Засгийн газар лхагва гараг бүр хуралдаж, гаргасан шийдвэрээ иргэдэд танилцуулдаг. Өнөөдрийн ээлжит хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэж гэнэ. Эдгээрээс "Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө"-г баталсанаа онцолж танилцууллаа.
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар энэ талаар "Хөшигийн хөндийд баригдах хот байгуулалтуудыг үе үеийн Засгийн газар судалж, баталж ирсэн. Тухайлбал, 2019 оны нэгдүгээр сарын 19-нд Засгийн газраас шинэ нисэхийн буудлыг дагаж, аэро сити байгуулна гэж төлөвлөж байсан. Мөн 2020 оны дөрөвдүгээр сард УИХ-аас Майдар, Шинэ Зуунмод гэсэн орон нутгийн зэрэглэлтэй хот байх тухай шийдвэр гарч байв.
Харин энэ Засгийн газрын үед Хөшигийн хөндийд Богдхан төмөр зам болон бусад олон төлөвлөлтийг цогц байдлаар харгалзан Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталлаа. Уг ерөнхий төлөвлөлттэй холбоотойгоор хэсэгчилсэн төлөвлөлтүүдийг хийнэ.
Эхний үед барилгажих газар буюу онгоцны буудал, логистикийн төвийн ойролцоох инженерийн дэд бүтцийн ажлын зургийг хийж дуусаж байгаа. Дөрөвдүгээр сард цахилгаан, дулаан хангамж, цэвэрлэх байгууламж, усан сан, холбоо мэдээлэл, үерийн далан, инженерийн бэлтгэл гэхчлэн бүгдийнх нь ажлын зургийг хийж эхэлсэн бөгөөд төлөвлөлт батлагдсан тул магадлалаар орж эцэслэгдэнэ. Ажлын зургуудаар нийтдээ 500 орчим тэрбум төгрөгийн төсөв урьдчилсан байдлаар гарч байна. Энэ жил Засгийн газраас 33 тэрбум төгрөгийг инженерийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтад тавьсан" гэх мэдээллийг өглөө.