“Өөдрөг нэгэнд итгэл, өөлж хэлбэл улиг болсон” Монголын эдийн засгийн чуулган өчигдөр төрийн ордонд эхлэв. Ийнхүү хэлсний учир нь 10 гаруй жил зохион байгуулсан чуулганы үр дүнд сэтгэл дундуур, шүүмжилдэг хүн олон. Ярихаас илүүтэй хэрэгжүүлж, үр дүнд хүрэхийг шаарддаг. Харин зарим иргэн жилдээ нэг удаа чуулж, эдийн засгаа хэрхэн сэргээх арга, бэрхшээл болон давуу талаа ярилцан, төлөвлөгөө гаргах нь зүйтэй гэж байна. Цар тахлын улмаас хоёр жил завсарласан эдийн засгийн чуулганд “Шинэ сэргэлтийн бодлого” хэмээх “малгай өмсүүлж”, Эрчим хүчний сэргэлт, Боомтын сэргэлт, Аж үйлдвэржилтийн сэргэлт зэрэг зургаан гол бодлогыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн сард зохион байгуулж, олон нийтэд танилцуулж амжсан. Тэгвэл өчигдөр, өнөөдөр асуудлаа базаж, ажлаа төлөвлөн, аж ахуйн нэгжүүд, иргэд, хөрөнгө оруулагчдад ойлгуулах, хамтын ажиллагаа эхлүүлэх зорилго тавин хуралдаж буй. Чуулганы нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “ОХУ, Украины хооронд хямралт нөхцөл байдал бий болж, дэлхийн улс төр, геополитик, эдийн засагт дахин нэн хурцадмал байдал үүслээ. Үүнээс улбаалж дэлхий даяар хүйтэн дайны уур амьсгал бүрдлээ. Энэ нь ялангуяа хөгжиж буй улс орнуудын тээвэр ложистик, худалдааны эргэлтэд томоохон сорилт тулгав. Бид ч ийм сорилтыг хохирол багатай давахын тулд хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлээ тодорхойлсон. Үүнд хилийн боомтуудын үйл ажиллагаа доголдсон, эрчим хүч дутагдалтай, хот болон хөдөөгийн тэнцвэр алдагдсан зэргийг дурдаж болно. Эдгээр бэрхшээлийг арилгах зорилгоор нэн тэргүүнд хилийн боомтуудаа төмөр болон авто замаар холбоно. Мөн дулааны цахилгаан станцууд, Эрдэнэбүрэн, Эгийн голын усан цахилгаан станц барихын зэрэгцээ Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах зэрэг ажил бий. Эдгээр бүтээн байгуулалтыг ирэх 30 жилд хийхээр тооцож байсан. Тэгвэл үүнээс 3-4 дахин бага хугацаанд, ялангуяа дэд бүтцийн бүх бүтээн байгуулалтаа яаралтай дуусгана. “Эдийн засгийн чуулган-2023” арга хэмжээний үеэр бид хийх тухайгаа ярих бус, хийсэн ажлаа тайлагнана. Засгийн газар, төрийн албаныхны зүгээс шаардлагатай бүх зүйлийг хийж, боломжоо дайчилна” гэв.
Дэлхийн банкны макро эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт эрхэлсэн олон улсын захирал Марселло Эстивао чуулганы эхний илтгэлийг тавин, Монгол Улсын гадаад өр, инфляцын талаар анхаарах ёстой зарим зүйлийг онцолсон. Тэрбээр “Монголын өрийн хэмжээ одоогоор дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 75 хувьтай тэнцэж байгаа нь Ази Номхон далайн бүсэд өндөрт орох дүн. Мөн Монголбанк Хятадын Ардын банк хоорондын своп хэлцлээ сунгах талаар ч ярьж буй. Зөвхөн энэ өр ДНБ-ий 12 хувийг эзэлж байгаа. Хөгжлийн банкны өрийг нэмбэл Монгол Улсын гадаад өр ДНБ-ийхээ 80 хувьтай дүйнэ. Энэ бол танай улсын орлогын түвшинтэй харьцуулахад хэт өндөр тоо бөгөөд аюулын харанга дэлдэж буй хэрэг. Цаашид өрөө бууруулах, төсвийн удирдлагыг сайжруулах, мөнгөний зөв бодлого хэрэгжүүлэх, урт хугацаанд тогтвортой байдлаа хангах зэрэгт багагүй ажил хийх болов уу. Төсвийн хөрөнгөнөөс халамж, тэтгэмж зэрэгт ихээр зарцуулах нь байж боломгүй явдал” гэв.
