УУХҮЯ-наас “Монгол Улсад газрын тос дамжуулах хоолойн төслийг санхүүжүүлж, барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” тендерийг олон улсад нээлттэй зарласан. Уг тендерт БНХАУ-ын төрийн өмчит “Норинко интернэйшнл кооперэйшн” компани шалгарсан аж. Тус төслийн хамтран ажиллах ерөнхий гэрээнд УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, төслийг санхүүжүүлэгч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгч “Норинко интернэйшнл кооперэйшн” компанийг төлөөлж ерөнхий менежер Жоу Диан Бин нар өчигдөр гарын үсэг зурав. Дээрх дамжуулах хоолойг барьснаар өргөх, халаах насос бүхий түүхий тос дамжуулах 530 км урт хоолойгоор Дорнод аймаг дахь газрын тосны ордоос түүхий тос тээвэрлэн Дорноговийн Алтанширээ сумд барьж буй газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй, найдвартай хангах гэнэ.
“Норинко интернэйшнл кооперэйшн” нь түүхий тос дамжуулах хоолойг гурван жилийн хугацаанд буюу үйлдвэрийг ашиглалтад оруулахаас өмнө барьж гүйцэтгэх аж. Уг ажилд шаардлагатай санхүүжилтийг төслийн барилга угсралтын хугацаанд “Эрдэнэс Тавантолгой”-н олборлосон нүүрсээр төлөхөөр гэрээнд тусгажээ. Тус бүтээн байгуулалтын зураг төсөл, инженерчлэл, барилга угсралтын ажлыг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-иас удирдан зохион байгуулж, гүйцэтгэлд нь хяналт тавих гэнэ. Эргэн сануулахад, Монгол Улсын Засгийн газар 2020 оны нэгдүгээр сарын 6-ны хуралдаанаараа газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг дамжуулах хоолойгоор тээвэрлэхээр шийдвэрлэж байв.
Бэлтгэсэн Б.Сонор