МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Гадаадын иргэн, харьяатын газар / Immigration Agency Of Mongolia - ын дарга Н.Ууганбаяртай уулзлаа. Уулзалтад Гадаадын иргэн, иргэн харьяатын газрын дэд дарга Д.Мөнхбаатар, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ч.Алтансүх, МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, Бодлого, стратегийн газрын мэргэжилтэн Э.Бадамхорол нар оролцов. Уулзалтаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар тэр дундаа цахим болон хил орчмын аялал жуулчлалын виз, хил орчмын аялал жуулчлалын маршрут, гадаадаас ажиллах хүч авах, гадаадын хөрөнгө оруулагчдын оршин суух зөвшөөрөл зэрэгтэй холбоотой асуудлаар харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллах талаар ярилцсан юм.
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Монгол Улсыг зорих гадаадын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор цахим визийн evisa.mn системийг нэвтрүүлэн ажиллаж байна гээд өнгөрсөн 7 хоногийн хугацаанд 70 гаруй иргэн цахим виз авсныг тодотголоо. Мөн оршин суух зөвшөөрөл олгох болон зөвшөөрөл сунгах хүсэлтийг цахимаар авч, шийдвэрлэн хөрөнгө оруулагчдад хүндрэл, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэхэд анхаарч ажиллаж байгаа гэв. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин цаашид шаардлагатай бүх талаар хамтран ажиллахаа илэрхийлээд хөрөнгө оруулалт, гадаадаас ажиллах хүч авах, хил орчмын аялал жуулчлалын маршрутыг тогтоох зэрэг асуудлаар талуудыг оролцуулсан хэлэлцүүлэг өрнүүлж, нэгдсэн санал боловсруулахаар харилцан ярилцлаа.