Залуус “Тэмцдэггүй ард түмэн мөхдөг” хэмээх үгийн утгыг ойлгожээ. Үүний илэрхийлэл нь залуусын цахим орчинд бичиж буй постоос маш тодорхой харагдлаа. Тэд “Ажлаа тараад жагсаалд очиж нэгдэнэ ээ”, “Ажлаасаа чөлөө аваад төв талбайд ирлээ”, “Хичээлээ тараад жагсаалд оролцож байна” гэхчлэн пост оруулжээ. Зөв, тэд тэмцэх жагсах, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Угаасаа эл эрхийг нь Үндсэн хуулиар олгочихсон юм. Дээр нь тэдний хэлж, ярьж буй зүйлсээс өөлөөд байх зүйл алга. Тэд улстөрчид шиг худлаа ярьсангүй үнэнээ л хэлэв. Залуусын үг нь үнэн болохоор үйлдэл нь ч шударга байлаа.
Үнэхээр өргөн хэрэглээний барааны үнэ “тэнгэрт хадаж”, бүсээ чангалаад ч авсан цалингаа амьдралд хүргэх боломжгүй нөхцөл үүссэн. Гэтэл төр засаг үнийн хөөрөгдлийн эсрэг хариу арга хэмжээ авахын оронд “Дэлхийн улсуудад үүнээс хүнд нөхцөл үүссэн”, “Та нар хэмнэж амьдар”, “НӨАТ-ын мөнгөөрөө амьдарч байна” гэхчлэн амьдралаас хол тасархай зүйл ярьж, ард түмний ахуйг мэддэггүй, мэдрэмжгүйгээ гайхуулцгаав.
Сүхбаатарын талбайд энэ мэтээр залуус, нийгмийн дундаж давхаргынхан цуглаж “Улстөрчид ажлаа хий, залуусаа нэгдээрэй” хэмээн бусдыгаа уриалан дуудаж байв. Харамсалтай нь, улс төрийн оноо авах гэсэн, УИХ-ын 2024 оны сонгуульд өөрийгөө “сойж” буй зарим зарим нэг хүн талбайд иржээ. Чанга яригч барьсан тэрбээр залуусын тэвчээр алдарлаа хэмээн бархирах аж. Тэр улстөрчид хандаж “Уучлаарай, залуус өөрсдөө үзэл бодлоо илэрхийлэх чадамжтай. Үүнийхээ төлөө өнөөдөр өөрсдөө сайн дураараа эвлэлдэн нэгдэж төв талбайд цугласан юм. Харин чиний тавилттай жүжиг танигдаад байна” гэж хэлье.
Дээр нь жагсаал цуглааны сургаар Тагнуулын ерөнхий газраас өчигдөр мэдээлэл хийсэн. Мэдээллийн үеэр “Та нар дунд хэт даврагчид байна. Хэт даврагчид зэр зэвсэг цуглуулж, гэмт хэрэг үйлдэхээр зэхэж байсан. Өмнө нь хэт даврагчид 2008 оны долдугаар сарын 1-нд дөрвөн хүнийг буудан хөнөөж байсан” гэх агуулгатай зүйл ярьж залуусын зүрх зоригийг мөхөөх гэж оролдов. Уг нь залуус сайн дураараа эвлэлдэн нэгдэж, үзэл бодлоо илэрхийлэн, тайван жагсаал хийж буй. Залуус нэг л зүйлээс айж байгаа нь жагсаалыг нь улстөрчид үймүүлэх вий гэсэн болгоомжлол юм. Улс төр л орчихгүй л бол жагсаал тайван болно. Улам олон залуус үгээ хэлнэ. Үгээ хэлэх нь улстөрчдийн эрх ашигт нийцэхгүй. Учир нь "76" үнэн үгнээс айдаг нь жам билээ.