“Баянгол” зочид буудлын зүүн талд байх нийтийн тээврийн автобусны буудал орой 20.30 цагаас хойш “хувийн өмч” болчихдог хачирхалтай үзэгдлийг иргэд андахгүй. Ганц энэ цэг ч биш, хотын төв хэсгийн зарим зогсоол хувийн машинтай хэсэг хүнд тийнхүү эзлэгддэг болоод багагүй хугацаа өнгөрч буйг иргэд байтугай замын цагдаа нар ч мэднэ.
Орой ажил тараад, автобусгүй хоцорсон хүмүүс арга ядаад буудал дээр багшран зогсож, үгсэн хуйвалдсан хувийн таксичдын “хоол” болдог юм. Шөнө, орой харуй бүрийгээр хол газрыг явган туулж, айж ичиж байхаар автобусны буудалд “тосон үйлчилдэг такси”-гаар харих нь өлзийтэй ч гэсэн үнэндээ бол нэг удаагийн явалтаар хэд хоногийн хоол, унааны мөнгөө тэдэнд “сэгсрүүлдэг” нь гаслантай. Тэр жолооч нарын үнэ ханш тогтвортой байх нь үгүй, хаврын тэнгэр шиг хуйсгануур, хэлэхээс ч халширмаар өндөр байдаг гачлантай.
“5000-ГААР ЯВАХГҮЙ БОЛ БОЛЬ, ОДОО АВТОБУС ИРЭХГҮЙ ШҮҮ”
Хэд хоногийн өмнө 21.30 цагийн үед ажил тараад “Баянгол”-ын буудалд автобус хүлээсэн боловч нийслэлийн нийтийн тээврийн жолооч нарын “аашилдаг, бултдаг” үе нь учраас унааны бараа харалгүй 20 гаруй минут зогслоо. Ер нь автобуснууд орой 21.00 цагаас эхлээд “хашин” болж, үзэгдэх нь цөөрч, ирсэн нь ихэвчлэн зогсохгүй жирийлгэдэг нь манай хотод бичигдээгүй хууль. Ч:72 зэрэг зарим чиглэлийнхийг тэр цагаар харна гэвэл ёстой л горьдсоны гарз гээч нь болно. Тиймээс автобус хүлээж байсан хүмүүс захаасаа нөгөөх таксичдыг бараадав. Тэгээд ч тэд явалгүй хэсэг хүлээсэн учир нь 4-5 хүн суулгасны эцэст хөдөлдөг жолооч нарын “алтан дүрэмтэй” холбоотой. Нэг машин дүүрээд, хөдөлсний дараа ард нь зогсох жолоочийн “хоолны цаг”.
Ингэж зогсох зуурт машинд суусан зарим иргэн “Арай үнэтэй явж байна” гэж ундууцах нь сонсогдов. Хариуд нь жолооч “Тэгвэл буухгүй юу, албагүй шүү” гэж зандарснаа “Нисэх, Яармаг 5000” гэж чанга хашхирах. Нэг хүнийг км үл харгалзан 5000 төгрөгөөр зөөнө гэсэн үг. Голчлон Нисэх, түүнээс цааш явах хүмүүс тэр “таксинуудыг” сонгох аж. Бидний хэсэг хүний олонх нь 120-ийн буудлаас эхлээд Яармаг хүрэх тул таксины төлбөрөө “дундаа хийгээд” хамт явахаар ярилцав. Замын унаанд гар өргөлөө, зогсох нь үгүй. Тэгж байтал түүгээр явж байсан залуу “Наана чинь такси зогсдоггүй шүү. Зогсвол цаад хэдэн луйварчдад чинь алуулна” гэж сануулснаар автобусны зогсоолоос нэлээд холдон байж “км нь 2000” гэсэн жолоочтой таарч бөөн баяр болсон бөлгөө. Биднээс салж өөр чиглэлд явсан нэг танилын минь аз гийж, бүр нэг км-т 1500 төгрөгөөр явдаг жолоочтой таарсан гэж байгаа.
Үүнээс хэд хоногийн өмнө мөн л ажлаас оройтож гараад автобусгүй хоцорсон тул дээрх буудалд нэг “сайн” залуутай таарч хүн тус бүр 3000 төгрөгөөр явсан юм. Тэрбээр бөөгнөрөн зогсох “таксинуудаас” машинаа арай зайдуу байрлуулж, түүгээр явж өнгөрөх хүмүүсээс “Унаа авах уу” гэж бараг л шивнэх шахам асууж байв. Тэгснээ гэмтэй юм шиг ийш тийш хяламхийж, нүд, толгойгоороо дохин байж “Миний машин тэнд зогсож байгаа шүү” гэж ойлгуулав. Айж байгаа нь илт.
