нь 12 хэлбэртэй байдаг аж. Үүнээс “Барих-шилжүүлэх” төрөл нь төр, хувийн хэвшлийн урт хугацааны түншлэл гэхээсээ Засгийн газрын захиалгат ажил, үйлчилгээг гүйцэтгэж буй мэт учраас олон улсын жишигт нийцдэггүй гэж шинжээчид дүгнэдэг. Засгийн газар төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлж буй нэрийн дор “Барих-шилжүүлэх” төрлийн концессын гэрээ олныг байгуулсан билээ.
Концессын тухай хууль баталснаас хойш төрийн өмчийн концессын “Барих-шилжүүлэх” болон “Барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр нийт 25.5 их наяд төгрөгийн өртөг бүхий 60 төслийн гэрээ байгуулжээ. Тэдгээрийн 60 хувь нь буюу 40 төсөл нь концессын “Барих-шилжүүлэх” төрлийн гэрээ байсан гэнэ. Засгийн газрын хэрэгжүүлсэн концессын “Барих-шилжүүлэх” төрлийн гэрээ үндсэндээ богино хугацаанд барилга угсралтын ажлаа гүйцэтгэн хүлээлгэн өгөх гэрээ байгуулсан, уламжлалт төсвийн хөрөнгө оруулалтаас ялгаагүй боловч ижил төрлийн төслүүдээс 20-30 хувийн өндөр өртөгтэй учраас эргэн төлөлт нь улсын төсөвт ихээхэн ачаалал үүсгэж байна гэсэн дүгнэлтийг Үндэсний аудитын газраас гаргасан байдаг. Тиймээс төсөвт бий болсон ачааллыг багасгах үүднээс 2016-2017 онд УИХ, Засгийн газраас “Барих-шилжүүлэх” нөхцөлтэй концессын гэрээнүүдийг дахин авч үзэх, ийм төрлийн гэрээ байгуулахыг хориглох шийдвэр гаргасан юм. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тухайн жилийн төсвийн тухай хуульд концессын “Барих-шилжүүлэх” төрлөөр гэрээ байгуулж, хэрэгжүүлж дууссан төслүүдийн эргэн төлөлтөд 2016-2021 онд нийт нэг их наяд гаруй төгрөг зарцуулсан байна. Түүнчлэн энэ онд концессын “Барих-шилжүүлэх” төрлийн гэрээний эргэн төлөлтөд 303.3 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Тэгвэл ирэх жилүүдэд 659.2 тэрбум төгрөгийг эргэн төлөх шаардлагатай гэнэ.
Иймээс Үндэсний аудитын газраас 2014 болон 2018 онд Концессын тухай хуулийн хэрэгжилтэд аудит хийж, “Төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх үйл ажиллагааг дэмжсэн хууль, эрх зүйн орчин бий болгох ажил бүрэн хийгээгүй”, “Концессын хуулийн хэрэгжилт хангалтгүй байна” гэж дүгнэсэн. Мөн Хууль тогтоомжийн тухай хуулийн наймдугаар зүйлд заасны дагуу Концессын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийжээ. Үнэлгээний дүгнэлтэд “Хуулийн зохицуулалт нь хоорондоо уялдаа холбоогүй, бодит байдалд нийцэхгүй, төсвөөс концессын санхүүжилт хийхтэй холбоотой урьдчилсан шаардлага, шалгуур, тодорхой зохицуулалт байхгүй, Засгийн газраас дэмжлэг үзүүлэх боломжтой арга хэмжээнүүд болон төсвөөс төлөх төлбөр, баталгааны зохицуулалтыг нарийвчлан авч үзээгүй, хуулийн хэрэгжилт хангалтгүй, төр, хувийн хэвшлийн түншлэлтэй холбогдсон харилцааг тодорхой зохицуулаагүй, төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаарх бодлого, зорилтыг бүрэн хангаж чадаагүй” хэмээн дурджээ.
Концессын тухай хуулиар төр, хувийн хэвшлийн түншлэл гэсэн өргөн агуулгатай харилцааг зохицуулж чадахгүй нь тодорхой байсан. Тиймээс Засгийн газраас Концессын тухай хуулийн үзэл баримтлалыг бүхэлд нь өөрчлөн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд буй. Тус хуулийн төслийг УИХ удахгүй хэлэлцэх товтой байгааг Сангийн яамны мэргэжилтэн дуулгасан юм. Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжүүлэхээ зарласан. Уг бодлогыг хэрэгжүүлэхийн тулд эхний ээлжид 57, бүрэн хэрэгжүүлэхийн тулд 100-120 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Нийт санхүүжилтийг улсын төсвөөс гаргах боломжгүй. Тиймээс “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийнхнийг татан оролцуулах нь дамжиггүй. Сангийн сайд Б.Жавхлан “Төр, хувийн хэвшлийн тухай хууль баталж, Тендерийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан хувийн хэвшлийнхэндээ өргөн боломж олгоно. Та бүхэн төрдөө итгээрэй” гэж хэлсэн. Тэгэхээр Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль цаг үеийн шаардлагаар “амилах” гэж байна хэмээн ойлгож болно.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг есөн бүлэг, 60 зүйлтэйгээр боловсруулжээ. Энэ нь нэлээд олон чиглэлийн зохицуулалттай, өргөн хүрээ хамарсан эрх зүйн баримт бичиг гэсэн үг юм. Хуулийн төсөлд олон нийтийн хүсэлд нийцсэн, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр зориглосон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийг хэрхэн дэмжих, хамгаалах талаар голчлон тусгасан аж. Хувийн хэвшлийнхэн санхүүжилт гарган, эрсдэлээ үүрээд бизнесийн төсөл хэрэгжүүлдэг. Тэдэнд бизнесийн ашигтай төсөл боловсруулах ур чадвар, бүтээн байгуулалтаа зардал багатай хийх арга барил, хөрөнгө оруулалт татах, түүнийхээ эрсдэлийг даах чадал бий. Мөн бизнесийн үйл ажиллагааг амжилттай өрнүүлэх менежмент байдаг. Тэгвэл хувийн хэвшлийнхний энэхүү давуу талыг олон нийтийн хүсэл сонирхол, улс орны хөгжлийн төлөө “ажиллуулахад” төрөөс хэрхэн дэмжиж, хамгаалж чадах вэ.
Төрд хувийн хэвшлийг дэмжих олон суваг бий. Татварын хөнгөлөлт эдлүүлэх, зээлийн баталгаа гаргах, хөгжлийн зээл олгох гэх зэргээр санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх боломжтой. Газар олгох, авто зам тавих, цахилгаан дамжуулах шугам татах зэргээр дэд бүтцийн дэмжлэг үзүүлж болно. Урт хугацаанд эзэмших төрөл бүрийн зөвшөөрлийг саадгүйгээр олгох, хуулиа тогтвортой байлгах зэргээр эрх зүйн дэмжлэг үзүүлэх боломжтой. Үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тоог хязгаарлах замаар зах зээлийг хамгаалж болно. Энэ бүгдийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуульд илүү нарийн тусгах хэрэгтэй. Хэлэлцүүлгийн явцад хуулийн төслийг УИХ-ын гишүүд улам чамбайруулна гэж найдаж байна. Хамгийн гол нь төр, хувийн хэвшил гэсэн хоёр тал ашиг сонирхлоо нэгтгэсэн урт хугацааны гэрээ байгуулах нь чухал. Үүнийг хууль тогтоогчид анхааралдаа авах нь зүйтэй. Төр, хувийн хэвшлийн түншлэл гэдэг ойлголт концессоос хэтэрхий өргөн агуулгатай байгаа биз.