“Эрдэнэс Тавантолгой” компани ээлжит бондоо гаргаж, захиалгыг нь өнөөдрөөс ирэх 29-ний өдөр хүртэл авахаар товложээ. Монгол Улсын Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд тус компани стратегийн ач холбогдол бүхий төмөр зам тавих, нүүрс баяжуулах үйлдвэр, дулааны цахилгаан станц барих зэрэг томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр өөрийн орлогоор баталгаажсан хоёр их наяд төгрөг хүртэлх үнийн дүнтэй төгрөг, ам.долларын “ЭТТ бонд” гаргаж байгаа билээ.
“ЭТТ бонд”-ын үндсэн андеррайтераар “БиДиСек”, туслах андеррайтераар “Эм Ай Си Си” компани ажиллаж байгаа юм. Өмнө нь хоёр удаа бонд арилжсан бол өдгөө нэг бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 900 мянган ширхэг бондыг Монголбанкны бодлогын хүүн дээр нэмэх нь дөрвөн хувийн хүүтэй арилжихаар болжээ. Нийт 90 тэрбум төгрөгийн санхүүжилт татан төвлөрүүлэх энэ удаагийн бонд гурван жилийн хугацаатай, зургаан сар тутамд хүү төлөх нөхцөлтэй байх аж. Тус бондыг Монголбанкны бодлогын хүүтэй уяснаараа онцлог болж байна. Өөрөөр хэлбэл, гурван жилийн хугацаанд уг бондын хүү Монголбанкны бодлогын хүүгийн өөрчлөлттэй хамт өсөж, буурах нь. Одоогоор Монголбанкны бодлогын хүү есөн хувьтай дүйж буй. Тэгэхээр “ЭТТ бонд”-ыг 13 хувийн хүүтэй гаргана гэсэн үг юм. Бондын анхдагч зах зээлийн захиалгыг үнэт цаасны бүх компаниар дамжуулан авах юм байна.