Монголбанкны бодлогын хүү үйлчлэхээ больжээ. Одоогийн байдлаар Төвбанкны үнэт цаасыг банкууд 4.94 их наяд төгрөгөөр худалдан аваад байна. Тус банкны үнэт цаас энэ оны эхэнд есөн их наяд төгрөгтэй дүйж байсан юм. Өнгөрсөн онд Төвбанкны үнэт цаасны хэмжээ 10 их наяд төгрөг давсан удаатай. Тухайн үед бодлогын хүү зургаан хувьтай тэнцэж байв. Монголбанкны Мөнгөний бодлогын хорооныхон бодлогын хүүг 2.5 хувиар нэмэгдүүлэн, есөд хүргэсэн. Уг нь бодлогын хүү зургаан хувь байх үед Төвбанкны үнэт цаасны хэмжээ буурах учиртай. Харин есөн хувь болсон үед нь өсөх ёстой байлаа.
Гэтэл бодлогын хүү бага байх үед Төвбанкны үнэт цаасны хэмжээ өсөж, нэмсний дараа буурч буй нь ямар учиртай вэ. Юутай ч Монголбанкны бодлогын хүү нөлөөлөхөө больсны илэрхийлэл биз.
Эдийн засгийн идэвх 2021 онд сул байсан учраас бодлогын хүү бага ч Төвбанкны үнэт цаасанд их хэмжээний мөнгө байршуулсан. Харин одоо эдийн засгийн идэвх нэмэгдсэн учраас Төвбанкны үнэт цаасанд мөнгөө байршуулахгүй байна гэж тайлбарлах хүмүүс бий. Нэг улиралд дөрвөн их наяд төгрөг зах зээл рүү урстал эдийн засаг идэвхэжсэн үү. Энэ бол эргэлзээтэй асуудал. Гэхдээ цар тахлын тархалт намжиж, өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал эдийн засаг хавьгүй илүү идэвхтэй байгаа нь үнэн.
Зарим эх сурвалж Төвбанкны үнэт цаас багассаныг өөр өнцгөөс харж тайлбарлаж буй. Өнөөгийн эдийн засгийн нөхцөлд энэ нь нэлээд бодит дүгнэлт байж магадгүй юм. Монголбанкны ерөнхийлөгчөөр Н.Баяртсайхан томилогдсон даруйдаа “Монгол Улсын валютын нөөц хасах 400 сая ам.долларт хүрсэн” гэж мэдэгдсэн. Улстөржсөн, өмнө нь Төвбанканд ажиллаж байсан хүмүүсийн хийсэн ажлыг үгүйсгэх гэсэн зорилготой энэ мэдэгдэл нь зах зээлд ихээхэн хор уршиг тарьсныг гадарлах хүмүүс бий. Ам.долларын ханш богино хугацаанд 500 төгрөгөөр нэмэгдэж, 2500-д хүрч байв. Мөн “Монголбанк алдагдалтай ажилласан” гэсэн дүгнэлт хийсэн юм. Үүнээс хойш Төвбанк Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх, алдагдалгүй ажиллахыг урьтал болгох болсон билээ.
Монгол Улсын валютын нөөц өнгөрсөн жилийн гуравдугаар сарын эцсийн байдлаар 4.9 тэрбум ам.долларт хүрээд байлаа. Тэгвэл өнгөрсөн гуравдугаар сарын эцсийн байдлаар 3.3 тэрбум болж буурав. Улсын валютын нөөц 1.6 тэрбум “ногоон”-оор багасаад буй нь энэ. Өдгөөгийн 3.3 тэрбум “ногоон” бол хангалттай их нөөц биш. Гэхдээ зургаан сар гаруйн хэрэглээг хангана. Валютын нөөцийг зургаан сарын хэрэглээгээ хангах хэмжээнээс багасгах нь эдийн засагт гэмтэй. Тиймээс нөөцөө хамгаалах нь зөв. Интервенц хийхээ больж, ам.долларын ханшийг зах зээлийн үл үзэгдэгч гарт найдан орхих хэрэгтэй гэсэн санаа юм.
Төвбанк улсын валютын нөөцийг нэмэхээр зах зээлээс их хэмжээний ам.доллар татсан. Манай улс 2016 оны есдүгээр сард нэг тэрбум ам.долларын валютын нөөцтэй үлдэж байсан тохиолдол бий. Түүнээс хойш зах зээлээс их хэмжээний ам.доллар худалдан авч байсан. Ялангуяа 2018-2020 онд их хэмжээний ам.доллар худалдаж авсан юм. Монголбанк ам.доллар худалдаж аваад зах зээлд төгрөг нийлүүлнэ. Тэгэхээр нэг тэрбум ам.долларын нөөцийг 4.9 тэрбумд хүргэхийн тулд 10 орчим их наяд төгрөг зах зээлд нийлүүлсэн гэсэн үг. Төвбанкны үнэт цаасны хэмжээ 2014-2016 онд нэг их наяд төгрөгт хүрдэггүй байлаа. Тэгвэл 2018 оноос хойш дөрвөн их наяд төгрөгөөс дээш гарсан. Энэ нь улсын валютын нөөцийг нэмэгдүүлж эхэлсэнтэй давхцаж байгаа биз. Өөрөөр хэлбэл, Монголбанк зах зээлээс ам.доллар худалдан авч, төгрөг нийлүүлнэ. Өнөөх мөнгөөр нь банкууд Төвбанкны үнэт цаас худалдан авна. Ийм л тойрог үргэлжилжээ.
