Аутизмыг таниулах дэлхийн өдөр жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-нд тохиодог. Манай улсад энэ өдөрт зориулан төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг болсоор 10 гаруй жил өнгөрчээ. Монголын аутизмын холбоо, “Аутизм Монгол-Анд” төрийн бус байгууллага, түүний дэргэдэх “Анүүлэн аз жаргал” цэцэрлэг, Аутизм судлалын хүрээлэн гээд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хувь хүн цөөнгүй бий. Тэдний ерөнхий зорилго нь аутизмын талаар мэдээлэл түгээх, нийгэмд зөв ойлголт төрүүлж, эерэг хандлага бий болгох билээ.
Аутизмыг зарим нь харилцааны эмгэг гэдэг. Харин нөгөө хэсэг нь тархины, гадаад ертөнцийг танин мэдэж, ойлгох хэсгүүд гэмтсэнээс үүссэн гэж үздэг. Үүний талаар дэлхий дахин одоо ч нэг мөр ойлголт, дүгнэлттэй болоогүй байна. Аутизмтай хүмүүст бусадтай харилцах, санаа бодлоо үгээр илэрхийлэх нь томоохон бэрхшээл байдаг. Ялангуяа хүүхдүүд болж буй үйл явдалд бусдаас арай өөр хариу үйлдэл үзүүлдгээрээ ялгаатай. Жишээ нь, бусдын чихэнд энгийн сонсогдох дуу чимээ тэдэнд маш чийртэй, чанга байдгаас чихээ гараараа таглах нь бий. Зарим нь биед нь санамсаргүй хүрэхэд ихэд эвгүйцэж, жийрхдэг. Мөн тэдэнд найзуудтайгаа, бусадтай наад захын харилцаа үүсгэх ч хэцүү. Аутизмтай хүүхдүүд, насанд хүрэгсэд ч ийм онцлогтой.
Манай улсад энэ төрлийн эмгэгтэй хүн хэд байдгийг 2010-аад оноос өмнө тодорхойлж байсангүй. Харин сүүлийн жилүүдэд олон улсад мөрддөг, хүн амын тоотой харьцуулдаг аргачлалаар авч үзэхэд аутизмтай хүн Монголд 20 000 орчим байх магадлалтай гэсэн төсөөлөл тооцоолол гаргадаг болсон. Харин яг бодитоор бүртгэснээр бол улсын хэмжээнд аутизмтай хүүхэд 800 орчим бий гэнэ. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын тандалт судалгаа, аутизмтай хүүхдүүдийн эцэг, эхчүүдийн зүгээс ирүүлдэг аман мэдээлэл зэргийг нэгтгэхэд ийм дүн гардаг байна. Харин аутизмтай насанд хүрэгсдийн тоо тодорхой бус.
Тоо, бүртгэл тодорхойгүй байдгийн учир нь манай улсад аутизм гэдэг нэр томьёо харьцангуй шинэ тутам гэдэгтэй холбоотой. Ийм эмгэгтэй хүмүүсийг саяхныг болтол оюуны хомсдолтой гэсэн ангилалд багтаан авч үздэг байжээ. Харин өндөр хөгжилтэй орнуудад энэхүү эмгэгийг судлах, оношлох, тусламж дэмжлэг үзүүлэх, олон нийтийн дундах ойлголтыг эерүүлэх чиглэлд ахиц дэвшил гаргасаар ирсэн. Энэхүү туршлагыг Монголдоо нэвтрүүлэхийг эрмэлзсэн эцэг, эхчүүдийн хичээл зүтгэл, нөлөөгөөр аутизмын эмгэгтэй хүмүүсийг оюуны хомсдолтой хэмээн хавтгайруулан ойлгох хандлага өөрчлөгдөж эхэлж байна.
