Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай болон дагалдах бусад хууль, тогтоомжийн төслийг өчигдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэв. Улмаар нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэх нь. Эдийн засаг, хүн амын амьжиргаа, инфляцад голлох нөлөөтэй газрын тосны бүтээгдэхүүн, гурил, мах зэргийн хангамж, нийлүүлэлтийн хомсдол, үнийн өсөлтөөс сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулахаар төсөлд тусгасан байна. Мөн гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлж, үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Монголбанканд тушаах алтны хэмжээг өсгөх, хилээр бэлэн гадаад валют гаргахад хязгаарлалт тогтоох нь. Төслийг өнөөдөр УИХ-д өргөн барих бөгөөд уг хуулийг баталснаар найман багц арга хэмжээ авах аж.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийв. Тэрбээр “Юуны түрүүнд УИХ, Засгийн газар, Төвбанк ямар оролцоотой байхыг зааглаж, эрх, үүргийг нь тодорхой болгоно. Мах, гурилын нөөц бүрдүүлэх, газрын тосны бүтээгдэхүүний импортлогчийн эргэлтийн хөрөнгийн
болон урьдчилгаа төлбөр төлөхөд шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилтийг харилцдаг банкуудаар нь дамжуулан аж ахуйн нэгжүүдэд олгох, санхүүгийн бусад үүсмэл хэрэгсэл ашиглан импортын төлбөрийн болон гадаад валютын ханшийн эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ авах боломжийг Төвбанканд олгоно. Алт импортлогчдод эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгож, Лондоны металлын биржийн үнэд таван хувийн нэмэгдэлтэйгээр гадаад, дотоодын зах зээлээс алт худалдан авна. Түүнчлэн олборлосон алтаа тухайн санхүүгийн жилдээ багтаан тушаах үүргээ биелүүлээгүй хуулийн этгээдэд энэ хууль үйлчлэх хугацаанд хариуцлага ногдуулахгүй байхаар Ашигт малтмалын тухай хуульд тусгана. Засгийн газар мах, гурилан бүтээгдэхүүний хангамжид асуудал үүсгэхгүй байх арга хэмжээний цогц төлөвлөгөө хэрэгжүүлнэ. Газрын тосны бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварыг тав хүртэлх хувиар зохицуулалт хийх эрхийг Засгийн газарт олгоно. Ингэхдээ мах, гурилын нөөц бүрдүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоход шаардагдах хүүгийн татаасыг жилийн батлагдсан нэгдсэн төсвийн нийт зардлын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр шийдвэрлэх юм. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаарын хүрээнд Засгийн газрын үнэт цаас гаргаж, баталгаа гаргах арга хэмжээ авна. Газрын тосны бүтээгдэхүүн хариуцсан төрийн захиргааны төв байгууллага тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар хариуцлагын гэрээ байгуулна. Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь экспортлох бүтээгдэхүүний нэр, төрөл, тоо хэмжээг тухай бүрт нь тогтоож, мөрдүүлнэ. Ингэхдээ оролцогч талуудын эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг тусгасан хариуцлагын гэрээ байгуулахаар заалаа. Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн 20 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний биет үнэт металл, бэлэн гадаад валютыг манай хилээр гаргахыг хориглоно” хэмээв. Уг хуулийн үйлчлэх хугацааг 2023 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл байхаар тусгажээ.
Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан “Гурилын нөөцийг тогтвортой байлгаж, үйлдвэрлэлийг нь нэмэгдүүлнэ. Энэ жил аль болох их хэмжээгээр үр тариа, хүнсний ногоо тариалахын тулд шат дараатай арга хэмжээ авна. Уг хуулийн хүрээнд эргэлтийн хөрөнгийн дэмжлэг үзүүлэхээр тусгасан. Мөн зарим бүтээгдэхүүний экспортод хязгаар тавих эрхийг салбарын сайдад нь олгохоор зааж өглөө” гэв.
Бэтлгэсэн: У.НАРАН