Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дахь Дэл уул, Цагаан суварга зэрэг түүхэн дурсгалт газрыг улсын тусгай хамгаалалтад авах ажил үргэлжилж буй энэ үед орон нутагт нэгэн чухал шийдвэр гаргасныг “Дэл уулын гайхамшиг” төрийн бус байгууллагынхан мэдээлэв. Тус аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид Дэл уулын соёлын өвийн менежментийн төлөвлөгөөг баталжээ. Ингэснээр Монголын түүх, соёлын хосгүй дурсгалуудыг агуулдаг тус газрыг олон улсын жишгээр хамгаалахын зэрэгцээ сурталчлан таниулж, аялал жуулчлалын эргэлтэд оруулах боломж бүрдэх нь. Зургаан жилийн хугацаанд 26 цогц ажил хийхээр төлөвлөгөөнд тусгасан байна. Тухайлбал, Дэл уулд Археологийн үндэсний парк байгуулах, дижитал орчин бүрдүүлэх, соёлын гэрээт хамгаалагчтай болгох, байгаль хамгаалах нөхөрлөл байгуулах, хадны зургуудад тулгуурлан контент бүтээх зэрэг ажил багтжээ. Ташрамд дурдахад, Дэл уул болон Цагаан суварга орчмыг улсын тусгай хамгаалалтад авсны дараа дэлхийн өвд бүртгүүлэхээр холбогдох албанхан ажиллаж байгаа гэнэ.