Монгол Улсад сүүлийн арав гаруй жилд уул уурхайн салбар эрчимтэй хөгжлөө. Үүнтэй зэрэгцэн уул уурхайн томоохон компани удирдах, мега төсөл хэрэгжүүлэх үндэсний менежерүүд төрөн гарч, ур чадвар нь өсөн дэвжсээр байна. Тэдний зарим нь Монголдоо төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгджээ. Уул уурхайн салбарын олон менежер өдгөө амжилттай ажиллаж буй. Энэ удаа тэдний дундаас “Рио тинто”-гийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болд, “Монголиан майнинг корпорац”, “Энержи ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл, “Тийсс Монголиа”-гийн гүйцэтгэх захирал С.Энх-Амгалан нарыг онцолж байна. Тэд барууны стандартаар үйл ажиллагаа явуулдаг, орчин цагийн уул уурхайн компаниудын топ менежер юм. Лондон, Торонто, Хонконг гэсэн дэлхийд алдартай хөрөнгийн биржид хувьцаа гаргасан, олон нийтийн компанийг удирдсан ижил тал тэдэнд бий. Олон улсын хөрөнгийн биржид хувьцаа гаргасан компанийг мэдлэг туршлага, авьяас чадвартай менежер л удирддагийг бид мэднэ.
Тэдний араас “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн З.Ган-Очир, “Степ голд”-ын гүйцэтгэх захирал Т.Батаа, “Болд төмөр Ерөө гол”-ын гүйцэтгэх захирал П.Чулуунхүү, “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн”-ий бизнес хөгжил хариуцсан дэд ерөнхийлөгч А.Билгүүн нарын шинэ залуу үеийнхэн төрөн гарч ирлээ. Манай сонин хожим тэднийг онцлох болно.
ДЭЛХИЙ ҮНЭЛСЭН МОНГОЛ
Бид Монгол Улсын эдийн засагт онцгой хувь нэмэртэй “Оюутолгой” компанийн толгой удирдлага нь монгол хүн болсон сонирхолтой түүхийн гэрч болсон. Б.Болд Лондоны хөрөнгийн биржид бүртгэлтэй “Рио тинто”-гийн Зэсийн группийн гүйцэтгэх захирлаар өнгөрсөн жил томилогдсоноор “Оюутолгой” компанийн менежментийн багийг монгол хүн удирдах болов. Тэрбээр Монгол Улсын Засгийн газартай “Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх хэлэлцээ хийхээр сүүлийн үед эх орондоо ойр ойрхон ирж байна. Б.Болд зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд “Оюутолгой” төслийн талаар дэлгэрэнгүй ярилцлага өгсөн. Мөн хэвлэл мэдээллийн шүүмжлэлд ч нэлээд өртөв. Тиймээс олон нийт түүнтэй хэдийн “танилцсан” болов уу. Түүний хэлснээр “Тооноо тойрч суугаад ярилцсан” хэлэлцээ нь амжилттай болж, Монгол Улс “Оюутолгой” компанийн 34 хувьд ногдох зээлийг төлөх шаардлагагүй болсон гэх зэрэг бидэнд ашигтай үр дүн гарсан. Оюутолгойн гүний уурхайн хэлэлцээг Монголын талд үр ашигтай болгоход Б.Болдын нөлөө байсныг салбарынхан үгүйсгэдэггүй. Дэлхийд үнэлэгдэж, уул уурхайн үндэстэн дамнасан аварга “айл”-ын удирдах дээд түвшинд ажиллаж буй энэ мэргэжилтнээрээ Монголын уул уурхайн салбарынхан бахархдаг билээ.
Монголдоо КТМС-д сурч, үйлдвэрлэлийн менежер мэргэжил эзэмшсэн бор залуу АНУ-ын Коннектикут муж улсын Бриджпортын их сургуульд 1998 онд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ. Тухайн жилдээ “Жи Пи Морган” банканд хөрөнгө оруулалтын чиглэлээр ажилд орсон байна. Тэрбээр тэнд 11 жил амжилттай ажиллаж, хөрөнгө оруулалтын туршлага хуримтлуулаад эх орондоо ирсэн. Монголдоо ирээд “Ньюком” группийн гүйцэтгэх захирлын албыг хашиж, Салхитын салхин цахилгаан станцыг барих, “Изинис эйрвэйз” иргэний нисэхийн авиа компани байгуулах төслийг удирдсан. Дараа нь хэл ам дагуулсан “Алтан дорнод Монгол”-ын хувьцааг ОХУ-ын иргэн С.В.Паушокоос худалдан авах хэлэлцээг хийж, тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллав. Хөрөнгө оруулалтын мэргэжилтэн уул уурхайн салбар луу “урвасан” нь энэ. Үүний сацуу Монголын хөрөнгийн бирж, Монголын уул уурхайн үндэсний ассоциацын ТУЗ-ийн даргаар ажиллаж, хөрөнгийн зах зээл, уул уурхайн салбарын хөгжлийн бодлогод нь хувь нэмрээ оруулж явсан. Мөн тэрбээр Засгийн газарт хөрөнгө оруулалтын чиглэлээр зөвлөгөө өгдөг байв.
