Өнгөрсөн хоёрдугаар сарын 25-наас мөрдөж эхэлсэн Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуульд “Виртуал хөрөнгө гэж аливаа улсын албан ёсны мөнгөн тэмдэгт, үнэт цаасны дижитал хэлбэр, эсвэл Монголбанкны зөвшөөрөлтэй цахим мөнгөнөөс бусад дижиталаар шилжүүлэх, арилжих боломжтой төлбөрийн, эсхүл хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглагдах үнэ цэнийн дижитал илэрхийлэл бүхий эдийн бус хөрөнгийг хэлнэ” хэмээн тодорхойлсон.
Хэдийгээр улс орнууд виртуал хөрөнгийг өөрийн орны эрх зүйн орчинд нийцүүлэн харилцан адилгүй тодорхойлсон ч үүний эрсдэл өндөр, үнийн хэлбэлзэл ихтэй, аливаа биет хөрөнгөөр баталгааждаггүй бөгөөд дэлхий дахинд шинээр зохицуулалтад орж буй салбар тул хэрэглэгч, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах эрх зүйн зохицуулалт дутмаг байгааг хүлээн зөвшөөрч анхааруулга, мэдэгдэл гаргаж буй аж. Тухайлбал, өнгөрсөн сард Европын банкны хяналтын газар, Европын үнэт цаас, зах зээлийн хяналтын газар болон Европын даатгал, хөдөлмөрийн тэтгэврийн газраас криптовалютын эрсдэлийн талаар хамтарсан мэдэгдэл, анхааруулга гаргажээ. Үүнд виртуал хөрөнгөд хөрөнгө оруулах гэж буй этгээдүүд нь оруулсан бүх мөнгөө алдах эрсдэлтэй гэдгээ бүрэн ухамсарлах, олон нийтийн цахим сүлжээгээр цацагдаж буй худал, төөрөгдүүлсэн мэдээлэлд автахгүй байх, богино хугацаанд өндөр өгөөж амласан хөрөнгө оруулалтуудаас болгоомжлохыг онцолсон аж.
Хэдийгээр Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль баталж, салбарын эрх зүйн орчин бүрдсэн ч ийм үйлчилгээнд хамаарах үйл ажиллагааны үр дүнд үүссэн хохирлыг төр хариуцах боломжгүйг Санхүүгийн зохицуулах хорооноос анхааруулав. Иймээс иргэд аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээнд хөрөнгө оруулахдаа тухайн хөрөнгийн бодит шинж чанар, үүсэж болзошгүй эрсдэлийн талаар бүрэн мэдээлэлтэй байхын сацуу холбогдох судалгаа, шинжилгээг хийж, хохирлоос урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.