Цар тахлын улмаас гадаад худалдааны эргэлт буурч, бараа, бүтээгдэхүүний хомсдол үүсэн, үнэ нь өссөн. Үнэ нэмэгдсэн барааны жагсаалтад хүнснээс гадна барилгын материал, түүхий эд зүй ёсоор багтаж буй. Тухайлбал, сүүлийн хоёр жилд барилга угсралтын үндсэн хэрэглэгдэхүүн болох арматурын үнэ дэлхийн зах зээлд 120, БНХАУ болон ОХУ-д 70-80 хувиар өссөнийг Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээлэв. Дэлхийн зах зээлд төмрийн хүдрийн үнэ нэмэгдэж, улмаар ОХУ, БНХАУ-ын нийлүүлэгчид арматурын ханшаа өсгөсөн нь манай импортлогч, барилга угсралтын компаниудад шууд нөлөөллөө хэмээн дээрх яамнаас мэдэгдэж буй. Уг нь өнгөрсөн жил БХБЯ-ныхан барилгын материалын үнийг тогтворжуулах ажлын хэсэг байгуулан, үнийн хөөрөгдөлтэй тэмцэхээ илэрхийлсэн ч ямар үр дүн гарсан нь тодорхойгүй. Тэгвэл дотооддоо арматур үйлдвэрлэх боломжтой юу. Энэ талаар тодрууллаа.
Манай улс сүүлийн 6-7 жилд жил бүр дунджаар 260 000 тонн арматур хэрэглэжээ. Үүнээс 10-15 хувийг дотооддоо үйлдвэрлэсэн аж. Дотоодод арматурыг хаягдал төмөр цуглуулан хайлж, цутгаж хийдэг бөгөөд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг оролцуулбал ийм 15 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн сард нэг тонн арматурын ханш голдчоосоо шалтгаалан дунджаар гурван сая төгрөг байв. Энэ нь өмнөх жилийн мөн үеийнхээс 30, 2019 оныхоос даруй 60 хувиар өссөн дүн юм. ОХУ-аас арматур импортлон, борлуулдаг нэгэн компанийн менежер О.Баттуул “Бид ОХУ-ын арматур худалдаад 10 гаруй жил болсон. Цар тахлын давлагаа эрчимжсэн сүүлийн хоёр жилд уг бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зардал өссөн учраас үнэ нь нэмэгдсэн гэж ойлгосон. Бид хоёрдугаар сард нэг тонныг нь 2.4-2.5 сая төгрөгөөр худалдан авсан нь гурван жилийн дотор дунджаар 65 хувиар нэмэгдсэн гэсэн үг. Үүн дээр тээврийн болон бусад зардлаа нэмдэг тул Монголд тонн арматурын ханш гурван саяас даваад байгаа хэрэг” гэв.
Гаалийн ерөнхий газрын мэдээллээс харахад манай улс үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн худалдан авахад 2020 онд 164.6, өнгөрсөн жил 236.3 сая ам.доллар зарцуулжээ. Төмөр болон гангаар хийсэн эдлэлийн импортод 2020 онд 324.5, 2021 онд 275.6 сая “ногоон” төлсөн байна. Өөрөөр хэлбэл, бид сүүлийн хоёр жилд төмрөөр хийсэн ган, төмөр эдлэл, цувимал худалдан авахад нийт нэг тэрбумаас илүү америк доллар зарцуулжээ. Энэ нь 5-6 жилийн өмнөхтэй харьцуулахад 2-3 дахин өссөн дүн юм. Төмөр, ган бүтээгдэхүүн дээр ширмийнхийг нэмбэл илүү өндөр дүн гарна. Бас 2020, 2021 онд жил бүр дунджаар 7.6 сая тонн төмрийн хүдэр нийлүүлж, нийт 1.5 орчим тэрбум ам.долларын орлого олсон мэдээ байна. Тэгэхээр сүүлийн хоёр жилийн дүнгээс 1.5 тэрбум “ногоон”-ы үнэ бүхий төмрийн хүдэр нийлүүлээд ширэм, ширмэн бүтээгдэхүүнийг оролцуулж тооцвол экспортын орлогоо бараг бүгдийг нь бэлэн бүтээгдэхүүн худалдан авахад зарцуулсан хэрэг.
