Засгийн газраас 2011 онд Хүний хөгжлийн сан байгуулснаа зарлаж, иргэдээ хөгжүүлэх зорилгоор хүн бүрт сар болгон 21 000 төгрөг олгосон. 10 гаруй жилийн өмнө энэ нь тийм ч бага мөнгө биш байлаа. Тэгвэл 2022 онд 20 000 төгрөг гэдэг хэр хэмжээний мөнгө болов, түүгээр юу худалдан авч болох бол.
Юуны түрүүнд хямд үсчнээр үйлчлүүлэх санаа төрөв. Үс угааж, тайрч, хэлбэржүүлэхэд 5000 төгрөгийн хөлс авдаг сүлжээ салон бий аж. Тэднийх материалынх нь үнэ нэмэгдсэн учраас үйлчилгээний хөлсөө 1000 төгрөгөөр өсгөн 6000 болгожээ. Өнгөрсөн баасан гарагт “Улаанбаатар” их дэлгүүрийн хажуу талын салонд нь үсээ бага зэрэг тайруулаад, Зайсан толгой руу явахаар хоёр хүн 1000 төгрөг өгч автобусанд суулаа. Хүнсний сүлжээ дэлгүүрээс зайдастай талх, кофе тус бүр хоёрыг худалдан авахад 12 800 төгрөг төлсөн. Ингээд хоёр хүн автобусаар ирж, очихдоо төлсөн мөнгийг нэмбэл 20 800 төгрөгийн төсөвтэйгөөр хугас өдрийн аялал хийсэн юм. Цаг агаар сэрүүвтэр байсан ч Зайсан толгой орчимд хүмүүсийн хөдөлгөөн их, автомашин олон байв. Мөн автомашиндаа 10 000 төгрөгөөр дөнгөж дөрвөн литр бензин хийгээд дөрвөн хуушуур, нэг сав ундаа аван, Шадавлин зуслан руу өнгөрсөн бямба гарагт явлаа. 20 000 төгрөгт тааруулсан “зугаалга”-ны орц бол 500 граммын савтай нэг ундаа, дөрвөн хуушуур байв.
Одоогоос гурван жилийн өмнө 20 000 төгрөгөөр киноны хоёр тасалбар, амттан худалдан авч болдог байв. Гэтэл өдгөө нэг ширхэг тасалбарын үнэ 50 хувиар өсөн, багадаа 9000 төгрөгт хүрсэн бол ундаа, эрдэнэ шишийн амттаны үнэ бараг 40 хувиар нэмэгдсэн байна. 2-3 жилийн өмнө 20 000 төгрөгөөр нэг пицца, том савлагаатай ундаа авч, 4-5 ам бүлтэй гэр бүл нэг оройн зоог барьж болж байв. Харин өдгөө ийм мөнгөөр гаднаас хоол худалдан авч, 4-5 хүн идэх боломж байхгүй. Энэ талаар гэрийн эзэгтэй М.Ариунчимэг “Өнгөрсөн долоо хоногийн байдлаар нийслэлийн дийлэнх зах, худалдааны төвд хонины нэг кг цул мах дунджаар 13 000, төмс кг нь 1500, лууван 3300, сонгино 3000 төгрөгийн үнэтэй байсан. Мөн нэгдүгээр зэргийн гурилыг кг нь 1600 орчим төгрөгөөр борлуулж байв. Ингээд нэг кг хүрэхтэй, үгүйтэй мах, нэг кг гурил, гурван ширхэг төмс, хоёр лууван, ширхэг сонгино худалдан авахад л ойролцоогоор 15 000 төгрөг төлсөн. Үүн дээр өмнө нь 3500 орчим төгрөгийн үнэтэй байсан нөөшилсөн өргөст хэмхийг 4600-гаар авч, хачир бэлтгээд, цуйван хийсэн. Харин ч цуйвангаа нөөшилсөн өргөст хэмхээр хачирлаад тансаглалаа” гэсэн юм.
20 000 төгрөгийг хэр их мөнгө хэмээн үнэлж, түүгээр юу худалдан авч болохыг хэдэн хүнээс тодрууллаа. Баянгол дүүргийн иргэн 21 настай Г.Амаржаргалан “Шөлөндөө хоолны газраас хамгийн том аягатай шөлнөөс нь 6000 төгрөгт нэгийг авч иднэ. Би спортоор хичээллэх ялангуяа сагсан бөмбөг тоглох дуртай учраас үлдсэн 14 000 төгрөгөөр нэг цаг зааланд тоглож, нэг сав ус авч ууна. Сагс тоглоход заалны цагийн төлбөр нэмэгдсээр нэг хүн 10 000 төгрөгт хүрсэн” гэв.
Чингэлтэй дүүргийн иргэн 33 настай М.Билэгт “Автомашиндаа шатахуун хийгээд л ажлаа амжуулна даа. Миний машин дизель түлш “иддэг” учраас 20 000 төгрөгт таван литр орчмыг худалдан авна гэсэн үг. Замын түгжрэл ихтэй бол ажил гэрийн хооронд нэг өдөрт 20 000 төгрөгөөс илүү мөнгөөр түлш хийнэ” гэлээ.
