Эдийн засгийн амаргүй нөхцөл, сорилттой тулгарсан үед Засгийн газар “Монголын эдийн засгийн чуулган-2022”-ыг зохион байгуулах гэж байна. Чуулганаар юу ярилцах нь вэ, ямар шийдэл гаргах нь вэ гэдгийг олон нийт анхааралтай ажиглах нь дамжиггүй. Учир нь монголчууд хэцүү цаг үеийг туулж явна. Энэ удаагийн эдийн засгийн чуулганаар “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрхэн хэрэгжүүлэх талаар ярилцахаар төлөвлөсөн. Үүний хүрээнд “Эрчим хүчний сэргэлт”, “Төрийн бүтээмжийн сэргэлт”, “Аж үйлдвэрийн сэргэлт”, “Хот, хөдөөгийн сэргэлт”, “Боомтын сэргэлт”, “Ногоон хөгжлийн сэргэлт” сэдвээр урьдчилсан хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. “Шинэ сэргэлтийн бодлого” нь ирэх 10 жилд улс орныг хэрхэн хөгжүүлэх талаарх төлөвлөлтийн баримт бичиг. Төлөвлөлт, төсөл, хөтөлбөрүүдээ ярьж хэлэлцэх нь зүйн хэрэг.
Салбар хариуцсан сайд нар урьдчилсан хэлэлцүүлэгт 10 жилийн төлөвлөлт танилцуулсан илтгэл тавилаа. Гэвч энэ нь олон нийтэд төдийлөн сонирхолтой байсангүй. Өнөөдрийн хоол, худалдаа, бизнестээ санаа зовж буй хүмүүст хилийн боомтуудыг холбосон 2000 гаруй км авто зам тавина, Чойбалсан хотод олон улсын нисэх буудал барина гэсэн үгс “мөрөөдлийн жагсаалт” шиг сонсогдсон. Тиймээс ирэх өдрүүдэд өрнөх эдийн засгийн чуулганаар тулгарсан сорилтынхоо шийдлийг хэлэлцээсэй гэж хүсэж байна.
Хилийн боомтоор нэвтрүүлэх ачаа, барааныхаа хэмжээг хэрхэн нэмэгдүүлэх боломж байгааг илүүтэй ярилцаасай. БНХАУ-д цар тахал газар авснаар хилийн боомтууддаа хязгаар тавьсныг бид мэднэ. Үүний улмаас Замын-Үүд-Эрээний боомтоор импортолж буй бараа, бүтээгдэхүүний хэмжээ эрс багассан. Өмнөд хөршөөр дамжин ирдэг бараа, бүтээгдэхүүн хэдэн сарын хугацааг туулж, хэрэглэгчдийн гар дээр ирж байна. Мөн урд хөршөөс худалдан авсан бараа, бүтээгдэхүүн ч хоёр дахин урт хугацааг туулж Улаанбаатарт ирдэг болсон. Худалдааны эргэлт саарахын хэрээр тээвэр ложистикийн зардал өсөв. Ингэснээр импортын бараа, бүтээгдэхүүнд нөлөөлж инфляц гаарлаа.
Нөгөөтээгүүр, экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох коксжих нүүрсээ хангалттай хэмжээгээр худалдаж чадахгүй байна. Өнөөгийн хурдаар экспортолбол энэ онд 10 сая тонныг л нийлүүлнэ. Нүүрсний экспортоо ядаж 20 сая тоннд хүргэх шаардлага бий. Үнэ өндөр байгаа энэ үед 20 сая тонн нүүрс экспортолж чадвал гурван тэрбум ам.долларын орлого олох боломжтой. Хэрэв нүүрснээс ийм хэмжээний орлого олбол эдийн засгаа өсгөөд зогсохгүй, бусад салбарын идэвхжлийг нэмэгдүүлэх юм. Цаашлаад том зургаар нь харвал төлбөрийн тэнцлийн алдагдал багасаж, валютын ханш тогтворжино. Тиймээс эдийн засгийн чуулганаар юуны түрүүнд боомтын “гацаа”-г арилгаж, ялангуяа экспортоо хэрхэн нэмэгдүүлэх талаар нухацтай ярилцах хэрэгтэй.