Аутизм янз янз байдаг аж. Бага зэргийн эмгэгтэй хүмүүс анзаарагддаггүй гэнэ. Тэд зан байдал, байнга давтдаг хөдөлгөөн зэргээрээ бусдаас арай өөр ч хөдөлмөрлөөд, цалин хөлс аваад, гэр бүлдээ тус дэмтэй амьдардаг. Манай улсад ийм хүмүүсийг тусгай бүртгэлд өмнө нь хамруулж байгаагүй. Эл нөхцөл байдал одоо ч хэвээрээ. Мөн саяхныг болтол гэр бүлүүд хүнд, хүндэвтэр хэлбэрийн эмгэгтэй хүүхэдтэй гэдгээ орон нутгийн болон улсын түвшинд бүртгүүлдэггүй байж. Харин сүүлийн үед төрөөс сар бүр олгодог тэтгэмжийн нөлөөгөөр ч тэр юм уу, мэдээлдэг, бүртгүүлдэг болжээ.
Аутизмыг таниулах дэлхийн өдөрт “Аутизм Монгол-Анд” төрийн бус байгууллагынхан хэрхэн бэлтгэж буйг тодруулахаар “Анүүлэн аз жаргал” цэцэрлэгт нь очлоо. Цэцэрлэгийн эрхлэгч Д.Одончимэг, сэтгэлзүйч С.Уранбилэг, Б.Бадамрагчаа нартай цөөн хором ярилцсан юм. “Цэцэрлэгийнхээ хүүхдүүдийн чадварын өөрчлөлт, өсөлтийг бодитоор харж болдог болохоор ажлаасаа урам авдаг” хэмээн тэд ярьсан. Сэтгэлзүйч Б.Бадамрагчаа Аутизмыг таниулах дэлхийн өдрийг тохиолдуулан өдөрлөг зохион байгуулах учир шалтгаан, ач холбогдлын талаар хэлж өглөө. Тэрбээр “Бид аутизмыг таниулах чиглэлээр олон жил ажиллаж байна. Үүний үр дүнд жишээ нь та энэ эмгэгийн талаар мэдлэгтэй, мэдээлэлтэй болсон байна шүү дээ. Үүнтэй адил ээж, аавууд ч мэдээлэл дундаас мэдлэг олж авснаар хүүхдээ нуух бус, харин ч ил ярилцаж, санаа бодлоо нээх учиртай. Ингэснээр дэлхийд ч, Монголд ч хүүхэд нь нас нэмэх тусам бие даан амьдрах чадвартай болоход нь анхаардаг. Ийм үр дүнтэй болохоор аутизмын хүрээний эмгэгийг таниулах ажлууд зохион байгуулдаг” гэлээ.
2012 оны тавдугаар сард буюу манай улсад аутизмын талаар төдийлөн мэддэггүй, ярьдаггүй байсан үед “Анд хүүхдүүд” нэртэйгээр уг төрийн бус байгууллагыг байгуулжээ. Үүсгэн байгуулагч нь аутизмтай хүүгийн гэр бүлийнхэн. Тус төвийнхөн Монголд аутизмын хүрээний эмгэгтэй байж болзошгүй хүүхдүүдийг оношлох, оношлогдсон хүүхдүүдийг сургалтад хамруулах, тэдний эцэг, эхчүүдэд сэтгэл зүйн болон мэргэжлийн зөвлөгөө өгөх, чадавхжуулах ажил эрхэлж иржээ. Түүнчлэн аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдтэй ажиллах багш, мэргэжилтнүүдийг бэлтгэх, олон нийтэд эерэг, зөв ойлголт, мэдээлэл өгөх, түгээх зорилготой үйл ажиллагаа явуулдаг байна. “Аутизм Монгол-Анд” нь 2014 оноос ХБНГУ, БНСУ, Тайвань болон АНУ-ын мэргэжилтнүүдийг урьж авчран хамтран оношилгоо, үнэлгээ хийдэг байж. Тэгвэл 2017 оноос АНУ-ын доктор, профессор Мэрилин Кафф багшийн удирдлагад бие даан үнэлгээ хийж эхэлжээ. Тус байгууллага 300 гаруй хүүхдийг үнэлгээнд хамруулсан бөгөөд тэдний боловсрол, нийгмийн хэрэгцээ шаардлагаар 2014 оны есдүгээр сараас дэргэдээ “Анүүлэн аз жаргал” цэцэрлэг байгуулан аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгох, хөгжүүлэх үйл ажиллагаа явуулж буй аж. Өнгөрсөн хугацаанд тус цэцэрлэгт давхардсан тоогоор 