Олон улсын валютын сангийн ажлын хэсгийнхэн өнгөрсөн өдрүүдэд манай оронд ажиллаад буцлаа. Ажлын хэсгийн ахлагч Ангана Банержи өчигдөр хэвлэлийн хурал хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав. Тэрбээр “Төсвийн орлогын дийлэнхийг татварын орлого бүрдүүлдэг. Хүн амын орлогын албан татвар бүгдэд ижил тэгш 10 хувь байгаа нь буруу бодлого. Тэгэхээр орлогынх нь дүнгээс хамаарч шатлалтай татвар тогтоох хэрэгтэй. Дэлхийн дунджаар өндөр орлоготой иргэн 27 хувийн татвар төлдөг” гэв. ОУВС-гийнхан хүүхдийн мөнгийг бүгдэд хавтгайруулан олгож буйд шүүмжлэлтэй хандаж байлаа. Ангана Банержи “Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэг рүү чиглүүлэх хэрэгтэй. Мөнгө авах шаардлагагүй хүмүүст өгчихөөр инфляц, валютын ханшийг өсгөх шалтгаан болж байна” гэсэн юм. Үүнээс гадна Монголбанканд банкуудын IPO-г хойшлуулахыг зөвлөснөө дурдаад, “Банкуудын активын чанарыг сайтар үнэлэх хэрэгтэй. Хөрөнгийн зах зээлд сайн активтай банкны хувьцааг арилжих зөв” хэмээн шалтгаанаа тайлбарлав.