“Эдийн засагт үүсч буй сорилт, боломж” сэдвээр нэгдсэн хуралдааныг үргэлжлүүлсэн юм. Цар тахлын улмаас сүүлийн хоёр жилд олон улсын эдийн засаг агшин, ДНБ-ий хэмжээ буурч, инфляц өссөн. Дэд бүтэц муутай, далайд гарцгүй, боомтуудын хүчин чадал сул манай орны хувьд дээр дурдсан сөрөг нөлөө илүү гүн мэдрэгдэж байна. Өдгөө инфляц улсын хэмжээнд 14.2 хувьд хүрч, төгрөгийн ханш огцом сулран, валютын нөөц буурч, хомсдол үүссэн. Ийм бэрхшээл хэр удаан үргэлжлэх талаар чуулганы үеэр олон иргэн цахимаар асуусан юм. Тэгвэл Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “3.3 тэрбум гаруй ам.долларын нөөц бий. Энэ нь импортын 6-7 сарын хэрэглээнд зарцуулах дүн. Валютын ханшийн өсөлт, хомсдолыг түр зуурын шинжтэй гэж хэлнэ. Ирэх зургадугаар сар гэхэд арилжааны банкууд 600-700 сая “ногоон” своп хэлцлээр оруулж ирнэ. Үүнээс гадна уул уурхайн томоохон компани “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр”-ийн бүтээгдэхүүний борлуулалтын орлогыг урьдчилж авч, валютын нөөц бүрдүүлэх боломжтой, эсэх талаар ярилцаж буй. Удахгүй нөхцөл байдал сайжирна” гэж “маадайв”.
Эдийн засгаа сэргээхэд томоохон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэх нь нэн чухал. Тухайлбал, усан болон дулааны цахилгаан станцууд барьж эрчим хүчний нийлүүлэлтээ өсгөх нь манай гол зорилго. Нүүрснээс эрчим хүч үйлдвэрлэх станц барих боломж, хөрөнгө, хөрөнгө оруулагчид бий, эсэх талаар хэлэлцүүлгийн үеэр хөндлөө. Олон улсад нүүрсний хэрэглээг танах, ийм чиглэлийн төсөлд хөрөнгө оруулах, бүтээн байгуулатад оролцохоос татгалзаж буй ч бидэнд нүүрс арвин, эрчим хүч дутагдалтай байгаа билээ. Энэ тухайд MCS группийн ерөнхийлөгч Ж.Оджаргал “Нүүрсний цахилгаан станцын төсөлд хөрөнгө оруулагч олдохгүй бол дотоодоосоо хөрөнгө гаргахаас өөр замгүй. Манай улсын нийт хадгаламжийн хэмжээ таван тэрбум ам.доллароос давна. Үүнд түшиглэн хөрөнгө оруулалтын хэлбэр санал болгож, бонд босгож яагаад болохгүй гэж. Мөн Хөгжлийн банкийг чиглэлийг Эксим болгон өөрчилбөл төсөл, хөтөлбөрүүүдэд санхүүжилт татахад илүү дөхөм байх болов уу” гэв. Үүнээс гадна дээрх хэлэлцүүлгийн үеэр боомтуудын үйл ажиллагааг сэргээн, дэд бүтцийг нь сайжруулснаар авто болон төмөр зам дагуу, түүхий эд татан төвлөрүүлэх, үйлдвэр хөгжүүлэх боломжтой 99 сумд түлхүү хөрөнгө оруулна, бусад сумын иргэд тэнд шилжин суурьших боломж бүрдүүлэх тухай ч яригдсан.
Одоогоор бидэнд тулгарч буй гол бэрхшээл бол экспортын гацаа, хилийн хориг юм. Ядаж урд хөрш рүү нүүрсээ тасралтгүй нийлүүлбэл валютын хомсдол бага байх сан. Боомтуудын үйл ажиллагааг хэзээ хэвийн болгох боломжтой талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс тодруулахад “БНХАУ-ын зүгээс зөвхөн манайд бус, хуурай замаар хиллэн худалдаа хийдэг бүх улсад хориг тавьсан. Цар тахлын эрсдэлийг бууруулж, коронавирусийн тархалтыг зогсоох зорилготой. Бидэнд боомтуудын үйл ажиллагаагаа сайжруулж, халдвар хамгааллыг чанд сахиулах зөвлөмж өгөөд байгаа юм. Өөрөөр хэлбэл, манайх өөрсдөөс шалтгаалах зүйлээ л хийх хэрэгтэй гэсэн үг. Багагүй ч ажил хийж буй. Юутай ч энэ сард багтаан Шивээхүрэн, Бургастайн боомтоор нүүрсний экспортыг эхлүүлнэ” гэв.
