Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн холбогдох журмуудыг баталжээ. Виртуал хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн орчин бүрдүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэхээс гадна Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын Зөвлөмж 15-ын хэрэгжилтийг хангах үүднээс Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг боловсруулсан. Улмаар УИХ-аас өнгөрсөн арванхоёрдугаар сард баталж, энэ оны хоёрдугаар сарын 25-наас мөрдөж эхэлсэн юм.
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн бүртгэлийн журам, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааны журам, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд аудит хийх хуулийн этгээдийг бүртгэх, бүртгэхэд тавих нөхцөл, шаардлагыг тогтоох журам, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн мэргэжлийн холбоонд тавигдах шаардлагыг тогтоох журам баталснаар ийм үйлчилгээ үзүүлэгчдийн эрх зүйн орчныг боловсронгуй, нарийвчилсан харилцааг тодорхой болгох, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зэрэг нөхцөл бүрджээ. Тухайлбал, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн бүртгэлийн журмаар ийм үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэх, үүнээс татгалзахтай холбоотой, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааны журмаар зохистой засаглал, үйл ажиллагаа, өөрийн хөрөнгийн хэмжээ, тайлан мэдээнд тавих шаардлагыг тодорхойлохтой холбогдох харилцааг зохицуулсан аж. Мөн Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд аудит хийх хуулийн этгээдийг бүртгэх, бүртгэхэд тавих нөхцөл, шаардлагыг тогтоох журмаар дээрх үйлчилгээ үзүүлэгчийн санхүүгийн тайланд аудит хийх хуулийн этгээдийг бүртгэх, ингэхэд тавигдах нөхцөл, шаардлагыг тогтоохтой холбоотой харилцааг зохицуулсан гэнэ.
Бэлтгэсэн Б.Сонор