“ЭТТ бонд”-ын дөрөвдүгээр транчийн анхдагч зах зээлийн захиалга авах хугацааг сунгасан тухай Монголын хөрөнгийн биржээс өнгөрсөн баасан гарагт мэдээлэв. Бондын төлбөр тооцоонд гарсан саатлын улмаас үнэт цаас гаргагч, андеррайтераас ирүүлсэн хүсэлт болон Санхүүгийн зохицуулах хорооны даргын бичгээр өгсөн зөвшөөрлийг үндэслэн захиалга хүлээн авах хугацааг ажлын нэг хоногоор буюу өнөөдрийг дуустал сунгасан гэв. Эргэн сануулахад, уг бондын захиалгыг үнэт цаасны бүх компаниар дамжуулан өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-29-ний 10.00-17.00 цагт хүлээн авахаар төлөвлөж байсан юм. Тэгвэл үнэт цаас гаргагчаас ирүүлсэн хүсэлт, Санхүүгийн зохицуулах хорооны даргын зөвшөөрлийг үндэслэн захиалга хүлээн авах хугацааг өнгөрсөн баасан гаргийн 17.00 цаг хүртэл сунгаад байсан билээ. “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” компани стратегийн ач холбогдол бүхий төмөр зам, нүүрс баяжуулах үйлдвэр, дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалт зэрэг томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр өөрийн орлогоор баталгаажсан хоёр их наяд төгрөг хүртэлх үнийн дүнтэй төгрөг, ам.долларын “ЭТТ бонд” гаргаж байгаа юм. Нэг бүр нь 100 000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 900 000 хүртэлх ширхэг, нийт 90 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүнтэй, Монголбанкны бодлогын хүү +4 хувийн хүү, гурван жилийн хугацаатай, зургаан сар тутам хүү төлөх нөхцөлтэй “ЭТТ бонд”-ын үндсэн андеррайтераар “Би Ди Сек ҮЦК”, туслах андеррайтераар “Эм Ай Си Си ҮЦК” ажиллаж буй. Монголын хөрөнгийн биржийн цахим хуудсан дахь мэдээллээс харвал дээрх бондыг авахаар 34 захиалга ирүүлсэн бөгөөд дүн нь 613.3 сая төгрөг байв. Цахим орчинд зарим эх сурвалж дээрх бондын анхдагч зах зээлийн арилжаа бүтэлгүйтлээ хэмээн тэмдэглэсэн байлаа.