Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ онд удаашрах нь тодорхой болсон. Тухайлбал, Азийн хөгжлийн банк манай улсын эдийн засгийн өсөлтийг 2.3, Дэлхийн банк 2.5 хувь байна гэж таамаглав. ОХУ, Украины дайн сунжирч, улам хурцадвал, БНХАУ-д цар тахал их хэмжээгээр тархвал эдийн засгийн нөхцөл дордох нь дамжиггүй. Амаргүй нөхцөл лавширвал эдийн засаг агшиж ч мэднэ. Ийм үед УИХ-ын дарга Г.Занданшатар иргэдэд хэмнэхийг уриалсан. Харин залуус энэ уриалгынх нь эсрэг “Ажлаа хий” жагсаал зохион байгуулав. Тэд Засгийн газраас ажлаа сайн хийж, эдийн засгаа өөд нь татахыг шаардсан. Бас өөрсдөө хэмнэхийг сөргүүлэн уриалсан билээ.
Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлд иргэд бүсээ чангалсаар байгаа. Үүнийг статистик тоо баримтаас харж болно. Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр өрх болон өрхөд үйлчилдэг ашгийн бус байгууллагын хэрэглээ 2020 он хүртэл тасралтгүй өсөж байжээ. Харин 2021 онд буурав. Энэ жил ч буурах нь ойлгомжтой. Өрх болон өрхөд үйлчилдэг байгууллагуудын хэрэглээ 2015 онд 14.2 их наяд төгрөг байсан. Эл тоо 2020 онд 18.1 их наяд төгрөгт хүрсэн юм. Харин өнгөрсөн жил 16.9 их наяд төгрөгт хүрч, 1.2 их наядаар буурлаа. Тэгвэл төрийн байгууллагуудын хэрэглээ өсжээ. Төрийн байгууллагуудын хэрэглээ 2020 онд 4.9 их наяд төгрөг байсан бол өнгөрсөн жил 5.2 их наяд болов. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагуудын хэрэглээ 300 тэрбум төгрөгөөр өссөн гэсэн үг. Төрийн байгууллагын хэрэглээ 2015 онд 3.4 их наяд төгрөг байсныг өнөөгийнхтэй харьцуулж болно.
Тэгэхээр иргэд “Бид хэмнэж байна. Өөрсдөө ч хэмнэ” гэж Засгийн газраас шаардаж буй нь зүйн хэрэг. Гэхдээ том зургаар нь харвал хэмнэх нь зөв, эсэхэд эргэлзээ бий. Өнгөрсөн онд өрх, байгууллагуудын нийт хэрэглээ 22 их наяд төгрөгт хүрсэн. Энэ бол дотоо дын нийт бүтээгдэхүүний тэн хагастай тэнцэх хэмжээ. Өөрөөр хэлбэл, дотоодын нийт бүтээгдэхүүний 50 хувийг хэрэглээ бүрдүүлдэг гэсэн үг. Хэрэглээ буурч буй учир дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт саарах нь мэдээж. Нэгэн эдийн засагч “Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулчихаад байхад л хэрэглээ хумигдсаар байна. Хэрэглээ буурч буй нь эдийн засгийн идэвхийг улам сулруулна” гэж ярилаа.
Улс орнууд эдийн засгийн өсөлтөө дэмжих, идэвхийг нь сайжруулахын тулд хэрэглээг дэмжих арга хэрэглэдэг. Гэтэл манай Засгийн газарт хэрэглээг дэмжих бодлого алга. Ийм бодлого баримтлахад төвөгтэй цаг үед монголчууд амьдарч байх шиг. Иргэд болон байгууллагуудын хэрэглээ буурч буй нь гаарч байгаа инфляцыг сааруулах сайн талтай. Гэхдээ сөрөг тал нь эдийн засгаа хумьдаг билээ. Тэгэхээр Засгийн газар эдийн засгийг агшаахгүйн тулд хэрэглээг их хэмжээгээр бууруулахгүй байх бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Өдгөө хэрэглээ багасаж буй талаар Монголбанкны ерөнхийлөгч ч, Сангийн сайд ч ам нээгээгүй байна. Хэрэглээ буурч байгаа нь анхаарахгүй орхиж болохгүй асуултын тэмдэгтэй үйл явц гэдгийг сануулъя.
Засгийн газар хэмнэлт хийхээр 2022 оны батлагдсан улсын төсөвт тодотгол хийх хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүлэхээр зэхжээ. Төсөвт тодотгол хийх асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар өнгөрсөн даваа гарагт хэлэлцсэн юм. Энэ талаар УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тайлбар мэдээлэл хийсэн. Тэрбээр “Төсвийн хөрөнгө оруулалтын нэг их наяд гаруй төгрөгийн 530 тэрбумыг танана. Төсвийн урсгал зардлаас 300 орчим төгрөгийн хэмнэлт хийнэ. Ингээд 2022 оны улсын төсвийг 800 тэрбум төгрөгөөр хэмнэнэ” гэж мэдэгдсэн. УИХ-аас баталсан энэ оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ нэг биш, 2.4 их наяд төгрөг юм. МАН-ын бүлгийн дарга ийн зөрүүтэй мэдээлэл өгсөн. Тэгэхээр төсвийн хөрөнгө оруулалтаас 530 тэрбум төгрөгийг нь танаж, хоёр их наядыг үлдээх юм байна. Энэ оны төсвийн нийт зарлага 18 их наяд төгрөг давсан. Зарим эх сурвалж “18 их наяд төгрөгийн зарлагаас 800 тэрбумыг танах нь нэр төдий зүйл” гэж чамлаж буй.
