Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй “Зэст өндөр” ХХК-д холбогдох хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу өчигдөр хэлэлцлээ. Тус банкныхан “Зэст өндөр” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 12.2 тэрбум гаруй төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл шүүхэд гаргасан аж.
“Заг” группийн хамаарал бүхий хүмүүсийн үүсгэн байгуулсан “Зэст өндөр” компанийнхан Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь төмрийн хүдрийн Ширэн-Овоогийн төмрийн хүдрийн ордыг ил уурхайн аргаар ашиглах төсөлд зориулан 18 тэрбум 60 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний иений зээлийн гэрээ 2018 оны долдугаар сарын 30-нд байгуулжээ. Үүнээсээ 11.4 тэрбум гаруйг нь зээлдэгч аж ахуйн нэгжид олгосон ч “Зэст өндөр”-ийнхөн 2019 оны есдүгээр сарын 1-нээс хойш зээлээ төлөөгүй учраас 2020 оны хавар Хөгжлийн банкнаас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан гэнэ. 2020 оны тавдугаар сарын 28-ны байдлаар хуваарийн дагуу төлөгдөөгүй үндсэн хүүгийн үлдэгдэл 29.9 сая иен буюу 781.2 сая төгрөгийн гэрээний үүргийн зөрчилтэй байжээ.
Тиймээс барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг, Богины ам дахь аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, “Зэст өндөр” ХХК-ийн эзэмшдэг, Дорнод аймгийн Халхгол сумын Ширэн-Овоо хэмээх газарт орших, 583.83 га талбайн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл зэргээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Хөгжлийн банкныхан шүүхэд хандсан аж.
Тус компани авсан зээлээсээ “Заг инженеринг” ХХК-иар Халхгол сумын төвөөс уурхай хүртэл 95 км цахилгааны шугам татуулахаар 3.3 тэрбум, мөн уурхайгаас Монгол, Хятадын хилийн Сүмбэр-Рашаант боомт хүртэл найман км урт авто зам тавихад зориулан санхүүжилт олгосон гэж тайландаа дурдсан боловч ажил хийгээгүй байсан талаар нэхэмжлэгч тодотгосон байна.
Харин зээлдэгч аж ахуйн нэгжийнхэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй юм. Гэвч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2020 оны долдугаар сарын 27-нд хянан хэлэлцээд “Зэст өндөр” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 12.2 тэрбум төгрөг гаргуулан Хөгжлийн банканд олгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгө, эрхийг дуудлага худалдаагаар албадан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг НШШГГ-т даалгажээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн “Зэст өндөр” компанийнхан нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсаны дагуу хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна. Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хурлаас давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.
Бэлтгэсэн Г.Равжаа