Автобусны зогсоолын “эзэд” шинэ жолооч нэмж зогсоох дургүй, өөрсдийнх нь тогтоосон үнэ ханшнаас зөрж, хямдхан явахыг бүр ч үзэхгүй. Яг л гэмт хэргийн бүлэглэл шиг. Яагаад ингэж хэлэв гэхээр, тэд арай хямд явсан нэгнийг бөөндөө дарамталж, зодож, цохихоос эхлээд машиных нь дугуйг хагалж, энд тэнд нь сэвтээж, янз бүрээр хорлодог гэсэн. Энэ бол тэдний дураар аашилдгийн наад захын жишээ. Үүнээс ч балмад аашилдаг гэж тэдний дайралтад өртөж, хаширсан нэгэн залуу учирлаж байлаа. Энэ бол үнэхээр ужгирсан асуудал.
Нийтийн эзмшлийн талбайг дураар эзэлчихээд, амандаа багтсан үнэ хэлж, байсхийгээд л үүнийгээ өсгөж явсаар өнөөдөр “5000 төгрөгөөр явахгүй бол боль, албагүй, одоо автобус ирэхгүй шүү” хэмээн хэнэг ч үгүй хэлж зогсоно. Маргааш энэ ханш нэмэгдсэн байвал гайхах юм биш. Бодит байдал өнөөдөр ийм л байгаа. Тэгсэн хэрнээ машин тэргээ арчиж, угаана гэж байхгүй, тамхи баагиулж тэр хавийг бохирдуулж, иргэдийг хордуулна. Бас чанга чанга ярилцаж, хашхирч, инээлдэж, элдэв хараал хэлэх нь сонсогдоно. Их хотын иргэд гэхэд ичмээр. Газрын хаанаас гарч ирсэн “хогнууд” тэнд цуглаж хаанчлал тогтоосон юм бол гэмээр. Төрийн мөрдэстэй, замын цагдаа нар ажил үүргээ гүйцэтгэхдээ энэ мэт нийслэлийн сүгнүүдийг хардаг ч шаардлага тавьдаггүйд нь бас гомдмоор.
Сар орчмын өмнө уг нь энэ ханш 2500 байсан юм. Удалгүй 3000 болсон. Бензиний үнэ өссөн ч гэсэн аливаад ханатай хандах ёстой. Бүгд л амьдралын төлөө, нийгмийнхээ хатуутай тулж яваа. Тэгтэл “Талхныхаа мөнгийг олох” нэрийдлээр ингэж нэгнийгээ хэд нугалан шулж, үүнийгээ зах зээлийн үйлчилгээ мэтээр тайлбарлах муйхар хүмүүс энэ мэтээр нийтийн тээврийн буудалд даам гарчихаад байгааг хянадаг, зохицуулдаг газар байна уу.
АВТОБУСНЫ ЦАГИЙГ УРТАСГАХ ШААРДЛАГАТАЙ
Өгүүлэх гэсэн гол санаа минь уг нь нийтийн тээврийн цагийн хуваарийг сунгах юм. Автобусны хүртээмж хангалттай, орой 22.00 бус, наанадаж 23.00 цаг хүртэл явдаг бол иргэд унаагүйн улмаас энэ мэтээр хэсэг хүний царай харах шаардлагагүй. Нийслэлийн Нийтийн тээврийн газар болон холбогдох яам, тамгын газар, албан тушаалтнууд энэ талаар судалж, шийдвэрт хүрэхгүй бол хэдий болтол ийм байдалтай явах вэ. Өнөөдөр төрийн албаныхны л ажлын цаг наймаар хэмжигдэж байгаа болов уу. Энэ улс, хотыг чинь хөдөлгөж, үүрч яваа хувийн хэвшлийнхэн, компаниудын ажлын цаг хэд билээ. Барагцаагаар хэдэн цагт тардгийг судалж үзсэн үү?