Энэ он гарснаар эдийн засгийн идэвхжил нэмэгдлээ. Үүнтэй зэрэгцээд ам.долларын ханш дээшилсэн. Гэтэл их хэмжээний төгрөгийн хадгаламжтай хүмүүс ханшийн зөрүүнээс ашиг олох зорилгоор ам.долларын зохиомол эрэлт үүсгэн, ханшийг улам хөөрөгдсөн юм. Ингээд ам.долларын ханш өслөө. Монголбанкнаас зарладаг нэрлэсэн дундаж ханшаар ам.доллар өчигдрийн байдлаар 3071 төгрөгтэй тэнцэж байв. “Ногоон”-ы ханш өнгөрсөн жил 2850 орчим төгрөгт хэлбэлзэж, тогтвортой байсан. Тэгвэл 250 төгрөгөөр өсжээ.
Төвбанкны үнэт цаасыг худалдаж авсан их мөнгө ам.доллар луу хөрвөх нь тэр. Монголбанк энэ он гарснаас хойш хоёр тэрбум ам.долларын интервенц хийв. Нийт зургаан их наяд төгрөг ам.доллар луу хөрвөсөн гэсэн үг. Тэгэхээр бодлогын хүү хэчнээн өндөр байсан ч Төвбанкны үнэ цаас багасахаас яах билээ. Валютын нөөцөө нэмэхийн тулд зах зээлд нийлүүлсэн төгрөг нь эргүүлээд ам.долларын ханшийг хөөрөгдөж, нөөцийг нь бууруулсан дүр зураг харагдаж байна. Н.Баяртсайхан гэдэг хүн ийм тойрог эхлүүлчихээд яваад өгсөн байжээ. Монголбанкны ерөнхийлөгчөөр хэдэн жил ажилласан тэрбээр ам.долларын ханш хоёр удаа “цойлох” замыг заасан нөхөр байж. Нөөцөө нэмж, төгрөг нийлүүлэх нь төдийлөн сайн зүйл биш аж. Хагас жилийн хэрэгцээгээ хангах нөөц бүрдүүлээд, зах зээлээс валют хамж аваад байлгүй үлдээвэл ханш нь тогтвортой байх нь ойлгомжтой. Цаашлаад төгрөгийн нийлүүлэлтийг нэмдэггүй юм санж.
УИХ-аас Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль баталсан. Уг хуульд улсын хилээр бэлнээр 6000-аас дээш ам.доллар авч гарахыг хориглосон заалт тусгав. Ийнхүү валютын урсгалд хяналт тогтоолоо. Улсын хилээр бэлэн валют авч гараад байгаа учир улсын нөөц буурсан гэж үзсэний үндсэн дээр ийм хязгаар тавьсан. Монголбанкнаас үүнийг үгүйсгэсэн юм. Тэгэхээр валютын гарах урсгалд хязгаар тогтоосон нь зөв шийдэл мөн үү. Мөнөөх валют иргэдийн хадгаламж болоод дотооддоо байгаа юм биш үү.
Валютын хяналт тавихыг зарим эдийн засагч зөв шийдэл гэж үзэж буй. Харин зарим нь буруу шийдэл гэдэг. Тэд “Ам.доллар гарахгүй юм чинь оруулж ирэхгүй. Санхүүгийн урсгалд хязгаар тавих нь хэзээ ч сайн үр дүн авчирдаггүй” гэж тайлбарладаг. Чөлөөтэй хөрвөхгүй, хэмжээ хязгаартай нөхцөлд гадаадаас манай руу ам.доллар оруулж ирэхээс болгоомжлох нь гарцаагүй. Тэгэхээр хязгаар тавьснаар манай улсыг чиглэх гадаадын хөрөнгө оруулагчид, худалдаачдын замыг хааж байгаа юм биш үү. Засгийн газрын зээл, төрийн өмчит компаниудын орлого орж ирэх байх. Харин хувийн хэвшлийн хөрөнгө оруулагч манайхаас болгоомжилно.
Иргэн ам.долларын хадгаламжаа авахыг хүсвэл банкууд татгалзаж буй. Уг нь хуульд хүсэлтийг нь шууд биелүүлэх заалт бий. Монголбанк иргэдийн хадгаламжийг өгөхгүй хав дарчихаад байгаа банкуудад хариуцлага тооцох ёстой. Гэтэл банкуудыг валютын хяналт тогтоохыг нь далдуур дэмжиж байгаа бололтой. Хязгаар тогтоох, хяналт тавих нь валютын ханшийг тогтворжуулах шилдэг арга биш. Харин валютын орох урсгалыг хааж, зах зээлийн чөлөөтэй хөрвөх нөхцөлийг хааж мэдэх юм. Хэнийх нь зөв байсныг цаг хугацаа харуулах биз ээ. Ямартай ч нөөцөө нэмэх гэж зах зээлээс валют татаж, төгрөгийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх нь алдаатай загвар юм байна гэдгийг ойлгож авлаа.