Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч А.Энхзултай ярилцлаа.
-Замын-Үүд чөлөөт бүсийг Азийн хөгжлийн банкны 30 сая ам.долларын санхүүжилтээр хөгжүүлж байгаа. Чөлөөт бүсийг бүтээн байгуулах ажил ямар шатанд явж байна вэ?
-Бүтээн байгуулалтын ажил нэлээд өрнөж байна. Аливаа хотыг босгоход газар доорх дэд бүтцээ шийдэхгүй бол ямар ч аж ахуйн нэгж хөрөнгө оруулахгүй. Бид чөлөөт бүсээ үйлдвэрлэл, тээвэр ложистик, худалдаа, аялал жуулчлалын гэсэн дөрвөн чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөсөн. Эрээний чөлөөт бүсийг хятадууд мөн ялгаагүй дөрвөн чиглэлээр хөгжүүлнэ. Орон сууцын хороолол байхгүй, байнгын оршин суугчгүй ч чөлөөт бүсэд тодорхой хэмжээний хот босох юм. Бид 2016 онд дулааны станц, цэвэр, бохир ус, цахилгааны дэд станцаа барьж байгуулсан. Гэвч ашиглалтад оруулахгүй олон жилийг өнгөрүүлсний эцэст 2021 оны есдүгээр сарын 30-наас байнгын үйл ажиллагаанд оруулсан. Мөн цахилгааны дэд станцын дутуу тоноглолыг нэмж угсрахаар улсын төсөвт хөрөнгө тусгаад, гүйцэтгэлийг нь хийж байна.
Ирэх зургадугаар сар гэхэд чөлөөт бүсээ цахилгаанаар хангана. Усан хангамж ариутгах татуурга буюу цэвэр, бохир усны станцаа удахгүй байнгын үйл ажиллагаанд оруулна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр гурван багц ажил гүйцэтгэхээр төлөвлөж ажлаа эхлүүлсэн. Нэгдүгээрт, инженерийн шугам сүлжээний нарийвчилсан зураг, төслийг хийх ажлыг эхлүүлсэн. Хоёрдугаарт, зураг, төслийнхөө дагуу инженерийн шугам сүлжээгээ холбох ажил хийнэ. Өөрөөр хэлбэл, барилга байгууламж барихаар төлөвлөсөн газар луу хоолойнуудаа татна гэсэн үг. Үүнээс гадна чөлөөт бүсийн менежментийн зөвлөх үйлчилгээ авна. Монгол Улсад анх удаа чөлөөт бүс нээгдэх гэж байна. Тиймээс олон улсын зөвлөх компаниудын туршлагыг сонсох шаардлагатай. Гуравдугаарт, манайх Эрээний чөлөөт бүстэй эдийн засгийн хамтын ажиллагааны бүс болж байгаа учраас гаалийн нэвтрэх байгууламж байгуулна. Чөлөөт бүсэд Монголын болон БНХАУ-ын талаас нэвтрэх хил, гаалийн хяналтын системийг бүрдүүлнэ. Үүнийг хийх ажлын даалгавар бэлтгэхээр судалгаа хийж байна.
-Төлөвлөсөн ажлаа хэр хугацаанд гүйцэтгэхээр тооцсон бэ?
-Нарийвчилсан шугам сүлжээгээ энэ онд барьж байгуулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Гаалийн нэвтрэх системээ бүрдүүлэх ажлаа энэ жилээс эхлүүлнэ. Гаалийн орц, гарцын байгууламжийн ажлаа 2023 онд хийх юм.
-Замын-Үүд чөлөөт бүсийн үйл ажиллагааг өнгөрсөн жил нээсэн. Тэгэхээр чөлөөт бүс үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн гэсэн үг үү?
-Замын-Үүд чөлөөт бүс байгуулах тогтоолыг 2004 онд баталсан байдаг. Гэвч байнгын үйл ажиллагаанд оруулах шийдвэрийг Засгийн газар гаргаж байгаагүй. Үүнтэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчдад эргэлзээ байсан. Энэ эргэлзээг тайлах үүднээс бид Засгийн газраар байнгын үйл ажиллагаанд оруулах тогтоолоо гаргуулсан. Ингэснээр аж ахуйн нэгжүүдэд итгэл төрсөн. Тухайн үед манай чөлөөт бүсэд гурван дэлгүүр байнгын үйл ажиллагаанд орохоор хүлээж байлаа. Гэвч байнгын үйл ажиллагаанд оруулаагүй учраас хөрөнгө оруулагчид дэлгүүрээ нээж чадахгүй байсан юм. Тэгвэл тухайн шийдвэрийг гаргуулснаар байнгын үйл ажиллагаатай гурван дэлгүүрээр иргэд үйлчлүүлж байна. Эдгээр дэлгүүрээр өдөр бүр 200 гаруй хүн үйлчлүүлж байгаа гэсэн мэдээлэл бий. Чөлөөт бүсийн дэд бүтцийг шийдэж, эрх зүйн орчныг нь сайжруулснаар бүтээн байгуулалт эрчимжлээ. Энэ онд бүтээн байгуулалтаа эхлүүлэхээр 77 аж ахуйн нэгж зөвшөөрлөө авсан. Тэдгээрийн 30 хувь нь үйлдвэрлэл, мөн төдий хэмжээнийх нь тээвэр ложистик, 20-иод хувь нь худалдаа, үлдсэн нь аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар ажиллаж байна. Бид хөрөнгө оруулагчдадаа мэдээллээ хүргээд, газар олголтоо үргэлжлүүлбэл энэ тоо өсөх хандлагатай байгаа.
