Монгол Улс анх удаа Төрийн хэмнэлтийн тухай хуультай болох гэж байна. Төрийн бүх шатны байгууллагыг санхүүгийн сахилга баттай болгож, үрэлгэн байдлыг халах, хяналт тавих нь уг хуулийн зорилго. Цар тахал, дайн дажин хоёр “найзалсан”, цөвүүн энэ цагт төр цамаан, цадиггүй явдлаа засаж, залруулах гэж байгаа нь сайн хэрэг. Цаашид эх дэлхийд энх амгалан тогтон, эерч, эдийн засаг маань сайжран, элбэг дэлбэг болсон ч төр нь татвар төлөгчдийнхөө мөнгөөр туйлдгийг болиулах дөнгө нь энэ хууль байгаасай гэж хүсэж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Төсвөөс санхүүждэг төрийн байгууллагууд тус бүртээ салбар хуулиуд, журам, дүрмээр хэмнэж, зохицуулахаар оролдож байсан ч нийгмийн хүлээлтэд нийцсэн эрс өөрчлөлтийг өнөөдрийг хүртэл хийж чадалгүй ирсэн нь бодит үнэн. Цаашид төсвийн захирагч нар цомхон, чадварлаг, бүтээмж, үр дүнд суурилсан өрсөлдөөнт тогтолцоо руу үе шаттай шилжинэ. Данхар албан тушаалтныг цомхотгоно. Тэд бүгд л нөлөөтэй хүмүүс. Гэвч бид үүнийг хийхгүй бол суурь реформоо эхлүүлж чадахгүй. Аргацаагаад л яваад байвал төр улам томорно. Жил болгон төсөв хэлэлцэх бүрт нэг агентлаг, ажлын хэсэг гэх мэтээр шинэ бүтэц байгуулж, түүнд нь өөрийнхөө хүнийг томилох гэсэн уралдаан үргэлжилсээр л байх болно” хэмээсэн нь хоосон үг битгий байгаасай. Эл хуулийг батлах, эсэхийг шийдэх эрхтэй Ардын намын гишүүд Засгийн газрын тэргүүн, намынхаа даргын зарчим, шийдлийг дэмжиж, ах дүү, амраг садан, тойрон хүрээлэгчдээ л ажил, албан тушаалтай байлгах гэсэн аминч бодлоос ангид сэтгэнэ гэж найдъя.
Уг хуулийг Засгийн газраас өргөн барьснаар нь баталбал “дарга” сэтэртэй албан тушаалтнуудаас 270 орчим хүнийг цомхотгох юм билээ. Тухайлбал, хуульд тусгайлан заагаагүй бол төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Засгийн газрын агентлаг, УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагаас бусад этгээд дэд, орлогч даргатай байхыг үүгээр хориглохоор буй. Нийслэлийн Засаг дарга хоёр, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүүгүй орлогч даргатай байх юм. Өдгөө нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар зургаан орлогчтой ажиллаж байгаа бөгөөд дөрвийг нь явуулна гэсэн үг. Харин Баян-Өлгий, Дархан-Уул, Дорноговь, Завхан, Орхон аймаг, Чингэлтэй, Налайх гээд цөөнгүй нь хоёр, Өмнөговь аймаг, Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн Засаг дарга бүр гурван орлогчтой байгаа аж. Олон аймаг, дүүргийн албан ёсны цахим хуудас нь ажиллахгүй, мэдээллээ шинэчилдэггүй нь илт болохыг энд зориуд тэмдэглэе. “Цахим үндэстэн” болно гэж цамнаж яваа атал цахим хуудсаа ч ажиллуулж дөнгөхгүй байгаа аймаг, орон нутагт олон орлогчийн хэрэг юун.
