Манай улсын энэ оны эхний гурван сарын гадаад худалдааны эргэлт 3.5 тэрбум ам.долларт хүрснийг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, 1.9 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортолж, импортод 1.6 тэрбум “ногоон” зарцуулан, гадаад худалдааны тэнцэл эерэг гарчээ. Экспортын нийт орлогын 36.6 хувийг зэсийн хүдэр болон баяжмалаас, 34.8-ыг нь чулуун нүүрс, 14.8-ыг нь хагас боловсруулсан алтны борлуулалтаас олжээ. Харин импортод зарцуулсан хөрөнгийн хамгийн ихийг буюу 19.5 хувийг нефтийн бүтээгдэхүүн, 9.9-ийг суудлын, ачааны автомашин, таван хувийг нь цахилгаан, хүнс худалдан авахад зарцуулсан байна. Дээрх хугацаанд экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрсний нийлүүлэлтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 62.2, зэсийн баяжмалынх 5.8, төмрийн хүдрийнх 67.8 хувиар багассан аж. Харин өтгөрүүлсэн болон хуурай сүү, өндөг, улаан буудайн гурил зэргийн импорт 2021 оны нэгдүгээр улирлынхаас 22-40 хувиар нэмэгджээ.
Бэлтгэсэн: С.ДУЛАМ