Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ энэ долоо хоногт хэлэлцэн батална. Засгийн газраас хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн. Хоёр хуудас хүрэхгүй хэмжээтэй, цөөн заалттай уг хуулийн төсөлд Засгийн газар, Монголбанк гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахад ямар арга хэмжээ авахаа тусгажээ. Гол нэрийн бараа, бүтээгдэхүүнийг гурил, мах, шатахуун гэж тодорхойлов. Өөрөөр хэлбэл, инфляц үүсгэдэг гурван гол бараа, бүтээгдэхүүний үнийг уг хуулийн дагуу тогтворжуулах нь. Ерөнхийд нь дүгнэвэл Засгийн газар үнэ тогтворжуулах ажлыг гардан зохион байгуулж, Монголбанк санхүүгийн механизмаар дэмжих юм байна. Мөн энэ хуульд Монгол Улсын валютын нөөцийг нэмэх тусгайлсан хоёр заалт тусгажээ.
УИХ-ын зарим гишүүн үнийг нь тогтворжуулах бараа, бүтээгдэхүүний тоо цөөн байна гэж шүүмжилж буй. Тэд эм, эмнэлгийн хэрэгслийн үнийг тогтворжуулах, нөөцийг бүрдүүлэх шаардлагатай гэсэн санал гаргасан. Тэгэхээр хэлэлцүүлгийн явцад үнийг нь тогтворжуулах бараа, бүтээгдэхүүний тоо нэмэгдэж магадгүй юм. Сангийн сайд Б.Жавхлан “Олон бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах шаардлага бий. Гэхдээ бүгдийнх нь үнийг тогтворжуулах боломж Засгийн газарт байхгүй. Гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийг л тогтворжуулах шаардлагатай гэж үзэж, энэ хуулийн төслийг боловсруулсан” хэмээн байр сууриа илэрхийлсэн.
Засгийн газар үнэ тогтворжуулах ажлыг зохион байгуулахаас гадна шаардлагатай тохиолдолд үнэт цаас, баталгаа гаргах, импортын гаалийн татварыг бууруулах зохицуулалт хийх үүрэг хүлээжээ. Тэгвэл Монголбанк мах бэлтгэн нийлүүлэгч, гурил үйлдвэрлэгч, шатахуун импортлогчдод хямд хүүтэй санхүүжилт олгох механизмыг бүрдүүлэх юм байна. Үүнээс гадна санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашиглан импортын төлбөрийн гадаад валютын эрсдэлийг бууруулах аж. Энгийнээр хэлбэл, шатахуун импортлогчдод валютын форвард хэлцлээр зах зээлийнхээс доогуур ханшаар ам.доллар нийлүүлнэ гэсэн үг.
Монголбанк 2013 онд үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхдээ мах бэлтгэн нийлүүлэгчид, гурил үйлдвэрлэгч, шатахуун импортлогчдод хөнгөлөлттэй зээл олгож байв. Мөн шатахуун импортлогчдод форвард хэлцлээр зах зээлийн ханшаас доогуур үнээр ам.доллар нийлүүлж байсан. Хуучин үнэ тогтворжуулах хөтөлбөрийн санхүүжилтийн механизмыг энэ удаа ашиглах нь. Гэхдээ хоёр хөтөлбөрийн санхүүжилтийн схем, зорилго адилхан ч мөнгөний гарал үүсэл нь өөр байх аж. Монголбанк 2013 онд үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхдээ санхүүжилтийг өөрийн нуруунд үүрч байв. Тэгвэл энэ удаа банкуудын эх үүсвэрийг ашиглахаар шийджээ. Арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээс аж ахуйн нэгжүүдэд бага хүүтэй зээл олгоно. Харин хүүгийн зөрүүг Засгийн газар төсвийн хөрөнгөөс төлөх юм байна.
Цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямралын үед Засгийн газар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө” хэрэгжүүлсэн. Үүний хүрээнд ажлын байрыг дэмжих зээлийг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд олгосон билээ. Ингэхдээ арилжааны банк гурван хувийн хүүтэй зээл олгож, есөн хувийн хүүг нь Засгийн газар банкуудад татаас хэлбэрээр нөхөн олгож буй. “Хямралт нөхцөл”-ийн хуулийн дагуу дээрх хэлбэрээр үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхийг эх сурвалж дуулгалаа.
