Хятадын Эрээн хотоос бараа, бүтээгдэхүүн захиалахад нэг юанийг өчигдрийн байдлаар 515-518 төгрөгөөр тооцсоныг худалдаачид хэлэв. Тодруулбал, “Бөмбөгөр”, “Peace mall” худалдааны төвд лангуу түрээслэгч нэгэн “Эрээн рүү ачаа, бараа захихад юанийн ханш Улаанбаатарынхаас ямагт өндөр байдаг. 10 өдрийн өмнө дийлэнх банк нэг юанийг 495-498, Эрээнд эл ханшнаас 7-9 төгрөгөөр илүү тооцож байсан. Тэгвэл өнөөдөр (өчигдөр) юань зарах бэлэн бус ханш банкуудад 506 төгрөгөөс давсан бол Эрээнд 516- гаар тооцлоо” гэж ярилаа.
Тэгвэл “Найман шарга” захад өчигдөр ченжүүд юанийг 504-507 төгрөгөөр худалдан авч, 510-аар борлуулж байв. Энэ нь 10 хоногийн өмнөхөөс уг валютыг авах, зарах ханш 14-15 төгрөгөөр өссөн дүн юм.
Түүнчлэн тус захад ам.долларыг 3150 төгрөгөөр худалдан авч байсан бол зарах “ногоон” алга хэмээн олонх ченж өгүүлэв. Ингэснээр “Найман шарга”-д ам.доллар худалдан авах ханш хоёр долоо хоногт 20 төгрөгөөр ахисан үзүүлэлт боллоо. Ташрамд дурдахад, Монголбанкны нэрлэсэн ханшаар өчигдөр нэг юань 476.4, ам.доллар 3034.25 төгрөгтэй тэнцсэн нь долоо хоногийн өмнөхөөс “ногооны” ханш 27.94, юанийнх 3.94-өөр өссөн дүн юм.