Манай улс эрүүгийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд гүтгэх, доромжлох гэмт хэргийг 2015 онд Эрүүгийн хуулиас халж, 2017 оны долдугаар сарын 1-нээс гүтгэх үйлдлийг Зөрчлийн тухай хуулиар шийтгэж эхэлсэн байдаг. Гэвч энэ зохицуулалт нь хүний эрхийн талаас багагүй шүүмжлэл дагуулж, олон улсын байгууллагууд хүртэл анхаарал хандуулан, асуудал дэвшүүлж эхэлсэн учир хууль хооронд дахин “сэлгээ” хийсэн. Тодруулбал, 2020 оны нэгдүгээр сарын 10-нд баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Зөрчлийн тухай хуулиас тус заалтыг хасаж, Эрүүгийн хуульд тусгасан юм. Ингэхдээ эл гэмт хэргийг “худал мэдээлэл тараах” хэмээн шинээр томьёолсон. Тэгвэл өдгөө манай улс энэ төрлийн хэргийг практик дээр хэрхэн шийдвэрлэж байна, хуулийн нэр томьёоны тодорхойлолт нь хэр зэрэг оновчтой вэ гэдэгт хуульч, судлаачид хариулт эржээ. Хууль зүйн мэдээлэл, судалгааны хамтын ажиллагааны нийгэмлэгийн судлаач, хуульч Д.Оросоо, хууль зүйн ухааны доктор Ц.Цэлмэг, судлаач С.Дэнсмаа, Г.Туул нар “Нээлттэй нийгэм форум”-ын дэмжлэгээр дээрх сэдвийн хүрээнд тандалт, судалгаа хийсэн байна.
Хуурамч мэдээлэл нь ардчилсан институт, засаглалд итгэх илтгэлийг сулруулан, олон нийтийн санаа бодлыг хутган үймүүлж, өдөөн турхирч, эмх замбараагүй байдал үүсгэн, улмаар үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг боомилдог учир дэлхийн орнууд баталгаатай, үнэн зөв мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд ихээхэн анхаарал хандуулж, хүчин чармайлт гаргаж байгааг судлаачид онцлоод “Уг хуулийн төслийг анх өргөн мэдүүлэхэд тусгасан байсан “Энэ гэмт хэргийн хохирогчид төрийн байгууллага хамаарахгүй. Үзэл бодлоо илэрхийлэхдээ улс төрд нөлөө бүхий этгээдийг хардсан, сэрдсэн бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэсэн тайлбарыг хассан нь эрх зүйн хийдэл үүсгэсэн. Ингэснээр үг хэлэх эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний эрх зүйн байдлыг дордуулан, хуулийн хэрэглээ болон шүүхийн практикт сөрөг үр дагавар учруулах шалтгааныг бүрдүүлсэн” гэжээ. Өөрөөр хэлбэл, энэ нь төрийн байгууллага, тэдгээрт ажилладаг албан хаагч, улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн эсрэг дуугарах, үзэл бодлоо илэрхийлэх иргэдийн дуу хоолойг хязгаарласан зохицуулалт болсон гэж дүгнэжээ.
Тэрчлэн худал мэдээлэл тараах гэмт хэрэг хэмээх ойлголтыг хуульд “Нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараах” гэж тайлбарласан нь хэт нэг талыг барьсан, объектив шинжтэй тодорхойлолт хэмээн үзсэн байна. Тухайн түгээсэн мэдээлэл нь гутаах, гутаасан зорилго, агуулга, шинжтэй байх, эсэх, түүнийг хэрхэн ялгаж таних зэргийг бүрэн гүйцэд тодорхойлолгүй орхигдуулсан нь үүнийг батлах бөгөөд нэр томьёо болон ойлголтын зөрүүтэй байдал үүсгэсэн хэмээн дурджээ.
Гүтгэх болон худал мэдээлэл тараах үйлдлийг Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэх хугацаанд нийт 869 зөрчил бүртгэгджээ. Тодруулбал, 2017 онд 28, 2018 онд 486, 2019 онд 355 зөрчил бүртгэгдсэн бөгөөд 25 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хоёр байгууллага ийм зөрчлийн улмаас торгуулах шийтгэл хүлээсэн байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл заалтаар 2020 онд 251, 2021 оны эхний хагас жилд сард 119 этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэснээс 25-д нь яллах дүгнэлт үйлдсэн гэнэ. Худал мэдээлэл тараасан гэдэг үндэслэлээр цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, гомдол, хэрэгсэхгүй болгосон хэргийн тоо олон буй ч шүүхэд шилжүүлсэн нь тун цөөн байгаа нь анхаарахгүй өнгөрч боломгүй асуудал гэдгийг хуульчид дурдав. Энэ нь цагдаагийн байгууллага үг хэлэх эрх, нэр төртэй холбоотой, иргэний хэргийн шинжтэй асуудлуудыг ч үүнд хамруулж, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулан, удаан хугацаагаар шалгаж, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх болон мэдээллийн эрх чөлөөнд дарамт учруулж байгаагийн илрэл гэж үзжээ. Иймд үзэл бодлоо илэрхийлэх эрхийн хүрээний асуудал, иргэний маргааны шинжтэй өргөдөл, гомдлыг хүлээн авахгүй, шалгахгүй байх чиглэлд цаашид анхаарах шаардлагатайг онцоллоо. Эрүүгийн хуулийн 13.14-т заасан “худал мэдээлэл тараах” гэмт хэрэг, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд тусгасан “нэр төрийг гутаасан мэдээ” бүхий иргэний маргаан, эрх зүйн зөрчил нь хоорондоо ямар ялгаатай болох, хэрхэн салгаж авч үзэж, зүйлчлэх асуудлаар Улсын дээд шүүхэд хандаж, албан ёсны тайлбар гаргуулах шаардлага үүссэн гэж үзэж буйгаа мөн дурдсан байв.