Цаашлаад Засгийн газрын агентлагийн дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд зөвлөх чиг үүрэг бүхий орон тооны этгээд ажиллуулахыг хориглохоор уг хуульд тусгасан. Зөвлөх гэсэн албан тушаалтан авч ажиллуулахгүйгээр агентлаг, аж ахуйн нэгж аваад явчих чадвар, мэдлэг, туршлагатай хүмүүсийг томилдог болъё гэж байгаа бол сайн хэрэг. Гэхдээ зөвхөн агентлагийн дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, түүний удирдлага нь зөвлөхтэй байхыг хориглосноор энэ ажил дуусахгүй. Ер нь “Зөвлөх” гэх албан тушаалыг хойшид төрд байлгах, эсэхийг илүү өргөн хүрээнд, зарчимтай авч үзэх ёстой. Өөрөөр хэлбэл, УИХ, Засгийн газрын удирдлага, гишүүдээсээ эхлээд тэдэнд, төдийгүй нийгэмд, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсээр зөвлүүлж, туршлага, мэдлэгийг нь төрд хэрэглэмээр байгаа юм. Тухайлбал, Засгийн газрын тэргүүнд гадаад бодлогын асуудлаар зөвлөж буй Э.Долгион англи хэлтэй сэтгүүлч, хөтлөгч, сүүлдээ “Блүүмбэрг” телевизийн захирал гэдгээрээ илүүтэй танигдсан нэгэн. Гүйцэтгэх засаглалыг тэргүүлж буй Л.Оюун-Эрдэнэд улс орны гадаад бодлогын нэн эмзэг, мэдрэмж, ур ухаан, туршлага шаардсан асуудлаар зөвлөх хүн түүнээс өөр үгүй гэж үү.
Өөр нэгэн жишээ хэлье. УИХ-ын 76 гишүүн тус бүр нэг зөвлөхтэй. Зөвлөхийнх нь цалинг УИХ-ын Тамгын газраас буюу төсвөөс гаргадаг гэсэн үг. Мэдээж төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон, нийгмийн бүхий л талын харилцааг зохицуулсан, салбар бүрийн хууль, тогтоол батлах үндсэн үүрэгтэй УИХ-ын гишүүдэд мэргэн зөвлөх хэрэгтэй байхыг үгүйсгэхгүй. Гэвч нэгэнт төсөвлөсөн цалинг нь авахгүй, үлдээхгүйн тулд гишүүд хамаарал бүхий хүмүүс, найз нөхөд, тэр ч бүү хэл юу зөвлөдөг юм гэж гайхширал төрүүлэх нэгнийг зөвлөхөөрөө ажиллуулж ирсэн жишиг бас бий. Иймд зөвлөдөггүй зөвлөхүүдийг татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулж, олон орон тоо бөглөхгүйн тулд уг албанд тавигдах шаардлагыг тодорхой болгон, өндөрсгөх ёстой. Юутай ч энэ хуульд заасныг зөрчиж, дэд, тэргүүн дэд дарга, орлогч, зөвлөхийн чиг үүрэгтэй ижил эрх, үүрэг бүхий, өөр нэршилтэй албан тушаалын орон тоо бий болгох, түүнд хэн нэгнийг томилох, орон тоог нь хэвээр хадгалахыг хориглох бололтой. Гэхдээ төсвийн хэмнэлт, таналтын талаар ярих болгонд хамгийн түрүүнд ад үзэгддэг дэд сайдын албан тушаалыг уг хуулиар хөндөөгүй, хэвээр нь үлдээж буй. Цаашид одоогийн 16 яаманд 16 дэд сайд ажиллана гэсэн үг. Шалтгааныг нь Сангийн сайд Б.Жавхлан “Аль ч яаманд сайдыг дэд сайд нь орлодог учраас маш чухал алба. Их ч ажил үүрдэг учраас үлдээсэн” хэмээн тайлбарлана лээ. Сайн зөвлөхийн адил сайдынхаа нэг тал болж, дутууг нь нөхдөг, гологдохооргүй нэгнийг уг албанд томилж ирсэн бол ийм шүүмжлэл дагуулах байсан, эсэхийг бодолцох л хэрэг. Ихэвчлэн ээж, аав нь өндөр албан тушаалтан, эсвэл мөнгөтэй, тухайн салбарынхаа талаар анхан шатны ч мэдлэггүй, “цүнх барьсаар” өгсөж яваа хүмүүс томилогддогийг үгүйсгэхгүй болов уу.