Бид хэддүгээр зуунд, хаана амьдраад байна вэ. Дэлхийн хотуудын амьдрал шөнө эхэлдэг гэсэн үг бий. Ажил албанаасаа тараад найз нөхөдтэйгөө уулзаж, зоогийн газарт очиж, театраар үйлчлүүлж, шөнийн гудамжаар тайван алхаж хүн шиг тэнүүн сайхан амьдармаар л байна. Берлин, Парис, Сөүл, Бээжин зэрэг том хотын иргэд шиг ажлын дараа цагийг сайхан өнгөрүүлмээр байна. Тэгтэл унаагүйн зовлонгоос болж энэ бүх эрхээ “хасуулж” байгаа нь Улаанбаатар хэмээх мегаполис хотын иргэдийн бодит төрх. Нийслэлчүүдийн хувьд ажил тараад “амьдрал” байхгүйтэй утга нэг байна. Гэртээ харих унаагүй хүмүүс юун ажлын дараах зугаа цэнгэл, соёлын хөтөлбөр, гэгээрэл вэ. Нийслэлийн томоохон худалдааны төв, дэлгүүрүүд эрт хаачихдаг. Ажлаа тараад дэлгүүр орох нь өдрийн од харахтай адил ховор үзэгдэл. Энэ бүхний шалтгаан мөн л нийтийн тээврийн цагтай холбоотой гэж тайлбарладаг хүн олон бий.
Өнөөдөр нийслэлийн нийтийн тээврийн автобуснууд 06.30-22.00 цагийн хооронд үйлчилж байна гэдэг ч үнэндээ бол цагтаа ажлаа эхэлдэг нь цөөхөн. Өгөгдсөн хугацаанаас багадаа 10 минут унжиж ажлаа эхлэх нь жирийн л явдал юм билээ. Орой буух үеийг бол бүр таашгүй. Ёстой л жолооч нар таалал, тааваараа шийдэх асуудал болсон. Тиймдээ ч 21.30 цаг гэхэд “автобус зогссон” гэж даналзах жолооч нар иргэдийн хэрэгцээнд дөрөөлөн үнийг дураараа хөөрөгдөн галзуурч буй.
Өнгөрсөн сард Зайсан чиглэлийн нэгэн автобусанд явж байтал “Хяналтын ажилчин” гэсэн хантаазтай болон “Смарт карт”-ын ажилчин гэж өөрийгөө танилцуулсан хоёр эмэгтэй иргэдэд ихэд мэдэмхийрэн ийнхүү тайлбарласан юм. Тэдний хэлснээр бол оройн цагаар автобус яагаад ховорддог шалтгаан нь бааз руугаа явах гэж цаг их зарцуулдаг, засвар үйлчилгээ хийлгэх хугацаа нь үйлчилгээний цагт нь багтдаг юм гэсэн. Яагаад иргэдэд үйлчлэх цагт ийм ажлуудыг багтаадаг юм бэ гэж асуухад “Жолооч нар чинь бас хүн шүү дээ. Та нартай адилхан гэр лүүгээ яардаг” гэв.
Сав, баглаа боодолтой бүтээгдэхүүн дээр цэвэр болон бохир жин гэсэн хоёр хэмжээ тэмдэглэсэн байдаг. Жишээ нь, талхаар бодоход бид тухайн бүтээгдэхүүний “цэвэр жинг” нь иднэ. Бохир буюу уут, савных нь жин бидэнд хоол болохгүй. Үүн лүгээ адил үйлчилгээнд гарах буюу иргэдэд үйлчлэх цаг нь 06.30-22.00 гэсэн үг. Гэтэл дунд нь баахан “хоосон сав” тооцоод жолооч нар маань гэртээ харьчихдаг юм биш байгаа. Энэ бол егөөдөл боловч заримдаа ортой байх гэж харддаг шүү. Автобуснууд цагийн хуваариасаа даруй 1-2 цагаар дутуу яваад байхаар аргагүй биз дээ.
Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Нийтийн тээврийн реформыг цаг алдалгүй хийнэ” гэж хэлсэн. Шинэчлэлийн ажилдаа зөвхөн техникээ хамруулаад орхивол өрөөсгөл шүү, дарга аа. Нийтийн тээврийн реформ гэдэгт автобусны хүртээмжийг нэмэгдүүлэх, аюулгүй, эрсдэлгүй байлгах, эко-цахилгаан техникээр хүчжүүлэх зэргээс гадна буудал хоорондын зай хэр байна вэ, зогсоолын үзэмж, иргэдэд ээлтэй байж чадаж байна уу, автобуснуудын цагийн хуваарь, чиглэл нь хотын иргэдийн ажил, амьдралын хэмнэлтэй зохицож байгаа, эсэх гээд олон талтай, өргөн хүрээнд авч хэлэлцэх асуудал гэдгийг гадарлаж байгаа биз ээ.
Дэлхийн том хотуудын жишгээр бол нийтийн тээврийн автобусны үйлчилгээний “цэвэр жин нь” 05.30-23.30 цаг байдаг талаар өдгөө Токио, Франкфурт, Берлин, Канберра зэрэг том хотод амьдарч буй монголчуудаасаа мэдээлэл авснаа энэ ташрамд дурдъя.
Бэлтгэсэн: Ж.ЭРДЭНЭ