Ашигт малтмал, газрын тосны газрынхан энэ сард багтаан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг зарлахаар зэхжээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон өнгөрсөн арванхоёрдугаар сард ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн, Засгийн газраар батлуулсан. Уг журмыг Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд хэвлүүлснээр хүчин төгөлдөр мөрдөх учиртай. Журмыг энэ сард дээрх баримт бичигт бүртгүүлэх гэнэ. Тэгэхээр шинэ журмыг хүчин төгөлдөр мөрдөж эхлэнгүүт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайгаа зарлахаар зэхсэн байх нь. Шинэ журмыг хүчин төгөлдөр болтол тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг түр зогсоосон билээ. Сонгон шалгаруулалтыг цахимаар буюу олон нийтэд нээлттэй, “шилэн” байдлаар зохион байгуулахаар журамласан нь сонирхол татаж байна.
Хайгуулын тусгай зөвшөөрлийг төрийн худалдан авах ажиллагааны цахим систем буюу tender.gov.mn хуудсаар дамжуулан явуулахаар төлөвлөжээ. Эл цахим хуудсанд нэвтэрвэл “Ашигт малтмал” гэсэн дэд цэс нээсэн байгаа. Уг цэс рүү орж ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын урилга, явц, үр дүнг харах боломж бүрдүүлж буй гэнэ. Мөн сонгон шалгаруулалттай холбоотой мэдээ мэдээллийг авч болох нөхцөл бүрдүүлэх юм байна. Өөрөөр хэлбэл, аль талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар ямар компани хүсэлт гаргасан, хэдэн төгрөгийн үнийн санал өгсөн, техникийн бичиг баримтынх нь бүрдэл хэр байгааг иргэд нээлттэй харах боломж бүрдүүлж байна гэсэн үг. Үүнээс гадна хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор зарласан талбайд лиценз авахаар хэдэн компани өрсөлдөж байгаа, сонгон шалгаруулалтын комиссынхон аль компанид ямар үнэлгээ өгсөн зэрэг мэдээллийг харж болох нь.
Шинэ журамд зарчмын шинжтэй хэд хэдэн өөрчлөлт оруулжээ. Өмнөх журамд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг Засгийн газраас баталсны дагуу хэсэгчлэн зарладаг байв. Тэгвэл одоо хайгуулын тусгай зөвшөөрөл олгож болох бүх талбайг нэгэн зэрэг зарлах гэнэ. Өмнө нь сонгон шалгаруулалт хийх талбайг хэсэгчлэн зарладаг байх үед зарим аж ахуйн нэгжийн сонирхсон газар багтахгүй байх тохиолдол гардаг байж. Тэгвэл хайгуулын салбарт хөрөнгө оруулагчид хэсэгчлэн зарласан биш, Монгол Улсын өргөн уудам газар нутагт нүдээ бэлчээх боломжтой болох нь. Өөрөөр хэлбэл, Монголын хайгуулын салбарт хөрөнгө оруулах аж ахуйн нэгжүүдэд өргөн сонголт санал болгож байна гэсэн үг.
Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл явц манай улсад 2008 оноос идэвхэжсэн түүхтэй. Тухайн үед хөрөнгө оруулагчид өргөдөл гарган, материалаа бүрдүүлж, 250 мянган төгрөг тушаагаад хайгуулын тусгай зөвшөөрөл авдаг байв. Энэ үеэс хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо огцом өссөн. Тухайн үед 6000 орчим тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Харин 2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хайгуулын лиценз олгох үйл ажиллагааг зогсоосон. Улмаар 2015 оноос цахим дугаар түрүүлж авсан аж ахуйн нэгжид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох журам мөрдсөн. Цахим дугаарыг түрүүлж авахын тулд системийг хакердах тохиолдол гарсан учраас энэ журмыг хэрэгжүүлэх боломжгүй болсон юм.
Харин 2018 оноос өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгож байгаа билээ. Энэ хугацаанд хайгуулын 262 тусгай зөвшөөрөл олгожээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан цөөн тусгай зөвшөөрөл олгосон явдлыг талбайг хэсэгчлэн зарлах журам мөрдсөнтэй холбон тайлбарладаг. Тэгвэл шинэ журмаар тухайн талбайг сонирхсон хөрөнгө оруулагч бүрийн өргөдлийг хүлээн авч, харьцуулалт хийх гэнэ. Өмнө нь түрүүлж цахим дугаар авсан, өргөдлөө өгсөн аж ахуйн нэгжид давуу эрх олгодог байсан. Тэгвэл шинэ журмаар бүх сонирхогчид ижил, эрх тэгш боломж олгох юм байна.
Хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн хөрөнгө оруулагчид тодорхой босго давсан үнийн санал өгөх журамтай. Өмнөх журмаар сонгон шалгаруулалтын онооны 55 хувийг үнийн санал, үлдсэн 45-ыг нь техникийнх эзэлдэг байв. Тэгвэл шинэ журамд сонгон шалгаруулалтын онооны 70 хувийг үнийн санал, үлдсэн 30-ийг техникийнх эзлэхээр тооцон тусгажээ. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох нэг талбайг авахаар өрсөлдөж буй хөрөнгө оруулагчдаас хамгийн өндөр үнийн санал өгсөн нь давуу боломжтой байх нь. Учир нь хамгийн өндөр үнийн санал өгсөн иргэн, аж ахуйн нэгж онооны 70 хувийг авчих учраас ялах магадлал өндөр болно. Хэдийгээр нэг талбайд хайгуул хийхээр өрсөлдөж буй бүх хөрөнгө оруулагчийг эрх тэгш хэмжээнд авч үзэх ч нөгөөтээгүүр мөнгө ихтэйд нь давуу боломж бүрдэх нь.
Геологи, хайгуулын салбарынхан өндөр үнийн санал өгсөн хөрөнгө оруулагчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг эсэргүүцэх хандлагатай байдаг. Тэд их хэмжээний мөнгөн хуримтлал үүсгэсэн, томоохон компаниудад ялагдаж, лиценз авч чадахгүй байх магадлалтай учраас ингэдэг юм. Тиймээс геологи, хайгуулын салбарын мэргэжлийн компаниудад лиценз авах боломжийг нээх хэрэгтэй гэж бодлого боловсруулагчдыг шахдаг билээ. Тэгвэл тэдний эсрэг хөрөнгө бэлтэй компаниуд хайгуулын лиценз авбал сайн, эрэл хайгуулд их хэмжээний мөнгө зарцуулж, орд нээх магадлал өндөр гэсэн тайлбар хэлдэг. Үүнээс гадна уул уурхайн салбарт ажилладаггүй хөрөнгө оруулагч ашигт малтмалын хайгуулын лиценз авч болно. Харин геологи хайгуул, өрөмдлөгийн мэргэжлийн компаниуд тэдний туслан гүйцэтгэгчээр ажиллаж, ашиг орлого олох нь зүйтэй гэж үзэх нь ч бий.
Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох журамд зарчмын шинжтэй дээрх өөрчлөлтүүдийг оруулжээ. АМГТГ-ын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Д.Батмагнай “Шинэ журмын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл явц нээлттэй, ил тод байна. Үүнээс гадна хөрөнгө оруулагчдыг ижил түвшинд авч үзэж, эрх тэгш боломж болно. Мөн өргөн сонголт санал болгоно. Тиймээс хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл явц өмнөхөөс илүү либерал болох юм” гэж ярив.
Салбарын сайд Г.Ёндон энэ онд багтааж хайгуулын тусгай зөвшөөрөл 500 орчмыг олгоно гэж мэдэгдсэн. Хэрэв зургадугаар сараас өмнө лиценз олгох талбайгаа зарлачихвал сайдын хэлсэн зорилтод хүрэх боломжтой аж. Манай улсад энэ оны гуравдугаар сарын эцэст ашигт малтмалын 2592 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Үүний 1692 нь ашиглалтынх, 900 нь хайгуулын тусгай зөвшөөрөл юм. Хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо жил ирэх тусам буурсан. Лицензийн тоо цөөрөхийн хэрээр хөрөнгө оруулалтын хэмжээ ч “уруудав”. Хөрөнгө оруулагчид хайгуулын салбарт 2021 онд 61.8 тэрбум төгрөг зарцуулжээ. Харин 2018 онд 153.3 тэрбум төгрөг зарцуулж байсан дүн бий. Уул уурхайн салбарын мэргэжилтнүүд өнгөрсөн 10 жилийг “Хайгуулын салбар гүн нойронд автсан үе” хэмээн ёжилж байгаа билээ. Шинэ журам хэрэгжүүлж эхэлснээр энэ салбар гүн нойрноос сэрнэ гэж уул уурхайн салбарын бодлого боловсруулагчид итгэж буй.
Т.ЭНХБАТ