Хэрэглээг дэмжиж эдийн засгийг тэлэхийн тулд төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэх арга байдаг. Төсвийн хөрөнгө оруулалтыг нэмснээр эдийн засгийн хүндрэлтэй үед аж ахуйн нэгжүүд бүтээн байгуулалт хийж, ажилчид нь цалин орлоготой болдог. Энэ нь эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлдэг билээ. Тэгэхээр эдийн амаргүй нөхцөлд төсвийн хөрөнгө оруулалтыг танах нь зөв, эсэхийг эргэж харах нь зүйтэй биз ээ. Харин төсвийн урсгал зардлыг танаж, хэмнэж болно. Ингэх нь эдийн засгийн орчинд төдийлөн сөрөг нөлөөтэй биш. Тиймээс төрийн байгууллагуудын ажилтнуудын гадаад, дотоодод томилолтоор явах, ширээ, сандал, компьютероо шинэчлэх, албан тасалгаагаа тохижуулах, шагнал урамшуулал, ном товхимол хэвлэх гэх мэт үр ашиггүй зардлыг бүгдийг хэмнэх нь зүйтэй. Төсвийн урсгал зардлыг 12 их наяд төгрөг байхаар баталсан. Хэрэв төсвийн урсгал зардлын 10 хувийг танавал 1.2 их наяд төгрөг хэмнэж чадах юм.
Засгийн газраас төрийн байгууллагуудын дарга нарыг том оврын шатахуун их хэмжээгээр зарцуулдаг, эдэлгээний зардал өндөртэй машин унахыг хориглох шийдвэр гаргасан. Үүнээс 11 тэрбум төгрөг хэмнэх тооцоо гарчээ. Зөвхөн том оврын автомашины шатахуун гэлтгүй бусад худалдан авалтыг нь танах хэрэгтэй. Нөгөөтээгүүр, хүүхэд бүрт сард 100 мянган төгрөг олгож буй нь төсвийн зарлагыг нэг их наяд гаруй төгрөгөөр нэмэгдүүлж байна. Тиймээс хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт чиглүүлэх хэрэгтэй. Хүүхдийн мөнгө авах шаардлагагүйгээр амьдралаа аваад явчих, бизнестэй өрх өчнөөн болсон. Хүүхдийн мөнгийг хэрэгтэйд нь өгөх нь хэмнэлт болно. Харин хэрэглээ буу-рахад төдийлөн нөлөөлөхгүй. Өндөр орлоготой хүмүүс ямар ч цаг үед хэрэглээгээ танадаггүй.
Энэ оны төсвийг өнгөрсөн оны аравдугаар сард төлөвлөсөн. Үүнээс хойш инфляц дунджаар 15 хувиар өсөөд байна. Зарим нэр, төрлийн барааны үнэ 30 хүртэл хувь өссөн тохиолдол ч бий. БНХАУ хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг хязгаарласнаас үүдэж, тээвэр, ложистикийн гацаа үүсэн, зардал нь нэмэгдсэн. Энэ нь бүтээн байгуулалтын төсөвт өртгийг үлэмж хэмжээгээр нэмжээ. Өнгөрсөн онд төлөвлөсөн бүтээн байгуулалтын өртөг өдгөө 30 хувиар өссөнийг бизнесменүүд дуулгаж байна. Төсвийн хуульд тусгасан хөрөнгө оруулалтын зардлаар ямар ч бүтээн байгуулалт хийхэд хувийн хэвшлийнхэнд ашиг гарахгүй байх тооцоо гарсан байна. Тиймээс бизнесменүүд Засгийн газраас зарлаж буй тендерт оролцохоос татгалзаж байгаа аж. Тэгэхээр нийгэм, эдийн засагт үр ашигтай бүтээн байгуулалтын төсөвт өртгийг нэмээд, хөрөнгө оруулалтын зардлаа танахгүй байх нь зүйтэй. Дахин дурдахад, аж ахуйн нэгжүүдээ ажилтай байлгавал ажилтнууд нь цалин орлоготой байж, эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлнэ. Хэрэв хөрөнгө оруулалт багасаж, хэрэглээ их хэмжээгээр буурвал ажилгүйдэл газар авна. Ялангуяа худалдаа, үйлчилгээний салбарт ажилгүйдэл ихсэх нь дамжиггүй.