Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад хамаардаг хөрөнгийн зах зээл, даатгалын зах зээл, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоодын ДНБ-д эзлэх хувь хэмжээ энэ оны нэгдүгээр улиралд 21.1-т хүрсэн тухай өнгөрсөн баасан гарагт мэдээлэв. Үүнээс хөрөнгийн зах зээлийн үнэлгээг ДНБ-д харьцуулсан дүн 12.5, даатгалын зах зээлийнх нэг, банк бус санхүүгийн байгууллагынх 6.9, хадгаламж зээлийн хоршооных 0.7 хувьд хүрсэн аж. Тус хороо зохицуулалт, хяналтын чиг үүргийнхээ хүрээнд дээрх хугацаанд 3564 зохицуулалттай этгээд, 2422 даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаанд хяналт тавьжээ. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үеийнхээс 45.6 хувиар өсөн 5.37 их наяд төгрөг, хувьцааны хөрвөх чадвар 1.8 хувь болсон гэв. Нийт 119.8 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжсан нь 2021 оны мөн үеийнхээс 1.7 дахин нэмэгдсэн үзүүлэлт гэнэ. Үүний 79.6 хувь нь хувьцаа, 15 нь компанийн бонд, 4.4 нь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, нэг хувь нь хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхэд ногджээ.
Биржийн бус зах зээлд 32 үнэт цаас гаргагчийн 366.8 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн байна. Тэгвэл хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн арилжаа өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.5 хувь буюу 5.2 тэрбумаар дээшилж, нийт дөрвөн төрлийн 74.5 тэрбум төгрөгийн бараа, бүтээгдэхүүн борлуулсны 77.6 хувийг ямааны ноолуур эзэлжээ.
Ц.Болор