Үнэ тогтворжуулах шинэ хөтөлбөрийн хүрээнд хэдэн хувийн хүүтэй зээл олгох, хэр хэмжээний санхүүжилт гаргах нь одоогоор тодорхойгүй байна. Хуулийн төслийг хэлэлцүүлэх үед энэ бүгд тодорхой болох биз. Бидний авсан мэдээллээр шатахууны үнийг тогтворжуулахад 200 тэрбум төгрөгийн зээл гаргах төсөл боловсруулжээ. Өөрөөр хэлбэл, 60 сая ам.долларын зээл гаргана гэсэн үг. Энэ бол Монгол Улсын гурван сарын хэрэглээний шатахууныг нөөцлөх мөнгө. Ерөөс “Хямралт нөхцөл”-ийн хууль мах, гурил, шатахууны гурван сарын хэрэглээний нөөцийг бүрдүүлэх зорилготой байсан гэнэ.
Өнгөрсөн долоо хоногт болсон “Ажлаа хий” жагсаалын үеэр өргөн хэрэглээний барааны үнэ өссөн нь иргэдийн амьдралд дарамт болж буйг жагсагчид илүүтэй хөндсөн. Тиймээс хөтөлбөрийн хүрээг өргөсгөх өндөр магадлалтай гэж шинжээчид таамаглаж байна. Хүрээг нь өргөсгөвөл нэг их наяд төгрөгөөс дээш санхүүжилттэй хөтөлбөр болно гэж төсөөлж болох юм. Юутай ч, шатахууны үнийг тогтворжуулах санхүүжилтийн хэмжээ багадсан байх талтай. Нөхцөл байдал тодорхой үед нэлээд хэмжээний санхүүжилт олгох бэлтгэлээ одооноос хангачихвал дээр биш үү.
Аливаа ажил шүүмжлэл дагуулахгүй байна гэж үгүй. Мах, гурилын үнийг тогтворжуулах санхүүжилтийг мах бэлтгэх, ургац хураах, нөөцлөх цагаар олгох нь зүйтэй гэж эдийн засагчид ярьж байна. Үнэхээр ч намар олгох нь зөв. Хөнгөлөлттэй санхүүжилтээр мах бэлтгээд, улаан буудайгаа худалдаад авчихвал хямд үнээр борлуулах нөхцөл бүрдэх нь дамжиггүй. Эдийн засагчид мөн “Одоо мах, гурлын үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл олгосон ч энэ онд инфляцыг бууруулахад ямар ч нэмэр болохгүй. Харин ирэх жил үр дүн нь гарна” гэж буй. Гэхдээ нөхцөл байдал тодорхойгүй үед нөөц бүрдүүлээд авсан нь зөв гэдэгтэй хэн ч маргахгүй биз.
Хөтөлбөрийг илүү далайцтай болгохын тулд их хэмжээний санхүүжилт хэрэгтэй. Далайцтай хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлага үүссэн үү гэвэл тийм. Тэгэхээр 300-400 тэрбум төгрөгийн биш, нэг их наяд төгрөг давсан санхүүжилттэй дорвитойхон хөтөлбөр хэрэгжүүлээсэй. Товчхондоо, санхүүжилтээ нэмэх хэрэгтэй. Шаардлагатай тохиолдолд сандрахгүйгээр “гал унтраах” төлөвлөгөөтэй, мөнгөтэй сууж байвал сайн сан.
Нийтлэлийн эхэнд “Хямралт нөхцөл”- ийн хуульд Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах хоёр заалт тусгасныг дурдсан. Монголбанкны худалдаж авах алтны хэмжээг нэмэгдүүлэхийн тулд олборлогчдод урьдчилгаа төлбөр өгөх эрхийг дээрх хуулиар олгох нь. Санхүүжилт сайтай уурхай их хэмжээний алт олборлоно гэсэн логик цаана явж буй юм. Үүнээс гадна Лондоны металлын биржийнхээс таван хувийн нэмэгдэлтэй үнээр гадаад, дотоодоос алт худалдан авах эрхийг Монголбанканд өгөх юм байна. Манай улсын валютын нөөц 3.2 тэрбум ам.долларт хүрч багассан. Ийм бага нөөцөөр валютын нийлүүлэлтийг нэмж, ам.долларын ханшийг тогтворжуулж дийлэхгүй. Тиймээс алтны худалдан авалтаа нэмэгдүүлж, валютын нөөцөө нэмэгдүүлэх гэж буй бодлого нь маш зөв. Төлбөрийн тэнцлийн алдагдал 500 сая ам.доллар давсан ярвигтай үед алт хэмээх ам.доллар руу шууд хөрвөдөг металл аминд орох нь ойлгомжтой. “Хямралт нөхцөл”- ийн хүндрэлийг давах ийм хуулийн төслийг УИХ батлах гэж байна. Тооцоо, судалгаа сайтай, том зургаар нь харсан, хамгийн гол нь мэдэгдэхүйц үр дүнд хүрэх зохицуулалт байгаасай.