“Оюутолгой” компанийн нэгдүгээр улирлын үйлдвэрлэлийн тайланг 66 хувийг нь эзэмшдэг, Нью-Йорк, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Turquoise hill resources” цахим хуудсандаа мэдээлэв. Энэ хугацаанд алт, зэсийн агуулга багассантай холбоотойгоор урьдчилан тооцоолсны дагуу “Оюутолгой”-н үйлдвэрлэл буурчээ. Тодруулбал, нэгдүгээр улиралд 30.3 мянган тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 33, дөрөвдүгээр улирлынхаас 22 хувиар доогуур үзүүлэлт аж. Мөн 59 мянган унци баяжмал дахь алт үйлдвэрлэсэн нь 2021 оны мөн үеийнхтэй харьцуулахад даруй 60, сүүлийн улирлынхаас нь 25 хувиар багассан гэсэн үг. Худалдан авагчид бүтээгдэхүүн нийлүүлэх ажил ахиж, бэлэн савласан баяжмалын хэмжээ 30 хувиар буурсан ч зорилтот түвшинд хүрээгүй аж. Цар тахлаас үүдэлтэй хилийн боомтын үйл ажиллагааны хязгаарлалт нийлүүлэлтэд нь нөлөөлж буйг тус компаниас мэдээлж байсан юм. Тэд энэ онд 110-150 мянган тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэхээр тооцсоноо хэвээр үлдээжээ. Тэгвэл 135-165 мянган унци баяжмал дахь алт үйлдвэрлэхээр төлөвлөсөн гэнэ. Дээрх тоог 115-165 мянган унци байхаар тооцоолсноо өмнө нь мэдээлж байв.