2022 он гарсан даруйд өндөр хөгжилтэй болон хөгжиж буй зарим орны инфляц улам бүр “сюрприз” барьж, таамагласнаас давсан. Цар тахлын тархалт бүрэн зогсоогүй, дайн үргэлжилж буй өнөө үед улс орнууд эдийн засагт нь үзүүлэх шокийг хэрхэн даван туулах, Төвбанкууд, Сангийн сайд нар ямар алхам хийх нь сонирхол татаж буй. ОУВС-гийн Судалгааны хэлтсийн ахлах эдийн засагч Ручир Агарвал, Колорадогийн их сургуулийн профессор Милес Кимбалл нарын бичсэнээр инфляц өсөхөд таван хүчин зүйл голлон нөлөөлж байгаа аж.
Тэдгээр нь: Нэгдүгээрх нь, ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээний хүндрэлүүд: Цар тахал дэлхийн ханган нийлүүлэлтэд хоёр янзаар нөлөөлжээ. Эхний үед хөл хорио нь ханган нийлүүлэлтийн сүлжээнд ноцтой тасалдал үүсгэж, бараа, бүтээгдэхүүн хомсдоход хүргэсэн. Тэгвэл сүүлийн үед коронавирусийн шинэ хувилбар ханган нийлүүлэлтэд “дарамт” учруулж буй аж. Өдгөө зарим орны эдийн засаг сэргэж буйтай холбоотойгоор удаан эдэлгээтэй зэрэг бараа, бүтээгдэхүүний эрэлт өсөж байгаа тул нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарах нь зайлшгүй чухал гэнэ. Дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээний төлөв байдлын нэг хэмжүүр бол бүтээгдэхүүнийг далайгаар тээвэрлэхэд хэр хугацаа зарцуулж буй явдал. Худалдааны хоёр гол зам нь Азиас Хойд Америк болон Европ руу хүртэлх юм. “Ocean timeliness indicator” хэмээх үзүүлэлт гарган, бүртгэдэг “Flexport” компанийн мэдээлснээр өнгөрсөн хоёрдугаар сарын эцсээр дээрх хоёр чиглэлийн зам туулахад аль алиных нь хугацаа түүхэн цаг үеийнхээ дээд түвшинд ойролцоо хэвээр байгаагаас харвал ханган нийлүүлэлтийн сүлжээний “дарамт” багаар бодоход дахин хэдэн сар үргэлжлэх нь тодорхой аж.
Хоёрдугаарх нь, иргэдийн дунд бараа, бүтээгдэхүүний эрэлт өсөж, үйлчилгээнээс татгалзаж буй явдал: Ийм хандлага цар тахлын тархалт эрчимжсэн үед ихээхэн ажиглагдсан ч цаашид олон хүн үйлчилгээнээс татгалзах төлөвтэй. Нөгөөтээгүүр, олон хүн гэрээсээ ажиллахыг илүүд үзэх болсон нь бүтээгдэхүүн болоод үйлчилгээний эрэлтийг өөрчлөх, нөлөөлөх, тухайлбал, барааны үнэ цаашид өсөхөд хүргэх талтай гэнэ.
Гуравдугаарх нь, улс орнуудын эдийн засгаа сэргээх арга хэмжээ болон цар тахлын дараах сэргэлт: Улс орнууд цар тахалтай тэмцэхийн тулд 16.9 их наяд орчим ам.долларын төсвийн арга хэмжээ авахаа зарласан. Тухайлбал, АНУ-д гэхэд эдийн засгаа сэргээхэд 1.9 их наяд “ногоон” зарцуулахаар болсон. Төсвийн энэхүү хөшүүрэг нь нэг талаар инфляц хөөрөгдөх шалтгаан болж буй аж. Үүнээс гадна зарим айл өрх цар тахлын үед хуримтлалаасаа зарцуулсан, цаашид ч “үүцээ” задлах нь бүтээгдэхүүний эрэлтэд нөлөөлөх талтайг мартах учиргүй. Цаашид эрэлт өндөр хэвээр байх, эсэхэд Төвбанкуудын хэрэгжүүлэх арга хэмжээ ихээхэн нөлөөтэй.