Цаашид орлоготой, мөнгөтэй болохоороо элдэв яам, агентлаг, төрийн өмчит байгууллага нэмж бий болгохгүй байхыг дахин хүсье. Саяхан Төрийн албаны зөвлөлөөс танилцуулснаар өнгөрсөн онд төрийн албан хаагчийн тоо 2020 оныхтой харьцуулахад 1.9 хувиар буюу 3853-аар өссөн. Улсын хэмжээний нийт ажиллах хүчний 17.1 хувийг төрийн албан хаагч эзэлж, төр хамгийн том ажил олгогчийнхоо байр суурийг хадгалсан хэвээр буй хэрэг. Ийм өсөлттэй гарсан нь шинээр бий болгосон төрийн байгууллагуудтай холбоотойг тус тайланд онцолсон. Сургууль, цэцэрлэг, эмнэлгээс гадна энэ оны эхнээс гэхэд л хоёр ч яам, хэд хэдэн агентлагийг шинээр байгуулчихаад буй. Энэ хэрээр төсөв, зардал нэмэгдэх нь гарцаагүй бөгөөд ирэх жилд 2022 оны тайлан бэлэн болоход албан хаагчдынх нь тоо аанай л өссөн байвал гайхах хэрэггүй бололтой.
Ташрамд дурдахад, дарга, түүний үр хүүхэд, эхнэр, нөхрийг зөөдөг автомашинд ч тодорхой хязгаарлалт тавих гэж буй нь сайшаалтай. Тодруулбал, УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын тэргүүн дэд, дэд, орлогч дарга, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн захирал, төсвийн байгууллагын дарга хот дотор албаны автомашин ашиглахыг хориглохоор тусгасан юм. Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, аймаг, сум, дүүргийн Засаг даргаас бусдад нь хязгаарлалт тавихаар буй. Харин дарга нар орон нутагт албан томилолтоор ажиллахдаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, эсвэл төрийн болон орон нутгийн өмчийн авто тээврийн байгууллагаар үйлчлүүлэхээс бусад тохиолдолд автомашин ашиглахыг хориглохоор тусгасан юм.
Нөгөө талаас нэгэнт хүнтэй холбоотой асуудал хөндсөнийх төрөөс тэтгэвэр ч, цалин ч авч байгаа албан хаагчдыг явуулах ёстой. Тэгж яривал тэд 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авчихаад ажиллаж байгааг ч олон нийт шүүмжилж буй. Тиймээс цалин хөлс, нэмэгдэл, нэг удаагийн мөнгөн тэтгэмж, бусад хангамжаа ч цэгцлээд авах хэрэгтэй.
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслөөс
З дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Энэ хуулийн үйлчлэх хүрээнд дараах хуулийн этгээд, албан тушаалтан, санхүүжилтийн эх үүсвэр хамаарна:
3.1.1. төрийн улс төрийн, захиргааны, тусгай болон үйлчилгээний албан хаагч;
3.1.2. төсвийн байгууллага, түүний албан тушаалтан;
3.1.3. банк, санхүүгийн болон бусад салбарын төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, түүний албан тушаалтан;
3.1.4. банк, санхүүгийн болон бусад салбарын төрийн болон орон нутгийн өмчийн 50 болон түүнээс дээш хувийн оролцоотой хуулийн этгээд;
3.1.5. Монголбанк (Төвбанк);
3.1.6. улсын болон орон нутгийн төсөв;
3.1.7. Засгийн газрын болон орон нутгийн тусгай сан;
3.1.8. олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол улсын төсөвт хүлээн авсан болон дамжуулан зээлдүүлсэн гадаад, дотоод эх үүсвэрээс авсан зээл;
3.1.9. гадаад болон дотоодын эх үүсвэрээс олгосон хандив, тусламж;
3.1.10. орон нутгийн бүх төрлийн сан.
3.1.11. хуульд заасны дагуу УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, Ерөнхий сайдаас байгуулах хороо, комисс, зөвлөл.