“Хулиган гэдэг чинь тийм ч муу үг биш. Өнгөн дээрээ сахилгагүй мэт боловч хүн чанар сайтай, бодох, сэтгэх хурдтай хүн байх нь олонтоо. Энэ үгийн цаана эрчүүдийн гэмгүй сайхан нөхөрлөл байдаг юм” гэж зураач Бобр хэлэв. “Norphei art gallery”-д уран бүтээлийн үзэсгэлэнгээ нээсэн зураач Ц.Болдбаатарын туурвил дунд өвөл ойд тойрч суугаад яриа дэлгэн, ярианыхаа амтанд орсон нь илт найзуудын хөрөг байхыг онцолж, бүтээл төрсөн түүхийг тайлбарлуулахад тэрбээр ингэж эхэлсэн юм. Түүний хүргэн найзуудтайгаа Бурхан халдун хайрханыг зорихдоо зураачийг “Салхинд гаръя” гээд дагуулан явсан юм байна. Эр хүний жаргал эзгүй хээр гэдэг. Залуус ядаргаагаа арилтал хөөрөлдөж, инээлдэж байхыг харсан уран бүтээлч тэр агшныг хожим зурагт буулгаад дүүдээ бэлэглэсэн юм билээ. Түүнээс хойш хүргэнийх нь найзууд юм л бол “Уулзъя, гэхдээ танайд шүү” гэдэг болж гэнэ. Зураачийн хэлснээр 120 мянгатын хулиганууд зургаа харж суун, ажил, амьдралын сонин сайхнаа хуваалцдаг болжээ. Уран зураг, урлагийн бүтээл амьтай гэж энэ буюу.
Уран зургийн ертөнцөд Бобр нэрээр танил зураач Ц.Болдбаатар энэ удаагийн үзэсгэлэндээ эмэгтэй хүний гоо сайхныг зурагт буулгасан бүтээлүүдээсээ түлхүү багтаажээ. “Үзэсгэлэнгээ ямар гоё дэглээ вэ” гэхэд “Харин зургууд минь урланд байдгаас илүү гоё харагдаад байх чинь” хэмээснээр уран бүтээлдээ сэтгэл хангалуун байгаагаа илтгэнэ. Тэрбээр энэ удаа үзэсгэлэнгээ гэрэл зурагчин дүүгийн хамт гаргаж буй юм. Сүүлийн үед гэрэл зургаас уран зураг “үүсгэх” ажил нэлээд хийсэн бөгөөд ихэвчлэн хамтран ажиллагч дүүгийнхээ зургуудад тулгуурлаж иржээ. Ийм нэгэн уран зураач, гэрэл зурагчин гэсэн уран бүтээлч хос үзэгчдийг урьж байна.
Зураачийн ажил үйлс, намтар түүхээс өмнө мэдээлж байсан. Хотод амьдрах дургүй, элдэв стрессээс ангид байж, зөвхөн зурж суудаг Бобр Шарга морьтын амны урлан, өргөөндөө тухлан ямархан бүтээлүүд төрүүлснийг хэн хүнгүй сонирхох биз ээ. Түүний хөргүүд нэг л өөр. Хэтрүүлбэл өөдөөс ярих гээд, инээх гээд байгаа ч юм шиг.