Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнгөрсөн гуравдугаар сар болон эхний улирлын зарим үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос баасан гарагт танилцууллаа. Нэгдүгээр улиралд улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ урьдчилсан гүйцэтгэлээр 3.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 36.1 хувиар өсжээ. Харин нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 3.8 их наяд төгрөгт хүрч, жилийн хугацаанд 1.1 их наядаар нэмэгдсэн байна. Үүнд урсгал зардал жилд 39.6 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн бөгөөд төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 254.7 тэрбумын алдагдал хүлээв. Түүнчлэн төсвийн орлого дахь татварын орлогын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 2.4, Тогтворжуулалтын сангийнх 4.1, татварын бус орлого 2.7 нэгж хувиар буурсан гэнэ. Харин татварын нийт орлого 1-3 дугаар сард урьдчилсан гүйцэтгэлээр 3.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 962.3 тэрбумаар дээшилжээ. Үүнд нийгмийн даатгалын орлого 38.9, орлогын албан татвар 26.9, нэмэгдсэн өртгийн албан татвар 26.5 хувиар өссөн нь нөлөөлсөн аж. Mөнгөний нийлүүлэлт өнгөрсөн сард урьдчилсан гүйцэтгэлээр 26.4 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 993.8 тэрбум төгрөгөөр ахисан дүн болов. Төгрөгийн харилцах дансны үлдэгдэл 1.3 их наяд, валютынх нь 500.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь үүнд түлхүү нөлөөлжээ.