Монголын кино урлагт шинэ уур амьсгал, давлагааг түүчээлэх зорилготой “Алтан өргөө” олон улсын кино наадам өнөө жил 10 дахь удаагаа болно. Монголын кино институтээс зохион байгуулах наадам ирэх зургадугаар сарын 3-5-нд үргэлжилнэ. “Алтан өргөө” кино наадам уралдаант хэсэг, мастер хичээл болон богино, бүрэн хэмжээний киноны үзвэрүүдээс бүрдэх юм. Өнөө жилийн уралдаант хэсэгт зөвхөн богино хэмжээний кинонууд бүртгэх бөгөөд тавдугаар сарын 15 хүртэл https://mfi.mn/festival/annual/regis¬ter хаягаар хүлээн авна. Ташрамд дурдахад, өнгөрсөн есөн жилийн хугацаанд “Алтан өргөө” наадмын уралдаант хэсэгт нийт 65 орны 2500 бүтээлээс 260 гаруйг шалгаруулан өрсөлдүүлжээ. Түүнчлэн авангард киноны тэргүүлэх уран бүтээлч Петер Черкасски, Ив Хеллер, Хятадын продюсер Жан Шянминь тэргүүтэй уран бүтээлч киногоо толилуулж, мастер хичээл зааж байв. “Алтан хальс” нэртэйгээр эхэлсэн тус наадмыг 2020 оноос “Алтан өргөө” гэх болсон юм.