Дэлхийн банкнаас хагас жил тутам гаргадаг Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайланг өчигдөр танилцууллаа. Уг тайланд дээрх бүс нутгийн орнуудын эдийн засгийн сэргэлтэд Украины дайн, АНУ-ын мөнгөний хатуу бодлого, Хятадын өсөлт удааширч буй нь эрсдэл үүсгэж байна хэмээн тэмдэглэжээ. Мөн цар тахлын хүндрэлээс шалтгаалж тус бүс нутгийн орнуудын эдийн засгийн сэргэлт жигд бус байгааг дурдав.
“Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн тойм: Шуургыг сөрөх нь” тайланд “Украины дайн болон ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээ нь түүхий эдүүдийн нийлүүлэлтийг тасалдуулж, санхүүгийн дарамтыг нэмэгдүүлэн, дэлхийн эдийн засгийн өсөлтийг сааруулж байна” хэмээн дүгнэжээ. Тухайлбал, шатахуунаа импортолдог Монгол болон Тайланд, мөн хүнсний нийлүүлэлтээс хэт хамааралтай Номхон далайн арлын орнуудын бодит орлого буурч байгаа аж. Их хэмжээний өртэй Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс болон Монгол, бас экспортоос ихээхэн хамааралтай Малайз, Вьетнам зэрэг орон дэлхийн санхүү, эдийн засгийн цочролд өртөмтгий байхаар буйг анхаарууллаа. Дэлхийн банкны тайланд Монгол Улсын ДНБ энэ онд суурь төсөөллөөр 2.5, сул төсөөллөөр (нөхцөл байдал муудсан тохиолдолд) 0.7 хувиар өсөх тооцоо гарсныг дурджээ. Тэгвэл Оюутолгойн гүний уурхайтай холбоотойгоор 2023 онд эдийн засаг 5.8, дараа жил нь 6.8 хувиар өснө хэмээн төсөөлж буй аж. Тэгвэл инфляц энэ онд 10.5 хувь байна хэмээн тооцсон гэнэ.
Тус банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн дэд ерөнхийлөгч Мануэла В.Ферро “Манай бүс нутаг цар тахалтай холбоотой зарим хүндрэлийг даван туулж, эдийн засаг сэргэх хандлага ажиглагдаж байсан ч Украины дайн эдийн засгийн өсөлтийг саарууллаа. Эдийн засгийн бат бөх суурь, хэрэгжүүлж буй оновчтой бодлого нь эдгээр шуургыг гэтлэхэд тусална” гэж онцолжээ. Түүхий эд үйлдвэрлэгч болон төсвийн зохистой бодлого хэрэгжүүлж буй орнууд хүндрэлийг харьцангуй хохирол багатай даван туулах чадвартай байгаа ч бүс нутгийн ихэнх улсын эдийн засгийн өсөлт саарах хандлагатай гэнэ. Бүс нутгийн эдийн засгийн өсөлт энэ онд таван хувь байх төлөвтэй нь өнгөрсөн аравдугаар сард танилцуулсан төсөөллөөс 0.4 хувиар доогуур юм. Хэрэв дэлхий дахинд нөхцөл байдал улам хүндэрч, улс орнуудын бодлогын хариу арга хэмжээ хангалтгүй байвал дээрх хувь дөрөвт хүрэх эрсдэлтэй аж. Бүс нутгийн үйлдвэрлэлийн 86 хувийг дангаар бүрдүүлдэг БНХАУ-ын эдийн засаг суурь тооцооллоор тав, харин нөхцөл байдал хүндрэх буюу сул тооцооллоор дөрвөн хувиар өсөх төлөвтэй юм байна. Тэгвэл бүс нутгийн бусад орны үйлдвэрлэл суурь тооцооллоор 4.8, сул тооцооллоор 4.2 хувиар нэмэгдэх хандлагатай гэв. Нөхцөл байдал илүү хүндэрвэл энэ онд бүс нутгийн зургаан сая гаруй хүний нэг өдрийн орлого 5.5 ам.доллароос бага болж, ядууралд нэрвэгдэх эрсдэлтэйг ч сануулсан юм.
Мөнгөний хатуу бодлого, урд хөршийн эдийн өсөлт саарсан зэрэг нь цар тахлын хүндрэлийг даамжруулах магадлалтайг дээр дурдсан. Зүүн Ази, Номхон далайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй компаниудын 50-иас дээш хувь нь өнгөрсөн онд өр, төлбөрөө цаг хугацаанд нь барагдуулж чадаагүй бөгөөд цаашид эрэлт, нийлүүлэлтээс шалтгаалж эрсдэлийн шинэ давлагаанд өртөхөөр байгаа аж. Цар тахлын үед ядууралд нэрвэгдсэн дийлэнх өрхийн бодит орлого үнийн хөөрөгдлийн улмаас буурах хандлагатай болжээ. Өрийн дарамтад орсон Засгийн газруудын хувьд өр болон ДНБ-ий харьцаа нь 2019 оноос хойш 10 хувиар нэмэгдсэн дүн гарсан байна. Тиймээс эдийн засгаа дэмжих бололцоо нь эрс хумигдсаар байгааг тайланд бичжээ. Мөн газрын тосны ханш огцом дээшилснээс шалтгаалж инфляцын төсөөллийг багаар бодоход нэг хувиар нэмэгдүүлэх шаардлага гарсан нь мөнгөний бодлогыг зөөлрүүлэх орон зайг хумьж байгаа гэв. Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн ерөнхий эдийн засагч Аадитя Маттоо “Шил дараалсан цочролоос үүдэн ард иргэдийн эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, Засгийн газруудын эдийн засгаа дэмжих бололцоо улам бүр хумигдсаар байна. Төсөв, санхүү болон худалдааны бодлогыг оновчтой хослуулан хэрэгжүүлснээр эрсдэлийг багасгаж, өсөлтийг дэмжин, ядуурлыг бууруулах боломжтой” гэж өгүүлжээ.
Дээрх тайланд дөрвөн төрлийн бодлогын арга хэмжээ авахыг зөвлөжээ. Тэдгээр нь:
• Үнийн хяналт болон хавтгайрсан халамж, тусламжийг халж, айл өрх болон компаниас зорилтот бүлгийг тодорхойлон дэмжлэг үзүүлэх нь цочролоос үүдэлтэй хор уршгийг хязгаарлаж, өсөлтийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын орон зайг бий болгоно.
• Санхүүгийн байгууллагуудын стрессийг үнэлэх нь активын ангиллын хөнгөлөлттэй холбоотой нуугдмал эрсдэлийг ил болгоно.
• Төрийн зохицуулалт болон бараа, үйлчилгээний борлуулалтын бодлогыг шинэчлэх нь дэлхийн худалдааны нааштай чиг хандлагын үр ашгийг хүртэх бололцоо бүрдүүлнэ.
• Хөдөлмөрийн ур чадварыг дээшлүүлж, шударга өрсөлдөөнийг хөхиүлэн дэмжсэнээр шинэ дижитал технологи нэвтрүүлэх чадавхыг нэмэгдүүлэн урамшуулах болно гэв.
Бэлтгэсэн Ц.Болормаа