Азийн хөгжлийн банкнаас жил бүр гаргадаг “Азийн хөгжлийн төлөв-2022” эдийн засгийн шинжилгээ, төсөөллийн тайланг өчигдөр танилцууллаа. Уг тайланд инфляц өндөр түвшинд хүрсэн, экспортын хэмжээ буурсан, гадаад санхүүжилтийн нөхцөлүүд “хүнд” хэвээр байгаа нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг энэ онд үлэмж сааруулах нөхцөл болохыг дурдав. Мөн Украин дахь дайны улмаас үүссэн геополитикийн таагүй байдал, бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн доголдол, гадаад худалдааны тасалдал, шатахууны үнийн өсөлт нь бизнесийн зардлыг нэмэн, инфляцыг хөөрөгдөж, төгрөгийн ханш илүү сулрах шалтгаан болох гэнэ. Иймээс энэ жил манай улсын инфляц 12.4 хувьд хүрэх, эдийн засгийг 2.3 хувиар өсөх таамаг дэвшүүллээ. Түүнчлэн ДНБ-д эзлэх урсгал тэнцлийн алдагдал 16.3 хувьд хүрч, өмнөх жилийнхээс 3.3 нэгжээр өсөх тооцоо гаргажээ. Харин 2023 онд эдгээр хүчин зүйлийн сөрөг нөлөө харьцангуй багасах бөгөөд инфляц 9.3, эдийн засгийн өсөлт 5.6 хувьд хүрч, урсгал тэнцлийн алдагдал энэ жилийнхээс 3.3 хувиар буурна гэж төсөөлсөн байна. Цаашид манай улс макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлаа хангах зорилгоор мөчлөг сөрсөн багц бодлого боловсруулж, гадаад, дотоод санхүүжилтэд шаардлагатай валютын эх үүсвэр бүрдүүлэхийн зэрэгцээ өрсөлдөх чадвараа сайжруулах, эрсдэлийг бууруулах хариу арга хэмжээний төлөвлөгөө яаралтай боловсруулах хэрэгтэйг Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Павит Рамачандран тэмдэглэв. Хууль, эрх зүйн орчноо шинэчлэх, зарим хуулийн заалт, журмыг олон улсын стандарт, сайн жишигт нийцүүлэх, төрийн өмчит компаниудын засаглал, ил тод байдлын тайлагналын иж бүрэн стандарт мөрдүүлэх зэрэгт ч анхаарах учиртайг дурдлаа.
Монгол Улсын 2022, 2023 оны эдийн засгийн төлөв нь БНХАУ-тай хиллэдэг гол боомтуудын үйл ажиллагааг хэзээ хэвийн эхлүүлэх, цар тахлын халдвар дахин идэвхжих, эсэх, түүнчлэн Украин, ОХУ-ын харилцаанаас үүссэн сөрөг нөлөөг багасгах чиглэлд ямар бодлого баримтлах, ямар үр дүнд хүрэх зэргээс шууд хамаарах аж. Мөн ОХУ, Европын орнуудтай хийх гадаад худалдаа тасалдан, төлбөрийн тэнцэл болон төсвийн алдагдал нэмэгдэх эрсдэл ч бий гэв. Дотоодын компани, банкуудын активын чанар үргэлжлэн муудаж, чанаргүй зээлийн хэмжээ өсөх, хувийн хэвшлийнхний үйл ажиллагаа улам хүндэрч, санхүүгийн тогтвортой байдал алдагдах магадлалтайг ч дээрх тайланд тэмдэглэжээ.
Бэлтгэсэн: С.ЦЭРЭНДУЛАМ