Оны шилдэг уран бүтээл, уран бүтээлчийг тодруулдаг “Мөнгөн мод” шагнал гардуулах ёслол уржигдар ДБЭТ-т болж өндөрлөлөө. Цар тахлын улмаас нэг жил өнжсөн тус арга хэмжээг өнөө жил Соёлын яамнаас зохион байгуулсан юм. Энэ жил шилдэг найруулагч, жүжигчин, зураач, удирдаач, зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер, дуучин, бүжиг дэглээч, хөгжимчин, бүжигчин, судлаач зэрэг 24 төрлөөр шилдэг уран бүтээлүүдийг тодруулсан.
Наадамд 300 гаруй уран бүтээл болон уран бүтээлч өрсөлджээ. Шагнал гардсан заримыг нь тодруулан хүргэе.
“Мөнгөн мод” шагнал гардуулах ёслол оны шилдэг жүжигчнийг шалгаруулж эхлэв. Өнөө жил тус номинацад УДЭТ-ын “Анна Каренина” жүжгийн Аннагийн дүрээр Н.Баярмаа, “Орфей” театрын “Гэм зэм” жүжгийн улсын яллагчийн дүрээр Гавьяат жүжигчин Д.Ганцэцэг, “Номадиа” пикчерсийн “Буруу өрөг” киноны дүрээр “Фантастик” продакшны жүжигчин Б.Барслхагва нар нэр дэвшиж, Б.Барслхагва гардлаа. Тэрбээр сурагч ахуйгаасаа Монголын хүүхдийн ордны драмын дугуйланд хичээллэж, уран бүтээлийн гараагаа МҮОНТ-ийн “Монхорынхон” цувралаар эхэлсэн бөгөөд “Миний ах атаман”, “Зүрхний хилэн”, “Маш нууц”, “Маш нууц: Байтаг Богд”, “37 дугаар точка”, “Толбо”, “Параллель ертөнц”, “Буруу өрөг” зэрэг киноны гол дүрд тоглосон юм. Шилдэг бүжиг дэглээчээр Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатар шалгарсан. Түүний дэглэсэн, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын хөгжим “Мэргэнд буусан чоно”, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн хөгжим, Д.Төрбатын цомнол “Нүүдэл” бүжгэн жүжиг, түүнчлэн “Жороон жороо”, “Монголын их хатад” тэргүүтэй олон бүжиг тайзнаа амилж байсныг үзэгчид эчнээ мэднэ. Өнөө жилийн шилдэг найруулагчаар “Альфа”, “Орфей” театрын ерөнхий найруулагч М.Батболд шалгарлаа. Тэрбээр ОХУ-ын Театрын урлагийн сургууль буюу ГИТИС-ийг төгсмөгцөө 2020 онд “Альфа” театрт В.И.Гётегийн “Фауст”, 2021 онд “Орфей”-д Ф.М.Достоевскийн “Гэм зэм” постдрамын жүжгийг үзэгчдэд хүргэсэн юм. М.Батболд “Постдрамыг шинэ үеийн драмын жүжиг гээд хэлчихэд хилсдэхгүй. Уран бүтээлүүддээ логикийг нарийн тооцоолж, шийдлүүдээ уран яруу илэрхийлэхийн сацуу сэтгэлгээ, мэдрэмж, гоо зүйн нийлэмжийг хүний сэтгэл, оюунд хүргэхийг зорьдог” гэсэн юм.