Монгол Улсын валютын зах зээл “шок”-нд орсон өдрүүд өнгөрч байна. Банкууд ам.долларын арилжаанд хязгаар тавьж, хар зах дээрээс ч хэдэн зуун “ногоон” худалдаж авахад ч төвөгтэй болов. Банкууд хатуу хязгаар тавьснаар улс даяараа ам.долларгүй болсон мэдрэмж төрүүллээ. Улсын валютын нөөцөд “ногоон” бий, банкуудад ч байгаа. Гэвч ханшийн огцом савлагаа үүсэхээс сэргийлж, валютын арилжаанд хязгаар тавьжээ. Манай улсын төлбөрийн тэнцэл энэ оны нэгдүгээр сард 300 сая ам.долларын алдагдалтай гарсан. Төлбөрийн тэнцлийн алдагдал оны эцэст нэг тэрбум ам.долларт хүрэх төсөөлөл бий. Монгол Улс гуравхан тэрбум гаруй валютын нөөцтэй үлдсэн. Энэ бол маш бага хэмжээний нөөц. Үүгээр төлбөрийн тэнцлийн алдагдлаа нөхөөд, валютын ханшийг тогтворжуулах боломжгүй. Тиймээс Төвбанканд төгрөгийн ханшийг сулруулахаас өөр сонголт үлдэхгүй нь.
“Найман шарга” валют арилжааны төвд ам.долларыг 3205 төгрөгөөр борлуулж байна. “Ногоон”-ы ханш 3500, юанийнх 500 төгрөг давна гэсэн хүлээлт нэгэнт үүсжээ. Ам.долларын орох урсгалыг сайжруулж чадахгүй бол ханшийн дарамтад орох нь гарцаагүй. Валютын ханш өсөхөөр импортын бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх нь ойлгомжтой. Худалдаачид өндөр ханштай валютаар худалдаж авсан бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг нэмж байж ашиг олно. Тэгэхээр тээвэр ложистикийн гацаанаас гадна валютын ханш инфляцыг хөөрөгдөнө гэсэн үг.
Төлбөрийн тэнцлээ сайжруулж, валютын ханшаа хэрхэн тогтворжуулах вэ гэдгийг эдийн засгийн чуулганаар ярилцах ёстой. Төлбөрийн тэнцлээ ашигтай гаргахын тулд валютын орох урсгалаа хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэгт толгойгоо гашилгах урсгалыг экспортоо нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалт татах гэсэн хоёр замаар сайжруулдаг. БНХАУ “Ковид-Тэг” бодлого хэрэгжүүлэхээ зарлалаа. Өөрөөр хэлбэл, цар тахалгүй болсны дараа хил, гаалиа нээж, хэвийн горимд шилжүүлнэ гэсэн үг. Өмнөд хөрш нүүрсний экспортыг нэмэгдүүлэх боломж олгохгүй нь бололтой. Тэгвэл бидэнд экспортоо өсгөж, ам.доллар нэмж олох ямар боломж байна вэ.
Алтны олборлолтоо нэмэгдүүлэх нь валют “үйлдвэрлэх” нэг том боломж. Төвбанк жилд 20 орчим тонн алт худалдан авч буй. Үүнээс өнөөгийн ханшаар нэг тэрбум гаруй ам.доллар “үйлдвэрлэдэг”. Алтны олборлолтоо өсгөвөл хэдэн зуун сая “ногоон”-оор валютын нөөцөө нэмэгдүүлэх боломжтой. Тиймээс уг металлын олборлолтыг хэрхэн нэмэгдүүлэх талаар чуулганаар ярилцвал ямар вэ. Олборлолтыг нь эхлүүлэхээр зэхэж буй алтны хэд хэдэн үндсэн орд бий. Тэдгээрийг төрөөс дэмжиж, олборлолтыг нь яаралтай эхлүүлбэл ам.долларын “үйлдвэр” ажиллаж эхэлнэ гэсэн үг.