-Чөлөөт бүсэд 77 аж ахуйн нэгжид газар олгосон гэж ойлголоо. Нэмж газар олгож байгаа юу?
-Өмнөх захирагч нар 101 га газрыг хөрөнгө оруулагчдад олгочихсон. Одоогийн байдлаар Замын-Үүд чөлөөт бүсийн төлөвлөлтөө Эрээний талтай уялдуулах учраас газар олголтоо түр зогсоогоод байна. Өмнө нь 101 га талбайд газар авсан 77 аж ахуйн нэгж бүтээн байгуулалтаа энэ жилээс эхлүүлэх юм.
-Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр чөлөөт бүсийн хэдэн газарт инженерийн шугам сүлжээ тавих вэ?
-Азийн хөгжлийн банкны төсөл 2025 онд дуусна. Чөлөөт бүсийн талбай 900 га газрыг хамардаг. Тус банкны санхүүжилтээр эхний ээлжид 300 га талбайд инженерийн шугам тавина. Төслийг амжилттай хэрэгжүүлбэл дээрх банкны санхүүжилтийг цаашид үргэлжлүүлэх боломжтой гэж харж байгаа. Манай чөлөөт бүс, Эрээний чөлөөт бүстэй эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүс болж байгаагаараа онцлог. Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс болох хэлэлцээр энэ оны нэгдүгээр сарын 31-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд байна. Хэлэлцээрт хоёр тал Зохицуулах зөвлөл байгуулна гэж заасан. Монголын талын Зохицуулах зөвлөлийг өнгөрсөн сарын 7-ны Засгийн газрын хуралдаанаар байгуулж, Гадаад харилцааны сайдаар ахлуулсан. Бид БНХАУ-ын талд Зохицуулах зөвлөлөө байгуулснаа мэдэгдэнэ. Ингэснээр хоёр талын Зохицуулах зөвлөлийн анхны хурлыг хийх чухал ажил хүлээгдэж байна. Хятадын талын Зохицуулах зөвлөлийг худалдааны сайд нь, эсвэл түүнтэй дүйх албан тушаалтан ахална гэж заасан. Хоёр талын Зохицуулах зөвлөл эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн төлөвлөлтөө хэрхэн уялдуулах, мөн хоёр чөлөөт бүсээ аль цэгээр холбох вэ гэдгээ ярилцана. Хоёр чөлөөт бүсийн үндсэн орц гарц, тээвэр ложистикийг холбох цэгийг тохиролцох учиртай. Бид Зохицуулах зөвлөлийн анхны хурлын бэлтгэлээ хийж эхэлсэн. Эхний ээлжид Замын-Үүд болон Эрээний чөлөөт бүсийг гурван гарцаар холбоно гэж ярьж байгаа. Тэгэхээр хоёр чөлөөт бүс тус тусдаа хөгжинө гэсэн ойлголт байхгүй. Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос эхлээд Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хамтарч хөгжинө гэж ойлгох хэрэгтэй.
-Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хил дамнасан чөлөөт бүс гэсэн энгийн үгээр нэрлэхэд монголчууд хятадуудтай холилдох юм байна гэж болгоомжлох хүн таарч байсан. Чөлөөт бүсийн гурван орц, гарцаар хил, гаалийн хяналт хийж, хоёр орны иргэдийг нэвтрүүлнэ биз дээ.
-Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хил, гаалийн шалган нэвтрүүлэх систем хийлгэж буй нь хоёр орны иргэдийг аль нэг чөлөөт бүсээс нөгөө рүү нэвтрэхэд хянах зорилготой юм. Монгол Улсын иргэн Замын-Үүдийн чөлөөт бүс рүү нэвтэрлээ гэж бодъё. Тэр хүн Замын-Үүд болон Эрээний чөлөөт бүсэд 30 хоногийн хугацаанд чөлөөтэй үйлчлүүлээд, аялах боломжтой. Харин 30 хоногтоо багтаж Замын-Үүд чөлөөт бүсээр заавал буцаж гарах ёстой. Замын-Үүд чөлөөт бүсээр нэвтрээд Эрээний чөлөөт бүсээр дамжаад Хятад руу гарч болохгүй. Хэрэв чөлөөт бүсэд зорчиж байгаад Хятад руу явах шаардлага гарвал Замын-Үүд чөлөөт бүсээр буцаж гараад, бичиг баримтаа бүрдүүлээд олон улсынхаа боомтоор нэвтэрнэ. Хятадууд ч бас л ингэх ёстой. Чөлөөт бүсээр дамжиж ирээд Монголын нутгаар визгүй зорчих гээд байна гэсэн ойлголт байхгүй. Замын-Үүдийн 900, Эрээний 903 га газарт аль аль улсынх нь иргэн визгүйгээр үйлчлүүлээд, ажиллах бүрэн боломжтой.
