Дэлхийн хүнсний үнэ өнгөрсөн сард 12.6 хувиар өсөж, 1990 оноос хойших түүхэн дээд хэмжээнд хүрсэн тухай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас (ХХААБ) мэдээллээ. Тус байгууллагын тооцоолсноор хүнсний үнийн индекс гуравдугаар сард дунджаар 159.3 пункт байжээ. Олон улсын зах зээлд үнэ мэдэгдэхүйц өссөнийг Украинд үргэлжилж буй мөргөлдөөнтэй холбон тайлбарлаж байна.
“Хар тэнгисийн бүс нутагт болж буй цэргийн ажиллагаа үр тариа, ургамлын тосны гол зах зээлд хэд хэдэн цочрол өглөө. Орос болон Украин дэлхийн улаан буудайн экспортын 30, эрдэнэ шишийн экспортын 20 орчим хувийг бүрдүүлдэг” гэж баримт бичигт тайлбарлав. Мөн дэлхийн тэргүүлэгч экспортлогч Украи
ны нийлүүлэлт хүндрэлтэй байгаагаас үүдэн ургамлын тосны үнийн индекс түүхэнд байгаагүй өндөр буюу 23.2 хувиар өссөнийг тус байгууллагын шинжээчид тэмдэглэжээ. Гуравдугаар сард элсэн чихрийн үнэ дунджаар 6.7 хувиар өссөн нь нефтийн болон Бразилын реалийн ханш өсөлттэй холбон НҮБ-ын ХХААБ тайлбарласан юм. Баруун Европт гахайн мах хомсдож, томуу дэгдсэний улмаас шувууны махны нийлүүлэлт багассаар махны үнэ мөн сард 4.8 хувиар өсөж, түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна. Мөн сард сүүн бүтээгдэхүүний үнэ дунджаар 2.6 хувиар өссөн гэнэ.
Хоёрдугаар сард дэлхийн хүнсний үнэ мөн түүхэн дээд үзүүлэлтэд хүрч, индекс нь 140.7 пункт болсныг НҮБ-ын ХХААБ-аас гуравдугаар сарын эхээр мэдээлсэн билээ. Тэр үед Хар тэнгисийн боомтуудын нийлүүлэлт тодорхойгүй байсны сацуу Баруун Европ, далайн орнуудад сүүний нийлүүлэлт бага, Өмнөд Америкийн үр тарианы үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд таагүй нөхцөл байдал үүссэнийг үнэ өссөн шалтгаан гэж үзсэн.