Малчид, орон нутгийн иргэд хоршоолж ажиллан, ашиг орлогоо өсгөж буй жишээ цөөнгүй байна. Тухайлбал, сарлагийн хөөврөөр хувцас хийдэг “Baby yak” брэндийн түүхий эдийг цуглуулах, боловсруулахад хоршооны зарчмаар кластер хэлбэрээр ажилладаг аж. Сүхбаатар, Хэнтий зэрэг аймагт ноолуур, ноос бэлтгэх зорилгоор хоршоо байгуулан, бүтээгдэхүүнээ Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан борлуулж буй хоршоод бий. Хоршооны гишүүн өрхүүд малын ноос, ноолуурыг зориулалтын тоног төхөөрөмжөөр хярган, самнаж, хамтарч ажилласнаар бага хугацаанд, их ажил гүйцэтгэж буй гэнэ. Түүнчлэн малын эмнэл зүй, мал эмнэлгийн үйлчилгээг хоршоолох байдлаар үзүүлдэг байгууллага цөөнгүй аж. Тодруулбал, малчид мал эмнэлгийн хоршооны гишүүн болж, татвар төлөн, үйлчилгээнд нь хамрагддаг жишиг тогтжээ. Ийм хоршооны гишүүн өрхүүд дуудлагын болон товлолт үзлэгт малаа хамруулж, дараалалгүй үйлчлүүлж, малын эмчтэй тогтмол харилцаатай байдаг гэнэ. Гэхдээ үүнээс илүү өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй хоршоо бараг алга. Уг нь улсын хэмжээнд одоогоор 4470 орчим хоршоо бий ч (төрөл бүрийн чиглэлийн)хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр олонд танигдан, жишиг болсон нь байхгүй гэсэн үг. Хүн хүчгүй, удирдлага зохион байгуулалтгүйгээс хоршиж ажиллаж чадахгүй гэж зарим малчин хэлж байна. Зээл авч, хоршоо байгуулаад ч ашиг олохгүй байх магадлал өндөр хэмээн үзэж буйгаа ч дурдсан юм.
Өөрөөр хэлбэл, хоршоо хөгжтөл хол байна. Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Төгрөгийн эх багийн нэгэн малчин “Хоршоонд ноосоо тушаавал урамшуулал авдаг юм. Гэтэл манай сум дахь нэг хоршоо малчидтайгаа ноосны урамшууллын тооцоогоо дуусгаагүй, төрөөс мөнгө нь орж ирээгүй гээд жил тойрдог. Өнгөрсөн зун тушаасан ноосны мөнгөө аваагүй айл ч цөөнгүй бий. Улсаас олгож буй ноосны мөнгийг өгөхгүй байж бусдын хөрөнгийг нийлүүлж, хоршоо байгуулан, зөв захиран зарцуулах нь юу л бол” гэв.
Тэгвэл Баянхонгор аймгийн Жинст сумын зарим малчин “Ахан дүүсийн амжилт” хоршоог 2016 онд байгуулжээ. Газар тариалангийн бүтээгдэхүүн, цагаан идээ бэлтгэн, борлуулж ашиг олно хэмээн хөрөнгөө нийлүүлж, ажлаа эхлүүлж байж. Гэтэл таван жил өнгөрсөн ч амжилт олохгүй байсаар өдгөө хоршоонд нь ажиллах хүнгүй болжээ. Энэ талаар дээрх хоршоог үүсгэн байгуулагч нэгэн “Түүхий эд, хөрөнгө, санаа сэдэл нь байсан ч хөдөөд хоршоо байгуулж ажиллах хэцүү юм билээ. Хамгийн гол нь ажиллах хүч алга. Малчид түүхий эдээ хангалттай нийлүүлж болох ч хэн түүнийг боловсруулж, бүтээгдэхүүн болгоод, зах зээлд гаргах вэ. Хоршоо байгуулсан эхний нэг жилд хөдөлмөр хөнгөвчилж буй мэт байсан ч удалгүй явцгүй болж ирсэн. Тэгээд ч цар тахал дэгдэн сүүлийн хоёр жил юу ч хийх боломж гарсангүй. Өдгөө үйл ажиллагаа нь зогссон хоршоодыг сумаас зээл авах уу хэмээн асууж байна. Зээл авч, тоног төхөөрөмжөө сайжруулаад ч нэмэр гарах уу, мэдэхгүй” гэв.
Ховд аймгийн Дуут сумд мөн л хоршоо байгуулж, сарлагийн сүүгээр цагаан идээ хийн борлуулбал ашигтай хэмээн хэдэн хүн санаачилга гаргажээ. Сум хөгжүүлэх сан буюу одоогийн Хоршоог хөгжүүлэх сангаас таван сая төгрөгийн зээл авч болно гэсэн ч малчид барьцаа хөрөнгөгүйгээс амжилт олоогүй аж. Энэ талаар тус сумын иргэн Р.Оюунгэрэл “Сарлагийн сүү, цагаан идээ бэлтгэн нийлүүлбэл худалдан авагч олон. Мөн сүү боловсруулах цех ашиглалтад оруулъя хэмээн хэсэг хүн санаа нийлсэн юм. Гэтэл бүгд ажилтай, зарим нь хөдөө малчин, бас үл хөдлөх хөрөнгө байхгүй. Тиймээс юу барьцаалж хаанаас зээл авах, хэрхэн ажиллах тухайд шийдэлд хүрч чадаагүй. Сарлагийн цагаан идээ, ялангуяа шар тос борлуулбал ашигтай гэсэн санаа л үлдсэн. Хэрэв үйлдвэрийнх нь тоног төхөөрөмжийг суурилуулаад, удирдан зохион байгуулаад өгвөл сумын төвд ажиллах хүн олдоно. Өөрсдөө асуудлаа шийдэх гэхээр хүн хүчгүйдэж байна” гэв.