Б.Болдын “Рио тинто” дахь карьер 2013 оноос эхтэй. Тэрбээр тухайн онд “Рио тинто”-гийн Зэсийн группийн олон улсын үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгч, 2014 оноос Төмрийн хүдрийн группийн далайн тээвэр хариуцдаг “Рио тинто марине” компанийн гүйцэтгэх захирал, 2015 оноос Төмрийн хүдрийн группийн Маркетинг, борлуулалт хариуцсан захирлаар ажилласан. Түүнчлэн 2016 оноос “Рио тинто”-гийн Эрчим хүч, эрдэс баялгийн группийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Б.Болд “Рио тинто”-д жил бүр албан тушаал дэвшсээр удирдах дээд түвшинд гарч иржээ. Түүнийг Эрчим хүч, эрдэс баялгийн группийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үед “Рио тинто” нүүрсний төслүүдээ бүгдийг нь худалдсан юм. Энэ үед Б.Болд “Жи Пи Морган”-д эзэмшсэн хөрөнгө оруулалтын мэдлэг, чадвараа ашиглан, ашигтай хэлцлүүд хийж чадсан гэдэг. Ингэснээр түүний нэр нөлөө “Рио тинто”-д бүрэн тогтжээ. Б.Болд араасаа 20 орчим монгол залууг дагуулж, “Рио тинто”-д ажиллах түүчээ нь болсон. Тэдний дундаас дэлхийд үнэлэгдэх мэргэжилтнүүд төрөх нь дамжиггүй. Монголын уул уурхайн хамгийн том компани “Оюутолгой”-н менежментийн баг одоо түүний заавраар ажиллана. Тиймээс тэрбээр монголчуудын анхаарлыг эрхгүй татах эрхэм билээ.
УУРХАЙ БАЙГУУЛСАН 14 ЖИЛ
“Энержи ресурс” компанийн давамгай оролцоотой консорциум Засгийн газартай хамтран ажиллах гэрээ байгуулж, Тавантолгойн ордын менежментийг бүхэлд нь хийх сонгон шалгаруулалтад 2015 онд ялсан. Хоёр тал гэрээ байгуулах төслөө боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхэд тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд, гишүүн Х.Баттулга тэргүүтэй улстөрчид эсэргүүцэн зогсоосон түүхтэй. Тэр үед “Энержи ресурс” компанийн хувьцааны хяналтын багцыг эзэмшдэг “М Си Эс” группийн хөрөнгө оруулагчдыг шүүмжлэлийн гол бай болгосон. Олон хоног, сараар сонин хэвлэлээр “гөвсөн”-ий эцэст “М Си Эс” группийн нэр хүнд ч нэлээд гудайсан. Гэтэл “Энержи ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл рүү шүүмжлэлийн бай чиглээгүй юм. Уул уурхайн томоохон компанийн удирдлагын улыг шагайх, гоочлох явдал их. Гэвч Г.Батцэнгэлийг онцгойлон баалаад байдаггүй. Энэ нь хувь хүний онцлогтой нь холбоотой болов уу.
Химич мэргэжилтэй Г.Батцэнгэл. Энэ чиглэлээр Словак улсад докторын зэрэг хамгаалж, Братислава их сургуульд дөрвөн жил багшилжээ. Улмаар ХБНГУ-ын Кельний их сургуульд гурван жил судалгаа хийсэн байна. Гадаадад долоон жил судалгаа хийсэн химийн эрдэмтэн 2003 онд эх орондоо ирээд, “М Си Эс кока кола” компанид чанарын менежерээр ажилд оров. Дараа жил нь “СББ Улаанбаатар” компанийн захирал болж, тушаал дэвшлээ. Хоёр жил ажиллаад “М Си Эс Эй Пи Би” компанийн борлуулалт, маркетинг хариуцсан захирлаар ажиллажээ. Ингээд 2008 онд “Энержи ресурс” компанийн гүйцэтгэх захирлаар томилогдов. Улмаар “Энержи ресурс”-ийн толгой компани болох “Монголиан майнинг корпорац”-ыг 2010 онд Хонконгийн хөрөнгийн биржид бүртгүүлэн, хувьцааг нь арилжихад гүйцэтгэх захирлаар томилогдсон. Тэгэхээр Тавантолгойн ордын Ухаа Ухаахудагийн уурхайг хөгжүүлэхэд тэрбээр 14 жилийг зориулжээ.
