Дэлхийн банкнаас “Монгол Улсын эдийн засгийн тойм” тайлан гаргаснаа өчигдөр танилцууллаа. Хилийн боомтуудад гарч буй хүндрэл болон Орос, Украины дайнаас үүдэлтэй сөрөг нөлөө зэрэг нь энэ онд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг сааруулж болзошгүйг дээрх тайланд дурджээ. Манай улсын экспортын голлох бараа, бүтээгдэхүүний ханш дэлхийн зах зээлд өндөр байгаа, Засгийн газраас иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлогыг дэмжих арга хэмжээ авсан ч боомтуудын үйл ажиллагаа тасалдсан нь гадаад худалдааны болон ложистикийн хүндрэл үүсгэж, улмаар эдийн засгийн өсөлтийг сааруулсныг тэмдэглэсэн байв. Өнгөрсөн гуравдугаар сард инфляц 14.4 хувьд хүрч, өрхийн бодит орлого болон хэрэглээг бууруулсан, бас гадаад валютын албан нөөц багассаныг бичжээ.
Сүүлийн хоёр жилийн төсвийн тэлэлт нь бодлогын орон зайг хумиад зогсохгүй төсвийн алдагдлыг нэмэгдүүлж, улмаар урт хугацааны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүйг дээрх банкныхан санууллаа. Тухайлбал, өндөр өртөгтэй халамжийн хөтөлбөрүүдийг хэт хавтгайруулан хэрэгжүүлсэн нь 2021 оны төсвийн зарлагыг огцом өсгөсөн гэв. Цар тахалтай тэмцэх, мөн эдийн засгийг дэмжих чиглэлээр төсвийн хүрээнд авсан арга хэмжээ нь Засгийн газрын өрийг нэмэгдүүлж ДНБ-ий 92 хувьд (Монголбанк болон Хятадын Ардын банк хооронд байгуулсан своп хэлцлийг оруулан тооцоход) хүрснийг дурдлаа. Төсвийн нийт алдагдал ДНБ-ий 3.1 хувьд хүрч буурсан нь хугацаа хэтэрсэн татварын өрийг барагдуулсны нэг удаагийн нөлөө (ДНБ-ий 2.3 хувьтай тэнцэх), мөн Хүүхдийн мөнгийг Ирээдүйн өв сангаас санхүүжүүлсэнтэй холбоотой хэмээв. Уг сангийн хөрөнгийг ийнхүү зарцуулсан нь төсөв болон урт хугацааны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүйг ч анхааруулсан юм.
Дэлхийн банкны Монголыг хариуцсан суурин төлөөлөгч Андрей Михнев “Монгол Улсын хувьд эдийн засгийн өсөлт саарсан, инфляц огцом дээшилсэн, төсөв болон гадаад секторын тэнцвэр ганхсан, өрийн дарамт нэмэгдсэн зэрэг томоохон сорилттой тулгараад буй. Эдийн засгийн тогтворгүй байдал, эрсдэлүүд нь макро эдийн засгийн бодлогод зайлшгүй тохиргоо хийх шаардлагатайг анхааруулж байна. Тухайлбал, инфляцыг мөнгөний бодлогын дунд хугацааны зорилтын хүрээнд тогтворжуулах, Монголбанкны үйл ажиллагааны хараат бус байдлыг хангах, өрийн дарамтыг бууруулахад чиглэсэн төсвийн бодлого хэрэгжүүлэх, нийгмийн халамжийг зөвхөн зорилтот бүлгүүдэд чиглүүлэхэд анхаарах нь зүйтэй. Мөн олон тулгууртай, тогтвортой эдийн засгийн өсөлт бий болгохын тулд бүтцийн шинж чанартай реформуудыг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай” хэмээн тодотгов.
Монголбанкны хувьд инфляцыг тогтворжуулах бодлогод ихээхэн ач холбогдол өгөх, төсвийн шинж чанартай үйл ажиллагааг шат дараатай хумих, гадаад секторын сөрөг нөлөөг гадаад валютын ханшийн өөрчлөлтөөр бууруулах шаардлагатайг дээрх тоймд онцолжээ. Түүнчлэн Монгол Улсын дотоод, гадаад өрийг зохистой түвшинд хүргэн тогтворжуулахын тулд төсвийн тэнцвэрийг хангах арга хэмжээ хэрэгжүүлэх хэрэгтэй гэв. Нийгмийн халамжийг зөвхөн зорилтот бүлгүүдэд чиглүүлснээр төсвийн алдагдлыг бууруулаад зогсохгүй орлого багатай өрхүүдэд бодит дэмжлэг үзүүлэх боломж бүрдэнэ хэмээв. Үүнээс гадна дээрх тайланд дунд хугацааны эдийн засгийн өсөлтийг дэмжих реформууд, тухайлбал худалдааны болон тээвэрлэлтийн зардлыг бууруулах, гадаадын хөрөнгө оруулалтад таатай нөхцөл бүрдүүлэх, дотоодын бизнесийг хөгжүүлэх зэрэг арга хэмжээ авах нь зүйтэйг онцолжээ.
Бэлтгэсэн: Ц.Болор