Дөрөвдүгээрх нь, ажиллах хүчний нөхцөл байдал: Цар тахлын улмаас хөдөлмөрийн зах зээлд хомсдол хоёр жилийн дараа ч үүссэн хэвээр байна. Жишээ нь, цөөнгүй оронд ажиллах хүчний тоо “Ковид-19” дэгдэхээс өмнөх үеийн түвшнээс доогуур байгаа юм. Тухайлбал, хөгжсөн орнуудаас АНУ-д энэ нь хамгийн ихээр нөлөөлжээ. Тус улсад цар тахал дэгдэхээс өмнөх үеийнхээс 1.5 орчим хувиар бага хүн (дөрөв гаруй сая иргэн) хөдөлмөр эрхэлж байгаа гэсэн дүн бий. Цалин нэмэгдэх нь инфляц дээшлэхэд тодорхой хэмжээнд “хувь нэмэр” оруулна хэмээн шинжээчид үзэж буй. Ташрамд дурдахад, АНУ-д ажлын хөлс өнгөрсөн гуравдугаар сард өссөнийг “Wall street journal” саяхан уламжилсан юм.
Тавдугаарх нь, эрчим хүч, хүнсний нийлүүлэлтэд ОХУ, Украины дайн нөлөөлсөн явдал: Дайнтай холбоотойгоор өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нөөс хойш дэлхий даяар инфляц улам өсжээ. Дээрх хоёр улс нь түүхий эдүүдийн голлох экспортлогч бөгөөд ялангуяа газрын тос, байгалийн хийн үнэ нэмэгдэхэд хүргэсэн байна. ОХУ, Украинд дэлхийн улаан буудайн экспортын 30 хувь нь ногддог тул үнэ нь түүхэн дээд түвшиндээ хүрсэн байх жишээтэй. Энэ мэтчилэн хүчин зүйл улс орнуудын инфляцын таамгийг “эвдэв”. Хүнс, эрчим хүчний үнэ дээшлэх нь ялангуяа бага орлоготой болон хөгжиж буй орнуудад ихээхэн нөлөөлөх хүлээлт бий гэнэ. Өөрөөр хэлбэл, Зүүн Ази, Номхон далайн бүс нутагт өр, инфляцын түвшнээр “тэргүүлж” буй Монгол шиг улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй аж.
Дээрх хүчин зүйлсээс хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт гарах, эсэх, ханган нийлүүлэлтийн гацаа хэр хугацаанд арилах, Төвбанкууд инфляцын эсрэг ямар арга хэмжээ авах нь өдгөө эдийн засагчдын анхаарлыг илүүтэй татаж буй. Эдийн засагч Жон Кочраны үзэж буйгаар төрөөс дэмжлэг үзүүлж буй үед инфляцыг бууруулахын тулд бодлогын хүүг өсгөх нь “бүдүүлэг” арга хэрэгсэл гэнэ. Тэрбээр төсвийн бодлогоо сул байлган, дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авч, мөнгөний хүүгээ нэмэх нь хааз, тоормос дээрээ зэрэг гишгэж байгаа жолоочоос өөрцгүй хэмээн адилтгажээ.
“Wall street journal”-д бичсэнээр газрын тос, байгалийн хийн үнэ нэмэгдсэнээс шалтгаалж өнгөрсөн гуравдугаар сард Евро бүсэд инфляц түүхэн дээд түвшин буюу 7.5 хувьд хүрээд буй юм. Улс орнуудын хувьд инфляцаас гадна толгойн өвчин болж буй өөр нэг асуудал бол өр. ОУВС-гийн цахим хуудсанд бичсэнээр ялангуяа ядуу улс орнуудын өрийн бүтцийг өөрчлөхөд илүү үр дүнтэй зохицуулалт шаардлагатай аж. Тэгвэл бөмбөрцгийн орнуудын дунд асуудал багатай, цар тахлын дараа эдийн засаг нь сэргэж буй нь ч бийг ОУВС мөн дурджээ. Японыг энд дурдаж болох гэнэ. Вакцинжуулалтын хувь өндөр, бусад хөгжсөн оронтой харьцуулахад коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо доогуурт тооцогдсон тус улсын эдийн засаг өнгөрсөн жил 1.7 хувиар өсжээ. Хэдийгээр эрчим хүчний үнэ нэмэгдсэнээс шалтгаалж инфляцын түвшин нь 2021 онд дээшилсэн ч зорилтот хоёр хувиас доогуур байсан гэнэ. ДНБ нь энэ онд 2.4 хувиар өсөх таамаг гарсан арлын оронд бизнес эрхлэгчид дампуурах, чанаргүй зээлийн үзүүлэлт түүхэн доод түвшиндээ байгаа нь төсвийн бодлогын дэмжлэг, санхүүжилтийн нийлүүлэлт оновчтой байгаа зэрэгтэй нь холбоотой аж.
Бэлтгэсэн Б.Сонор