-Хоёр талын Зохицуулах зөвлөл хуралдаж, төлөвлөлт, орц, гарцаа хэрхэх талаар тохиролцсоны дараа газраа олгож эхэлнэ гэж ойлголоо. Чөлөөт бүсэд газар авахаар хөрөнгө оруулагчид хэр сонирхож байна вэ?
-Манай Хөрөнгө оруулалтын хэлтсээс мэдээлэл авъя, газар олголтоо хэзээ эхлэх вэ гэж лавлаж буй хөрөнгө оруулагч олон байна. Мөн Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс бий болгосноор ямар давуу тал үүсэх вэ гэдгийг ихээхэн сонирхож байгаа. Бид “Монголын эдийн засгийн чуулган-2022”-т оролцож, чөлөөт бүсийн талаар мэдээлэл өгнө. Мөн “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн хөгжил” сэдэвт форумыг энэ сарын 28-нд зохион байгуулах юм. Уг форумд Замын-Үүд чөлөөт бүсэд хөрөнгө оруулах сонирхолтой аж ахуйн нэгжийн төлөөллийг урьж байна. Форумын үеэр эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай хэлэлцээрийг соёрхон баталснаар хөрөнгө оруулагчдад ямар давуу тал, боломжууд бий болж буй тухай мэдээлэл өгнө.
-Хятадууд аливаа ажлыг зохион байгуулалт сайтай, хурдтай хийдэг. Гэтэл манайхан хөшүүн хойрго. Хоёр чөлөөт бүсийн хооронд өнөөгийн Замын-Үүд сум, Эрээн хот хоёр шиг ялгаа гарчихвал яах вэ. Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулсны бүх боломжийг хятадууд л хүртдэг нөхцөл үүсчихгүй биз?
-Хоёр улсын хэлэлцээр харилцан уялдаатай ижил түвшинд хөгжинө гэж заасан байгаа. Мэдээжийн хэрэг Монголын төлөвлөлт муу байх вий гэсэн болгоомжлол хэнд ч төрнө. Бид Газрын тухай хуулийн дагуу газраа төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдаа гэсэн хоёр замаар олгодог. Өмнөх захирагч нарын төсөл сонгон шалгаруулалтаар олгосон газарт тухайн төслийн дагуу бүтээн байгуулалтаа хийнэ. Захирагчийн ажлыг аваад баримталж буй бодлого маань Улаанбаатарт баримталдаг бүх стандартыг мөрдүүлэх юм. Тухайн бүтээн байгуулалт, төслийг үнэлж, харж байж газар олгоно. 900 га гэдэг бол хязгаарлагдмал газар. Тиймээс үйлдвэр, зочид буудал, худалдааны төв барихад өндөр стандарт тавина гэж бодож байна. Ганц давхар дэлгүүр баривал хайран газар болно. Эрээний чөлөөт бүсээс дутахгүй хөгжилтэй чөлөөт бүс байгуулах бодлого баримтална гэж бодож байна. Өмнө нь газар олгосон төслүүдийг өөрчил, сайжруул гэж шахах хууль, эрх зүйн боломж бидэнд байхгүй. Замын-Үүд, Эрээний чөлөөт бүс шууд харьцуулагдах нь тодорхой. Тиймээс Засгийн газраас ч хөрөнгө оруулалтаа нэмэх талаар хичээж ажиллана. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өндөр түвшинд байлгахыг зорино.
-Газар олголтод гадаадын хөрөнгө оруулагчдад ямар зарчим баримталж ажиллах вэ. Эсвэл зөвхөн үндэсний хөрөнгө оруулагчдадаа боломж олгох юм уу?
-Манай чөлөөт бүсийн нэг зорилт нь өндөр технологи нутагшуулах юм. Мөн Монголд үйлдвэрлэдэг бараа, бүтээгдэхүүний төрөл зүйлийг олон болгох, экспортыг дэмжих зорилттой. Тиймээс эхний ээлжид үндэсний хөрөнгө оруулагчдадаа боломж олгоно. Өндөр технологи нутагшуулах зорилтоо хэрэгжүүлэхийн тулд гадаадын компаниудыг урин дуудна. Чөлөөт бүс татварын хөнгөлөлтөөр маш их боломж авчрах учраас дотоодын хөрөнгө оруулагчдаа тэргүүнд тавина. Зам-Үүдын чөлөөт бүс худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, дараагийн том боомт болох юм. Нэг талаар татваргүйгээр бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Хятадын зах зээл төдийгүй олон улсад нийлүүлэх боломжийг Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийнхэндээ олгож байна гэж ойлгох хэрэгтэй.