“Гадаад орчны тодорхой бус байдал, үр дагавар болон үнэ ханш, гадаад худалдааны төлбөр тооцоо” сэдэвт нэгдсэн хуралдааныг зохион байгууллаа. Монгол Улс зарим оронтой харьцуулахад бага хохиролтойгоор эрүүл мэнд, эдийн засгийн салбараа цар тахлын үед “авч гарч” буйг Сангийн сайд Б.Жавхлан онцлов. Харин ОХУ-аас авдаг шатахууны үнэ өссөн хэвээр, БНХАУ руу бүтээгдэхүүн экспортлох боломж хязгаарлагдмал байгаа нь богино хугацаанд валютын нөөцийн хямралд оруулсан гэв. Цаашид дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр байх төлөвтэй бөгөөд БНХАУ-ын хилээ нээвэл эдийн засгийн нөхцөл байдал 2-3 сарын дотор тогтворжих боломжтойг ч тэрбээр ярьсан. Мөн ХААН банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа “Төгрөгийн гүйлгээ хэвийн байгаа ч гадаад төлбөр тооцоог барагдуулах хугацаа уртсан, төлбөр хийх чадвар жилийн өмнөхөөс хоёр дахин багаслаа. Гадаад төлбөр тооцоог хэвийн явуулах боломж бүрдүүлж, валютын нөөцийг өсгөх нь чухал байна” гэсэн юм.
Чуулган нэгдсэн хоёр хуралдаанаас гадна “Олон улсын харилцааны өнөөгийн нөхцөл”, “Дотоодын хүнсний хангамж, нийлүүлэлт, “Эрчим хүчний сэргэлт, үр ашиг, алдагдал” зэрэг сэд вийн хүрээнд дэд хуралдаанаар үргэлжилсэн. Эдгээр хуралдаанд аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, хөрөнгө оруулагчид, холбогдох албаныхан нь оролцон, санал, шүүмж өрнүүлсэн юм. Тэдний заримаас нь чуулганд ямар зорилготой ирсэн, ямар үр дүн хүлээж буйг нь тодрууллаа. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын малчин, ахмад эдийн засагч Ж.Чулуундорж “Чуулганд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэхээр зорьж ирлээ. Орон нутагт өрхийн үйлдвэр эрхэлж, мал, малын гаралтай түүхий эд борлуулахаас бусдаар орлого олдог айл байхгүй. Хэрэв өрх бүр үйлдвэрлэгч болвол өөрсдөд нь төдийгүй улсад тустайсан. Мөн сумдыг нийлүүлж томсгох, төрийн албан хаагчдын тоог цөөрүүлэх зайлшгүй шаардлагатайг анхаараасай. Сум, багийн төвд үйлдвэр аж ахуйн нэгж байхгүйгээс цалин орлоготой хүн цөөн атал төрийн албанд ажиллагчид олон байна” гэв. Тэгвэл “Сэрүүн” компанийн гүйцэтгэх захирал Б.Жаргалзаяа “Төрөөс эдийн засаг, бүтээн байгуулалтын салбарт юу хэрэгжүүлэх, ямар ажил хийхээр төлөвлөж буйг сонирхож явна. Сүүлийн хоёр жилд тулгарсан гол бэрхшээл нь бараа материалын татан авалт буурч, тээврийн зардал өссөн явдал. Цаашид тээвэр ложистикт л төрөөс онцгойлон анхаарч, худалдааг тасралтгүй, саадгүй явуулах орчин бүрдүүлээсэй. Мөн барилгын дийлэнх компани ажиллах хүчний хомсдолд орсон. Тиймээс мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд барилга, зам, гүүр болон агаар сэлгэлт, цахилгаан, сантехникээр мэргэшсэн ажилчдыг олноор бэлтгэж байж бүтээн байгуулалт өрнөнө” гэсэн юм. Түүнчлэн ӨМӨЗО-ы “Баянмөнх техник дэвшил” компанийн захирал “Уг чуулганаар хөрөнгө оруулагчдад ямар боломж олгох, эрх ашгийг нь хэрхэн хамгаалах талаар сонирхон, сонсохоор ирлээ. Монгол бол байгалийн нөөц арвинтай, үйлдвэрлэл төдийлөн хөгжөөгүй “залуу” улс бөгөөд дотоод, гадаадын бизнесменүүдэд олон боломж бий. Хамгийн гол нь бизнесийн шударга орчин бий болгон, тэгш боломжоор хангаж, хууль, эрх зүйн таатай нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй. Миний хувьд нутагтаа уул уурхайн чиглэлийн компанитай. Монголд банк санхүүгийн салбарт хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхол байна. Бидэнд найдвартай хамтрагчид, үр ашигтай төсөл хэрэгтэйгээс гадна улс төрийн тогтвортой байдал, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах бодлого чухал” хэмээв.
“Монголын эдийн засгийн чуулган-2022” өнөөдөр үргэлжлэх бөгөөд ямар нэг зөвлөмж, удирдамж гаргахгүй гэсэн. Бидэнд танилцуулга, мэдээлэл бус, төлөвлөгөө, техник, эдийн засгийн үндэслэл бий. Дотоодын боломжоо дайчилна, хөрөнгө оруулагчид итгээрэй, хамтран ажиллая гэсэн уриалгыг Ерөнхий сайд дэвшүүлсэн. Мөн ирэх жилийн чуулган гэхэд цөөнгүй ажил хийж гүйцэтгэн, үр дүнг нь хэлэлцэнэ гэсэн учраас иргэд найдах, хүлээх үлдлээ.
Бэлтгэсэн С.Цэрэндулам