Монгол Улс мал аж ахуйн орон. Жил бүр 10 000 орчим тонн ноолуур бэлтгэдэг бол хүнсэнд хэрэглэх, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор 25 сая орчим мал төхөөрдөг. Энэ хавар ноолуур кг нь дунджаар 100 000 төгрөгөөр үнэлэгдэж буй бөгөөд уг бүтээгдэхүүнээс нэг их наядын орлого олох нь. Мөн жилийн жилд хэдэн сая ширхэг арьс, шир, нэхийгээс ч багагүй ашиг олж болно. Ийм түүхий эдийн боловсруулалтын түвшнийг сайжруулах, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, малчид, үйлдвэрлэгчдийн ашгийг нэмэгдүүлэх нь төрийн нэг зорилго. Тиймээс ч нэг жил орчмын өмнө Хоршооны тухай хуулийг шинэчлэн баталсан. Хоршоолох хөдөлгөөн үүсэн, анхны хоршоод байгуулагдсанаас хойш 100 жилийн дараа орчин үеийн малчид, түүхий эд бэлтгэн нийлүүлэгч, үйлдвэрлэгч зэрэг олон талын хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн дээрх хуулийг баталснаа УИХ-аас мэдээлж байв. Уг хуульд хоршооны гишүүний эрх, үүрэг, бүртгэл, элсэлт, оруулах хувь хөрөнгө, өв залгамжлал болон гишүүний бүрэн эрх дуусгавар болохтой холбоотой бүхий л заалтыг тусгасан аж. Мөн хоршоо нь анх удаа хуулийн этгээдийн хувьд хариуцлага хүлээх болж, гишүүдийнхээ нийгэм, эдийн засгийн байдлыг дээшлүүлж, амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулахаар тусгасан юм. Ялангуяа хөдөө аж ахуйн чиглэлээрх томоохон нэг хоршоог сум бүрт байгуулбал үр дүнтэй хэмээн тооцож буйгаа салбарын мэргэжилтнүүд дурддаг. Сум бүрт нэг хоршоог үр дүнтэй ажиллуулснаар бүх төрлийн түүхий эдийг анхан болон удаах шатны боловсруулалтад оруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэх боломж бүрдэх аж.
Мах бэлтгэлийг оновчтой болгох буюу дундын зуучлагч, ченжүүдийн оролцоотой мах бэлтгэн, борлуулж, үнийг нь хөөрөгддөг байдлыг халж, гарал үүсэл нь тодорхой, баталгаат хүнсийг зах зээлд нийлүүлэх боломжтой хэмээн тооцож буй. Тиймээс ч хоршооны гишүүдийг олшруулж, чадавхжуулах зорилгоор Сум хөгжүүлэх санг Хоршоо гацаа өнгөрөв. Энэ хугацаанд орон нутагт хэдэн хоршоо нэмж байгуулсан, ямар үр дүнд хүрсэн талаа хөрөнгө хуримтлуулсан талаарх судалгааг хийж байна. Сумдад үйл ажиллагаа явуулж буй бүх төрлийн хоршоогоор дамжуулан ажлын байр бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэн амьжиргааг нь сайжруулж, орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор Хоршоог хөгжүүлэх сангаас зээл олгох боломжтой. Ямар чиглэлээр, хэдэн төгрөгийг, хэр хугацаагаар олгохыг орон нутгийн төсвийн нөхцөл, үйл ажиллагааных нь чиглэл бусад шаардлагыг харгалзан шийдвэрлэнэ. Цөөнгүй аймагт ноос, ноолуур бэлтгэх зорилгоор малчид, сумын иргэд хоршин ажиллаж буй. Тэд бэлтгэсэн ноолуураа анхан шатны тордлогоо хийн Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан арилжиж байгаа. Хоршооны тоо олон ч мах, сүү, ноос, ноолуур бэлтгэл, боловсруулалтын салбарт жишиг болохуйц, кластер хэлбэрээр хөгжиж буй нь тун цөөн. Тиймээс иргэд, малчдад Хоршооны тухай хуулийн талаар сурталчилж, хоршиж чадвал хөдөлмөрөө хөнгөвчилж, ашгаа өсгөх боломжтой талаар ойлгуулах ажил бий. Эл ажилд салбарын яам, ЖДҮГ, орон нутгийн засаг захиргааныхан бүгд оролцох юм. Үр дүнд хүртэл багагүй хугацаа зарцуулах болов уу” гэв.