Ордын нөөцийг тогтоож, уурхайн амыг нээж, тэндээс коксжих нүүрс олборлох, баяжуулах үйлдвэр, цахилгаан станц барин, нэмүү өртөг шингээх ажилд тэрбээр гар бие оролцсон. Г.Батцэнгэл нэг компанийг олон жил удирдаж, Ухаахудаг хэмээх уурхайг бүтээн байгуулснаараа бусад CEO-гоос онцлогтой. Тэдний баг уурхай байгуулах төсөлдөө тулгуурлаж, олон улсын зах зээлд хувьцаа гарган их хэмжээний хөрөнгө оруулалт татаж чадсаныг бид мэднэ. Ухаахудагийн уурхайг бүтээн байгуулахад 1.4 тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулсан гэдэг. Түүн шиг ийм их хэмжээний хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт хийж, бүхий л жаргал, зовлонг нь туулсан менежер Монголд цөөн.
Нүүрсний уурхай байгуулах, түүхий эдийг нэмүү өртөг шингээж борлуулах, тээвэр ложистикийг хэрхэн зохион байгуулах гээд түүнд олон талын туршлага бий. Өдгөөгийн нүүрсний уурхайн удирдлагуудаас коксжих нүүрсний зах зээлийн хамгийн бодитой таамаглал, бодлого, тооцооллыг Г.Батцэнгэл болон түүний багийнхан гаргаж ирэх чадвартай болсон гэдэгтэй хэн ч маргахгүй биз.
МЭРГЭЖЛИЙН МЕНЕЖЕР
“Тийсс Монголиа” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй С.Энх-Амгаланг олон нийт төдийлөн танихгүй. Харин бизнесийн хүрээнийхэн андахгүй. Учир нь тэрбээр 10 гаруй жил Монголын томоохон компаниудыг удирдаж буй. Өдгөө түүний удирдаж буй компанийг ч олон нийт сайн мэдэхгүй. “Тийсс Монголиа” нь Австралийн “Thiess” компанийн Монгол дахь салбар. “Thiess” нь уурхайн бүтээн байгуулалт, олборлолт, боловсруулалт, нөхөн сэргээлт, тоног төхөөрөмжийн түрээс, засварын үйлчилгээ үзүүлдэг компани аж. Цахим хуудсанд нь АНУ болон Азийн таван улсад үйл ажиллагаа явуулдаг, жилд 10 гаруй тэрбум ам.долларын орлого олдог томоохон компани гэж бичжээ. “Тийсс Монголиа” нь Монголд Оюутолгойн гүний уурхайд “Хишиг арвин” компанитай хамтран туузан дамжуулгын налуу ам барьж буй. Мөн Тавантолгойн ордын Ухаахудагийн уурхайн усгүйжүүлэлт, өрөмдлөг, тэсэлгээ, хөрс хуулалт, нүүрсний ачилт, тээвэрлэлт, уурхайн төлөвлөлт, инженерчлэл, машин техникийн ашиглалт, засвар, үйлчилгээг бүрэн хариуцдаг гэнэ.
МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд бакалавр, АНУ-д олон улсын бодлого судлалын магистрийн зэрэг хамгаалсан С.Энх-Амгалан Гадаад харилцааны яаманд гурван жил ажиллажээ. Ирээдүйн дипломатич бизнесийн салбар луу “үсэрсэн” нь “М Си Эс” групп байсан гэдэг. Тус байгууллагад найман жил ажиллахдаа Хүний нөөцийн газрын захирал, “М Си Эс кока кола” компанийн борлуулалт, маркетинг хариуцсан захирал, “Гоёо”-гийн гүйцэтгэх захирал, “Энержи ресурс” компанийн дэд ерөнхийлөгчөөр ажиллажээ. Тэрбээр 2012 оноос “Клин энержи” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж, Салхитын салхин цахилгаан станцын бүтээн байгуулалтыг дуусгасан байна. Улмаар 2013-2015 онд “Саусгоби сэндс” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж, нүүрс экспортолж байсан туршлагатай. “Саусгоби сэндс” нь Канадын Торонтогийн хөрөнгийн биржид хувьцаа гаргасан “Саусгоби ресурс”-ийн охин компани байсан юм. Түүний уул уурхайн салбарт ажилласан туршлагыг үнэлж, “Эрдэнэс Монгол” компани стратегийн зөвлөхөөр ажиллуулж байв. Үүгээр зогсохгүй Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын орон тооны бус зөвлөхөөр 2016-2017 онд ажилласан удаатай. С.Энх-Амгалан 2017-2020 он хүртэл Монголын хамгийн том, нефтийн бүтээгдэхүүн импортлогч “Петровис ойл” компанийн гүйцэтгэх захирлаар ажилласан. Уул уурхай, эрчим хүч болон бусад салбарын компаниудыг удирдаж ажилласан түүнийг бизнесийн салбарынхан “Мэргэжлийн CEO” хэмээн үнэлдэг юм билээ.