172 хүүхэд хамруулсан байна. Одоогоор гурван тусгай, нэг ердийн бүлэг, 12 багш, ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Цэцэрлэгийн сургалт онцлогтой. Биднийг очиход сургуульд бэлтгэх бүлгийн хүүхдүүдээс бусад нь унтсан байлаа. Харин энэ ангийнхан “Зоогийн газар” гэсэн хичээлийн хүрээнд хананд буй хоол, хүнсний зураг бүхий самбартай танилцаж байв. Хүүхдүүд хоорондоо зургаар дамжуулж ойлголцох нь өвөрмөц. Цэцэрлэгт аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийг нийгэмшихэд бэлтгэн, олон нийттэй харилцаанд ороход шаардлагатай дадал, зуршлыг олгоход голчлон анхаардаг юм байна. Сургуулийн өмнөх боловсрол олгох хөтөлбөрөөс гадна хоол идэх, бие засахаас авхуулаад гадуур хэрхэн биеэ авч явах, дэлгүүр, шүдний эмнэлэг, кинотеатр, зоогийн газраар яаж үйлчлүүлэх зэргийг зураг, тоглоомд суурилсан сургалт, мэдрэхүйн хичээлийн хүрээнд багш нь хүүхэд нэг бүртэй ажилладаг ажээ. “Анүүлэн аз жаргал” цэцэрлэгийн сэтгэлзүйч С.Уранбилэг “Манай цэцэрлэгийн энгийн ангийнхан тусгай бүлгийн хүүхдүүдээ ихэд ойлгодог нь тэдэнд байнга туслахыг хүсдэгээс нь харагддаг. Хүүхэд багаасаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй орчинд өсвөл тэднийг өөрсдөөсөө ялгаатай гэж боддоггүй. Тийм болохоор хүүхдэд ялгаварлан гадуурхалт гэдэг ойлголт суудаггүй. Ийм ухагдахууныг нийгэмд хэр сайн суулгаж өгнө, тэр хэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ, тэр дундаа аутизмтай хүүхдүүдийг, хүмүүсийг ойлгож, хайрлах болно” гэсэн юм.
“Аутизм Монгол-Анд” төрийн бус байгууллагынхан сэтгэлзүйчид, “Анүүлэн аз жаргал” цэцэрлэгийн багш, ажилчид, эцэг эх, асран хамгаалагч, мөн олон нийт, хүүхэдтэй ажилладаг багш, эмч, нийгмийн ажилтан нарт чиглэсэн олон ажил, сургалт, төсөл хөтөлбөр зохион байгуулж ирсэн байна. Уг ажлынхаа хүрээнд энэ жилийн Аутизмыг таниулах дэлхийн өдрийг тохиолдуулан эцэг, эх, асран хамгаалагч нарт зориулан “Аутизм ба терапи” сэдэвт сургалт, өдөрлөг зохион байгуулахаар бэлтгэжээ. ШУТИС-ийн хичээлийн наймдугаар байрны 12 дугаар давхрын хурлын танхимд болох уг өдөрлөг, арга хэмжээ сонирхсон хүн бүрт нээлттэй тул хүрэлцэн очихыг урьсан юм.
Тэгвэл Монголын аутизмын холбооноос өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 1-нд олон нийтэд хандсан “Аутизмыг ойлгоё” хэмээх өдөрлөг зохион байгуулах нь. Үүнд Аутизм судлалын хүрээлэн, мөн “Аутизм Монгол-Анд” төрийн бус байгууллагынхан ч хамтрах аж. Өдөрлөгийн хөтөлбөр хандивын хэсэгтэй өгөөд цугларсан хөрөнгөөр аутизмтай хүүхэдтэй эцэг, эхчүүдэд зориулсан, тэдэнд мэдлэг олгох ном хэвлүүлэхээр төлөвлөжээ. Энэ бүхнээс үзэхэд Монголд аутизмын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд нэлээд идэвхтэй байдаг нь харагдана. Энэхүү эмгэгийн талаарх олон нийтийн ойлголт эерүү байх тусам тал бүрийн харилцан ойлголцол сайжирч, бие биедээ дэм тустай амьдрах орчин тэлэх буюу.