Мэргэжлийн хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх үүднээс “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-д нэмэлт өөрчлөлт оруулж, Санхүүгийн зохицуулах хороогоор батламжлуулсан тухай Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ. Шинэчлэн баталсан дээрх журмын дагуу ийм сангийн нэгж эрхийг бүртгэх үйлчилгээний хөлсийг нийт бүртгүүлсэн үнийн дүнгээс нь хамааруулан шатлалтайгаар тооцохын сацуу 50-75 хувиар бууруулан дээд, доод хязгаар тогтоосон аж. Мөн сангийн цэвэр хөрөнгийн дүнгээс тооцон авах жилийн үйлчилгээний хөлсний хэмжээг 50 хувиар багасгах дээд хязгаар тогтоожээ. Эргэн сануулахад, манайд хамтын хаалттай хөрөнгө оруулалтын санг анх 2020 онд үүсгэн байгуулж байв. Тэгвэл энэ сарын эхээр хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын анхны санг үүсгэн байгуулах баримт бичгийг Санхүүгийн зохицуулах хороо бүртгэсэн юм.
Бэлтгэсэн Ц.Ундрал