“Гэм зэм” жүжгийн ерөнхий зураачаар ажилласан Л.Батбилэг энэ жилийн “Мөнгөн мод”-ны эзэн болсон. Тэрбээр өнгөрсөн жил эл жүжгээс гадна “Шүүдэр” продакшны “Хотолун гүнж” түүхэн, туульсын уран сайхны киноны ерөнхий зураачаар ажилласан юм. Түүний “Гэм зэм”-д урласан тайз “ухаалаг” байсан. Харахад энгийн л нэг куб хэлбэртэй төмөр хүрээ. Гэтэл энэ тайз жүжгийн туршид жүжигчидтэй “тоглож”, эргэж, өргөж, бууж, дөрвөн тийш сунаж, бас болоогүй шат ч болж, оюутан асан Родягийн гэр, Дуня, Пульхерия нарын хямдхан түрээсийн байр, бяцхан Сонягийн толгой хоргоддог гэр, архичин Мармеладовын ууж суух дуртай уушийн газар, мөрдөгч Порфирийгийн мэдүүлгийн өрөө ч болж “хувирсан”. Оны шилдэг зохиолчоор судалгаанд суурилсан инновацын бүтээл болох “Босоо цагаан гурвалжин” үндэсний орчин үеийн жүжгийн зохиолч, Ардын багш С.Дулам шалгарлаа. Манай орны 500 гаруй хадны зураг бүхий цогцолборт нийтдээ 65 мянга гаруй зураг хадгалагдан үлдсэн байдаг хэмээн эрдэмтэн, судлаач нар үздэг. С.Дулам эдгээр хадны зургаас судлан тайлбарлаж “Тэнгэрийн хүүхдүүдийн бүжиг” хэмээх цуврал этно бүжгэн жүжгийг туурвих санааг 2015 онд гаргаж, бүтээж ирсэн. Уг цувралын гурав дахь бүтээл “Босоо цагаан гурвалжин” үндэсний орчин үеийн бүжгэн жүжгийг хөгжмийн зохиолч, Төрийн шагналт С.Соронзонболд, найруулагч, бүжиг дэглээч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатар нар Дэл уул, Алтай Таван богд, Рашаан хадны зургаас сэдэвлэн найруулж, толилуулсан юм. Гурамсан бүжгэн жүжгийн эхнийх нь “Хөмөргөн хар гурвалжин” буюу гэм нүглийг дарангуйлах утгатай байсан бол “Босоо цагаан гурвалжин” нь монгол үндэстний хөгжил мандлын бэлгэдэл болно хэмээн судлаач С.Дулам онцолсон. Хувцас загварын шилдэг бүтээлээр “Futuristic type” брэндийн “Сүүний бактерийн хөрөг” цуглуулга шалгарсан. Шинжлэх ухааныг хувцас загвартай холбохыг эрмэлзсэн “The sci-Fa” төслийг Э.Золжаргал санаачлан, “Futuristic type” брэндтэй хамтран хэрэгжүүлсэн юм.
Эл төслийн хүрээнд “Сүүний бактерийн хөрөг” цуглуулгыг гаргасан юм. Уг цуглуулгад Монголын тал нутгийн янз бүрийн бүс нутгийн төлөөллөөс олон зуун цагаан идээний дээж цуглуулж, тэдгээрийн микроскоп зураг болон этнографи судалгааны төрөл бүрийн материал ашиглан загваруудыг зохион бүтээжээ. Үүнээс гадна цагаан идээнд “амьдардаг” энтэркоккус дуранс, лактобациллус зэрэг сүүний бактерийг хүүхэлдэйн хэлбэрт шилжүүлэн, дижитал хэлбэрт оруулж, даавуун дээр хэвлэн зарим загварыг бүтээсэн юм. Дэлгэцийн урлагийн шилдэг бүтээлээр “Бросис пикчерс” ХХК-ийн “Том тоглоом: Гурван эрдэнийн эрэлд” цуврал хүүхдийн кино шалгарлаа. Тус хамт олон 2017 онд “Том толгойтын адал явдал” хүүхдийн цувралыг үзэгчдэд хүргэж эхэлсэн. Тухайлбал, “Том дөрвөн толгой”, “Том зургаан толгой”, “Том амжилт”, “Том тоглоом: Гурван эрдэнийн эрэлд” бүрэн хэмжээний, хүүхдийн уран сайхны киног олонд хүргээд буй. Тэд энэ цувралаа 2024 оныг дуустал үргэлжлүүлэх бөгөөд нийт найман бүрэн хэмжээний уран сайхны киног үзэгчдэд хүргэх төлөвлөгөөтэй аж. Шагнал гардуулах ёслолын төгсгөлд тайзны урлагийн шилдэг бүтээлийг тодруулсан. Энэ төрөлд УДЭТ-ын “Анна Каренина” жүжиг шалгарлаа. Тус хамт олон эл жүжгээ 2020 оны аравдугаар сард оны хүртээл болгосноос хойш нийт 54 удаа тоглож, 26 мянга орчим үзэгчид театрын урлагийн гайхамшиг, уран бүтээлчдийн авьяас, ур чадварыг мэдрүүлж, сэтгэл оюунд нь таашаал бэлэглэжээ. Өнөө жилийн “Мөнгөн мод” шагнал гардуулах ёслол залуучууд оройлсон наадам болж өнгөрөв. Дээр дурдсан уран бүтээлчдээс гадна хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, продюсер Ц.Бат-Оргил, бүжигчин Б.Эрдэнэбаяр, дуучин Н.Наранбаатар, хөгжимчин Б.Мягмарцэрэн нарын олон уран бүтээлчийг дурдаж болно. Ёслолын зохион байгуулалт, дуу, дуугаралт, өнгө үзэмж өмнөхөөс шат ахисан нь илэрхий харагдсан. Шилдгийг тодруулах төрөл, нэр дэвшигчдийн тоо ч нэмэгдсэн байв. Харин өнөө жилийн наадамд шилдэг гэрэл зургийн бүтээл болон шилдэг гэрэл зурагчныг шалгаруулаагүйд уран бүтээлчид харамсаж байлаа.
Бэлтгэсэн А.Халиун