Олон улсын валютын сангийн (ОУВС) ажлын хэсгийнхэн манай улсад ажиллахаар иржээ. Ирэх тавдугаар сарын 4 хүртэл ажиллах тэд Сангийн яам, Монголбанктай хамтарсан уулзалтаа өчигдөр хийсэн байна. Дээрх ажлын хэсгийнхэн Монгол Улсын эдийн засаг, төсөв болон санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийж, цаашдын хандлагыг тодорхойлох уулзалтууд хийх аж. Тухайлбал, Сангийн яам, Монголбанкнаас гадна УУХҮЯ, ХНХЯ, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпорац, Хөгжлийн банк, “Эрдэнэс Монгол” зэрэг төрийн болон төрийн өмчит байгууллагын төлөөлөлтэй уулзах нь. Мөн “Рио тинто”, ХААН банк зэрэг хувийн хэвшлийнхэнтэй уулзахаар төлөвлөжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр ОУВС-гийн мэргэжилтнүүд гишүүн орнууддаа жил бүр очиж үнэлгээ хийдэг юм байна. Өмнөх хоёр жил цар тахалтай холбоотойгоор уулзалтыг цахимаар хийсэн аж. Зарим эдийн засагчийн таамаглаж буйгаар манай улс ирэх аравдугаар сард дээрх сангийн хөтөлбөрт хамрагдах магадлалтай гэнэ. Эргэн сануулахад, ОУВС 2017 оны тавдугаар сарын 24-нд Монгол Улсыг гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамруулж, 434.4 орчим сая ам.долларын санхүүжилт олгохоор шийдвэрлэж байсан билээ.