Төмрийн хүдэр бол төмөр, ган, ширмэн бүтээгдэхүүний үндсэн түүхий эд. Манай улс төмрийн хүдрийн 11 тэрбум тоннын нөөцтэй. Энэ нь жил бүр дунджаар 10 сая тонныг экспортолсон ч дотооддоо түүхий эдээ боловсруулж төмөр, ган, ширмэн эдлэлийн хэрэгцээгээ хэдэн арван жил хангах дүн гэдгийг БХБЯ-ны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг хэлж байна. Тэрбээр “Барилгын материалын үнийн өсөлтийг бууруулахад юу хийж, хэрэгжүүлж буй талаар манай яаманд олон асуулт ирүүлдэг. Бид цементээс бусад барилгын материалыг дотоодод үйлдвэрлэдэггүй. Тиймээс дэлхийн зах зээлийн ханш, нийлүүлэгчдийн санал болгож буй үнийг баримтлахаас өөр аргагүй. Арматурын үнэ өсөж буй шалтгаан нь төмрийн хүдрийнх “чангарч” байгаатай холбоотой. Ер нь орон сууц, бусад барилгын зардлын 45 хувийг материалынх эзэлдэг гэж тооцдог юм. Үүний 17-18 хувийг арматурынх эзэлдэг. Цаашид дотооддоо төмрийн хүдрээ ашиглан арматур үйлдвэрлэхгүй бол үнэ нь тогтворжихгүй. Хаягдал төмрөөр арматур цутгадаг үйлдвэрийн бүтээмж муу, нийлүүлэлт бага. Уг нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Бэрэн групп” төмрийн хүдрээс бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ хэмээн Хөгжлийн банкнаас зээл авсан юм билээ” гэв. Мөн тэрбээр барилгын материалын үнэ тогтворжуулах ажлын хэсгийнхний ажил бол үнийг “барих” бус, нийлүүлэлтийг тогтвортой байлгахад чиглэж буйг хэлсэн. Одоогоор манай улсад 100 000 тонн арматурын нөөц бий бөгөөд 50 000 тонныг захиалаад буй аж. Харин цемент болон бусад материал, түүхий эдийн хомсдол үүсэхгүй ч ханш нь ямар байх нь зах зээлийн нөхцөлөөс шалтгаалахыг дурдсан.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг 2011 онд “Кью эс си” компани концессын гэрээгээр авч байв. Тус компани “Монгол ган” төсөл хэрэгжүүлэхээ зарлан, улсдаа металлургийн анхдагч, ган үйлдвэрлэгч хамгийн том аж ахуйн нэгж байх зорилго дэвшүүлж байж. Жилд 121.7 мянган тонн хаягдал төмөр хайлж, 108 700 тонн төмөр бэлдэц, 100 000 тонн цувимал бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтай байхыг танилцуулгадаа дурдаж байсан юм даг. Дээрх үйлдвэрийнхэн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дахь Төмөртэйн төмрийн хүдрийн ордыг ашиглах зөвшөөрөлтэй. Тус ордод 1995 онд хийсэн хайгуулын үр дүнд хүдрийн агууламжийн хэмжээ өөр өөр ч нийт 220 гаруй сая тоннын нөөцтэй хэмээн тэмдэглэжээ. Ийм арвин нөөцтэй ч боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлгүй, төмрийн хүдэр экспортолсон хэвээр, гэрээгээ зөрчсөн учраас “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг улсын мэдэлд авахаар шийдвэрлэснээ Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт зарласан. Мөн Хөгжлийн банкнаас төмөр боловсруулах үйлдвэр барих зорилгоор 72 орчим сая ам.долларын зээл аваад найман жил болж, зээл нь чанаргүй ангилалд шилжсэн. Тэгвэл уг үйлдвэрийг сэргээн, үйл ажиллагааг нь жигдрүүлж, төмрийн хүдрээс бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлэхэд 4-5 жил шаардлагатай аж. Үүнээс гадна “Бэрэн групп” нь одоогоос 11 жилийн өмнө япончуудтай хамтран Орхон аймгийн нутагт ган төмөрлөгийн үйлдвэр байгуулах гэрээ үзэглэжээ. Мөн л төмрийн хүдэр боловсруулж, жилд 100 000 тонн ган, төмөр бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөсөн ч өдгөө хийсэн ажил бага, улсад төлөх өрийнх нь хэмжээ 44 орчим тэр бум төгрөгт хүрээд байна. “Бэрэн”-гийн төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлбэл төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрийг нь хоёр жилийн хугацаанд ашиглалтад оруулах боломжтойг Д.Батзориг дурдсан.
Арматур импортолдог компаниуд валютын хомсдолд өртөн, гадаад шилжүүлэг хийхэд асуудал тулгарсан гэнэ. Тиймээс тодорхой төс лүүдийн бүтээн байгуулалтыг зогсоохгүй, үргэлжлүүлэхийг зорин ОХУ-аас арматур татаж буй 7-8 компанид дэмжлэг үзүүлж, валютынх нь хангамжийг нэмэгдүүлэхийг зорьж буйгаа холбогдох албаныхан нь мэдээллээ. Ташрамд дурдахад, арматур импортлогч зарим компанийн бүтээгдэхүүний тонн тутмаас 200 хүртэлх кг дутсан зөрчил илэрчээ. Хэрэв аж ахуйн нэгжүүд худалдан авсан арматурынхаа жинд эргэлзэж байвал МХЕГ-т хандаж болох гэнэ.