Худал мэдээллийг дотор нь хуурамч, алдаатай, буруу сэдэлтэй гэж ангилдаг аж. Тэгэхээр Эрүүгийн хууль дахь шинэ нэр томьёоллоор бол эдгээр үйлдэлд бүгдэд нь эрүүгийн харицлага хүлээлгэх үндэс бүрджээ. Өмнө нь гүтгэх, илт худал гүжирдлэг зэрэг хууль зүйн уламжлалт нэр томьёо, ойлголтыг ашигладаг байсныг ийнхүү өөрчилснөөр уг гэмт хэрэгт хамаарах мэдээллийн хүрээ үлэмж хэмжээгээр өргөжсөн гэнэ. Олон улсад ч дээрх байдлаар ангилж, хууль зүйн хариу арга хэмжээ авдаг жишиг тогтсон аж.
Энэ төрлийн хэргийг шийдвэрлэсэн шүүхийн 2020, 2021 оны зарим шийтгэх тогтоолд судалгааны багийнхан дүн шинжилгээ хийсний үндсэн дээр дараах дүгнэлтэд хүрчээ. Тэд “Бусдын нэр төрийг гутаах зорилгоор илт худал мэдээлэл, гүтгэлэг санаатайгаар тараасан этгээдэд хуулийн хариуцлага оногдуулсан зөв жишиг, шийдвэрүүд байна. Үүний зэрэгцээ хэргийг шийдвэрлэх явцдаа хүний эрхийг зөрчсөн, мэдээллийн эрх чөлөөг хязгаарласан тохиолдол цөөнгүй гарчээ. Нэр хүнд гутаасан агуулгагүй мэдээлэл түгээсэн тохиолдолд ч нэр хүнд, эрх ашиг хөндөгдсөн гэж үзэж гомдол гаргах, түүнийг нь цагдаагийн байгууллага хүлээн авч шалгах, гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж, холбогдогч этгээдийг удаа дараа дуудах, тайлбар, мэдүүлэг авах нь олширсон байна. Төрийн байгууллагынхан ч эл хууль дахь зүйл, заалтыг ашиглан, алба хаагчдыг үл хүндэтгэсэн, ажил хэргийн нэр хүнд гутаасан гэдэг үндэслэлээр иргэдийн эсрэг гомдол, өргөдөл гаргасан нь цөөнгүй. Тодорхой баримт, болсон үйл явдалд үнэлэлт, дүгнэлт өгсөн, шүүмжилсэн, үндэслэл бүхий боловч үүнийгээ хүргэхдээ бодит баримтыг гүйцэд бус, алдаатай тусгасан, хэн нэгний нэр хүндийг гутаасан үйлдлийг худал мэдээлэл тараах гэмт хэрэгт хамруулан шийдвэрлэж байна. Мөн тараасан мэдээлэл нь худал боловч тухайн хүний нийгэмд үнэлэгдэх чанарыг дордуулаагүй, хэн нэгний нэр төрийг гутаасан шинжтэй ч уг этгээдийн зан төлөв, үйл ажиллагаанд илэрсэн асуудлыг хөндсөн, бодит байдалд андуу ташаа, алдаатай дүгнэлт хийсэн, эх сурвалжаа нягтлалгүй алдаатай мэдээлэл тараасан зэргийг эрүүгийн журмаар шалгаж, шүүхээс гэм буруутайд тооцож байгаа нь үг хэлэх эрх болон мэдээллийн эрх чөлөө, иргэний ардчилсан нийгмийн хөгжилд ихээхэн хор уршиг учруулах боллоо. ХБНГУ, ОХУ зэрэг орны Эрүүгийн хуулийн гүтгэхтэй холбоотой зүйл, заалтыг судлахад, уг гэмт хэргийн субъектив талын шинжийг илүү тодорхой тусгасан бол Монголд эсрэгээрээ байгааг анзаарч үзэх хэрэгтэй. Олон улсад нийтийн эрх, ашиг сонирхолтой холбоотойгоор нийгмийн зүтгэлтэн, улстөрч, төрийн өндөр албан тушаалтанд хандсан үг хэлэх, шүүмжлэх, хардах, үзэл бодлоо илэрхийлэх баталгааг хангасан тулгуур зарчим, жишиг, стандарт тогтоож, хөгжүүлсэн байдаг. Манай улс үүнийг нутагшуулснаар ардчиллын зөв хөгжилд тулгуур болох ач холбогдолтой” хэмээн дүгнэж, санал дэвшүүлжээ.