Монголын төр гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг алдсан. Тиймээс хөрөнгө оруулалт татахад ихээхэн хүндрэлтэй. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулагчдад тодорхой төсөл санал болгож, төрөөс тогтвортой ажиллах баталгаагаар хангахаа амлавал хүрээд ирэх аж ахуйн нэгж бий л байх. Мэдээжийн хэрэг уул уурхай, төмөр зам, цахилгаан станц барих гэх мэт томоохон төслөө тэдэнд санал болгох хэрэгтэй. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн алийг нь гадаадын хөрөнгө оруулалт татаж хэрэгжүүлэх гэж буйгаа одооноос зарлах нь зөв.
Эдийн засгийн чуулганаар ярилцах ёстой чухал сэдэв нь инфляц. Бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт улсын хэмжээнд 14.2 хувьд хүрээд байна. Уг нь инфляц зургаагаас доош хувийн өсөлттэй бол эдийн засаг хэвийн байгааг илтгэдэг. Инфляц дээрх хэмжээнд хүрсэн нь хэрэг бишидсэнийг харуулна. Монголбанк инфляцын эсрэг арга хэмжээ авч, бодлогын хүүгээ гурван хувиар нэмж, есөд хүргэсэн. Гэвч иргэдийн эрэлт өссөнөөс үүдэж инфляц гаараагүй. Харин бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт доголдож, хомсдол үүсэн, дэлхийн зах зээлд импортын түүхий эдийн үнэ дээшилж, валютын ханш чангарснаас шалтгаалж инфляц өссөн. Тиймээс нийлүүлэлтийн гаралтай инфляцыг хэрхэн бууруулахыг ярилцах шаардлагатай.
Валютын ханшийн өсөлт инфляцыг хөөрөгдөх талаар дээр дурдсан. Нэгэн жишээ татъя. Манай улс ОХУ-аас ам.доллароор шатахуун худалдаж авдаг. Тиймээс ам.долларын ханш дээшлэхээр шатахууны үнийг өсгөх нөлөө үзүүлнэ. Шатахууны ханш өсөхөөр тээврийн зардал нэмэгдэнэ. Тээврийн зардал нэмэгдэхээр бараа, бүтээгдэхүүний үнэ өснө. Эдийн засгийн гинжин хэлхээ инфляцыг бас ийн хөөргөддөг. Тэгэхээр хил, гаалийн гацааг нь арилгахаас гадна валютын ханшийг тогтворжуулах шаардлагатай байгаа биз.
УИХ-ын дарга Г.Занданшатар иргэдийг хэмнэлтийн горимд шилжихийг уриалсан. Энэ нь гадагш гаргах валютын урсгалыг бууруулах гэсэн далд санаатай үг. Иргэд хэмнэвэл импорт багасаж, “ногоон”-ы гаргах урсгал саарна. Хэмнэ гэдэг хэрэглээгээ бууруул гэсэн санаа. Сүүлийн жилүүдэд иргэдийн хэрэглээ илт буурсан. Улаанбаатарт хаалгаа барьсан худалдаа, үйлчилгээний газар олон болсон нь үүний илрэл юм. Иргэд дахиад хэрэглээгээ багасгавал дотоодын үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбар уналтад орно. Өөрөөр хэлбэл, орлогогүй болно. Энэ тохиолдолд ажилгүйдэл өсдөг. Уг нь нэг хүний ажлын байрыг хамгаалж, ядуурлын ангал руу түлхчихгүйн тулд хэрэглээг дэмжих учиртай. Үүнийг ч эдийн засгийн чуулганаар хөндөж ярилцаасай. Урт хугацааны төлөвлөлтөө ярих нь зөв. Гэхдээ өнөөдөр тулгарсан сорилтоо хөрсөн дээр буулгаж ярилцвал энэ удаагийн чуулган үр дүнтэй болно.