Тэгвэл Хан-Уул дүүргийн иргэн 62 настай Б.Чимэгт “Би 410 000 төгрөгийн тэтгэвэр авдаг. Үүгээр нэг уут гурил, будаа, хонины гулууз бас бус зүйл авч хүрэлцдэг байсан. Гэтэл 20 кг-аар савласан будааны үнэ хагас жилд бараг 50 хувиар өсөн 90 000 төгрөг давсан байна. Мөн элсэн чихэр, цайны идээ, сүү, тараг гээд үнэ нь нэмэгдээгүй бүтээгдэхүүн алга. Тэгэхээр миний тэтгэвэрийн хэмжээ бага зэрэг өссөн ч худалдан авах чадвар маань буурсан хэрэг” гэв.
Харин Чингэлтэй дүүргийн иргэн Н.Энхтуяа “Манайх гурван ам бүлтэй. Нөхөр, хүү бид гурав 20 000 төгрөгөөр нэг литр сүү, нэг кг банш, цайны идээ худалдан аваад хоёр удаа банштай цай хийнэ. 20 000 бол бага мөнгө биш” гэлээ.
Баянгол дүүргийн иргэн Г.Хүрэлхүү “Би хүү, бэр, ач нартайгаа зургуул амьдардаг. Ач хөвгүүд өсөж буй учраас хоол их иддэг. Хэрэв 20 000 төгрөгөөр бүгд хооллох бол 12 000-аар нь хонины хуйхалсан толгой хоёр, 7000-8000-аар нь гурвалжин будаа нэг кг-ыг авна. Тэгээд толгой чанаж, будаатай шөл хийнэ. Энэ бол зургаан ам бүлтэй айлд бага зардлаар, боломжийн хоол хийх нэг арга” гэсэн юм.
Тэгвэл Хан-Уул дүүргийн иргэн 48 настай Ч.Билэгт “20 000-т бол манай улсын мөнгөн тэмдэгтийн “толгой” нь. Гэтэл төгрөгийн ханш унаж, валютынх чангарсаар 20 000-аар зургаан ам.доллар, 40 юань, 7000 вон худалдаж авч болж байна. Зургаан ам.доллароор Америкт бургер ч авч идэж чадахгүй” гэсэн юм.
Манай улсад одоогоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 000, амьжиргааны доод түвшнийг 230 000 төгрөг хэмээн тооцож буй. 20 000 төгрөг бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тав, амьжиргааны баталгаажих доод түвшний бараг 10 хувь юм. Цар тахлын онцгой нөхцөлд хүүхэд бүрт сар болгон улсаас 100 000 төгрөг өгч буйн тавны нэг нь 20 000 болно. Төрийн албаныхан болон бусад салбарын ажилчдын сарын дундаж цалин татвараа суутгуулсан дүнгээр 800 000 орчим төгрөг байгаа. Мөн “Цагийн ажлын бирж”-ээр дамжуулан зарлаж буй ажлын үнэлгээ нэг цагт 5000-25 000 төгрөгийн ханштай байна. Хэвлэмэл материал тараах, зар түгээх зэрэг ажил хийвэл цагт 5000 төгрөг авах аж. Эндээс харахад 20 000 төгрөг бол оюутан, залуучууд бүтэн дөрвөн цаг ажил хийж олох цалин учраас бага мөнгө биш. Гэтэл түүгээр ямар нэгэн бараа, үйлчилгээ худалдан авахад хаанаа ч хүрэхгүй болжээ. Мөн инфляцын түвшин өнгөрсөн сарын байдлаар улсын хэмжээнд 14.2, Улаанбаатарт 15.8 хувьтай байв. Тэгвэл хугацаатай хадгаламжийн нэг жилийн хүү дунджаар 10 байгаа юм. Бид мөнгөө өсгөн үржүүлэхээр хадгалмжид хийсэн ч инфляцад “идүүлж” 4-5 хувийн алдагдал хүлээнэ гэсэн үг.
Нэмээд энд, Улаанбаатараас холгүй суурин газар руу аялсан залуусын туршлагыг хуваалцъя. Оюутан хоёр охин Улаанбаатар, Дархан-Уул чиглэлд өнгөрсөн баасан гарагт яваад иржээ. Галт тэрэгний тасалбар нэг хүнийх нь 6600 төгрөг. Замдаа идэх нэг хайрцаг жигнэмэг, соруултай хоёр ундаа авахад 8000 төгрөг зарцуулсан гэнэ. Ингэж аялсан Б.Отгон-Эрдэнэ “Нийтийн вагонд 09.00 цагт сууж, Дархан-Уул ороод 19.00 цагт эргэж ирсэн. Галт тэрэгний цонхоор гадаад орчныг ажиглан, хөгжим сонсоод явах нь таалагдлаа. Хамгийн хямд зардлаар, богино хугацаанд хийх аялал бол Улаанбаатартай ойрхон бүс рүү галт тэргээр зорчих” гэв.