Ам.долларын албан ханш 3000 төгрөг давлаа. Монголбанкнаас зарладаг дундаж ханшаар ам.доллар уржигдар 3006.31, өчигдөр 3014.5 төгрөгтэй тэнцсэн юм. Тэгвэл “Найман шарга” валютын арилжааны төвийн ченжүүд өчигдөр “ногоон”-ыг 3080 төгрөгөөр авч, 3150- иар борлуулж байв. Өмнөх өдрүүдэд тус төвд ам.долларыг зарах ханш тодорхойгүй байсан. Валютын ченжүүд “Өчигдрөөс (уржигдар) иргэн, аж ахуйн нэгжүүд бидэнд ам.доллар нийлүүлж эхэллээ. Тиймээс ам.долларын зарах ханш тодорхой болж тогтворжлоо” гэж ярив. Зарим ченж өнгөрсөн даваа гарагт ам.долларыг 3205 төгрөгөөр борлуулж байсан юм. ХААН банк ам.долларыг бэлнээр 3002 төгрөгөөр авч, 3027- гоор зарж байлаа. Арилжааны банкууд валют арилжааны 95 хувийг хийдэг. Тэгэхээр хамгийн бодит ханшийг тэд тогтоодог юм. Төвбанкнаас арилжааны банкуудтай хамтран ам.долларын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах гэж буйгаа дуулгасан. Тиймээс ам.долларын ханшийн өсөлтийн хурд саарч тогтворжино гэж шинжээчид таамаглаж байна. Банкууд 0.3-1.5 сая төгрөгт л ам.доллар арилжих хязгаар тогтоогоод буй. Төвбанкныхан банкуудтай ярилцаж, нэг ижил хязгаар тогтоох гэнэ.