“Монголын эдийн засгийн чуулган-2022” ирэх сард болох товтой. Үүнийг угтуулж “Төрийн бүтээмжийн сэргэлт” хэлэлцүүлгийг Хууль зүй, дотоод хэргийн, Цахим хөгжил, харилцаа холбооны, Сангийн яам хамтран өчигдөр зохион байгууллаа. Төрийн бүтээмж гэдгийг товчхонд нь төрийн түргэн шуурхай, хүндрэл багатай үйл ажиллагаа гэж ойлгохоор аж. Албан мэдээнд буйгаар бол “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан ерөнхий чиглэлийн нэг нь төрийн бүтээмжийн сэргэлт. Үүний хүрээнд төрөөс үзүүлэх үйлчилгээг цахимжуулж, хүнд суртлыг бууруулахын тулд төрийн бүтэц, зохион байгуулалтад цогц шинжилгээ хийн, үнэлэлт, дүгнэлт өгч, оновчтой шийдлийг тогтоон, зарим чиг үүргийг нь хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх гэнэ. Мөн төрийн хяналт, шалгалтын давхардсан тогтолцоог цэгцлэх аж. Төлөвлөгөөт шалгалтыг түр хугацаанд зогсоох, төрийн байгууллагаас шаарддаг тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөлийн тоог бууруулах талаар ч ярьж буй юм байна. Түүнчлэн төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, илүү тод, нээлттэй болгох, авлига, албан тушаалын гэмт хэрэгт ногдуулах шийтгэлийг чангатгах зэрэг ажлыг зохион байгуулах нь. “Төрийн бүтээмжийн сэргэлт” гэсэн “малгай” дор төрийн өмчит компанийн засаглал, ил тод байдал, аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл ба хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны шинэчлэл, цахим шилжилт зэрэг асуудлаар салбар хэлэлцүүлгүүд өрнүүлсэн юм. Тухайлбал, “Төрийн өмчит компанийн засаглал, ил тод байдал” сэдвээрх хэлэлцүүлгийн үеэр газрын доорх баялаг, үл хөдлөх хөрөнгө, татвар төлөгчдийн мөнгөөр бүтсэн оюуны өмч гэх мэт төрийн өмчийн менежментийг боловсронгуй болгох тухай асуудлыг хөндөв. Сүүлийн жилүүдэд төрийн өмчит компаниудын засаглал сайн биш, ил тод бус болсон гэж олон улсын байгууллагууд үзэж, иргэд шүүмжилж буй талаар хэлэлцүүлгийн чиглүүлэгч ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг хэлсэн. Тэрбээр УИХ-ын гишүүн Б.Энхбаяраас “Төрийн өмчит компаниудын нөхцөл байдлыг юу гэж харж байна, цаашид эдгээртэй холбоотой эрх зүйн шинэчлэлийг хийхдээ ямар асуудлыг эн тэргүүний зарчим, үзэл санаа болгох вэ” гэж асуусан юм. Гишүүн “Одоогоос 6-7 жилийн өмнө МҮХАҮТ-д төрийн өмчийн компанийн засаглалын асуудлаар томоохон хэлэлцүүлэг болсон юм. Санаачлагч нь МҮХАҮТ, оролцогч нь төр байлаа. Түүнээс хойш 6-7 жилийн дараа уг сэдвээрх хэлэлцүүлгийг санаачлагч нь Засгийн газар буюу төр байна. Өөрөөр хэлбэл, тухайн үед хувийн хэвшлийн зүгээс санаачилга гарган, ярилцъя гэхэд хүлээн зөвшөөрөх, шийдэлд хүрэх, ажиллах сэдэл төрийн хэмжээнд хүчтэй биш байжээ. Одоо бол цаг хугацааны хувьд шахагдаж байна. Өнөөдөр төрийн болон орон нутгийн өмчит компани хэд байгаа ч нь ч тодорхой биш. Аль ч түвшинд янз янзаар хэлдэг. Энэ нь төрийн өмчит компаниуд хяналтаас гадуур үйл ажиллагаа явуулдагтай холбоотой. Бид 30 жил чөлөөт эдийн засаг ярьж ирсэн ч өнөөдөр энэ салбар талаас аваад үзвэл социалист улс болчихоод байна. Энэ нь “Ковид-19”-ийн хүндрэлтэй үед илүү мэдрэгдлээ. Үндсэндээ хувийн хэвшлийнхэн цааш явах боломжгүй болсон. Олон компани хаалгаа барьсан. Ямар бизнес тогтож үлдэх боломжтой байна вэ гэвэл, төртэй хамтарсан нь. Тендерт оролцож, ажил авч чадсан нь амьтай байх боломжтой, тийм эдийн засагтай улс болсныг бид бүгд харлаа. Цаашид хуулийн шинэчлэл, цогц реформ хийх л үлдлээ. УИХ, Засгийн газар, хувийн хэвшлийнхэн ч үүний төлөө байгаа нь гол ач холбогдол. Эрх зүйн шинэчлэл хийх шаардлага тулгамдаж байна. Төрийн өмчийн компаниудыг нээлттэй, олон нийтийн оролцоотой, хяналттай, авлигагүй, хувьцаат компанийн засаглалтай болгох чиглэлээр шинэчлэл хийнэ гэж харж байгаа. Засгийн газраас энэ хавар УИХ-д өргөн барихаар зэхэж байгаа Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн үзэл санаа үүнд чиглэж байгаа болов уу” гэлээ. Төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд хэрхэн хүртээлтэй болгох тухайд Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай “Төрийн зүгээс үйл ажиллагааны олон жилийн түүхтэй, зах зээлд байр суурьтай томоохон төслүүдийг хөрөнгийн бирж дээр гаргах боломжтой. Ингэснээр засаглал тунгалаг болно, иргэд хувьцааг нь шууд эзэмшиж, ногдол ашиг хүртэх боломж нээгдэнэ” гэлээ. Хэлэлцүүлэгт хувийн хэвшлийнхний төлөөлөл болох “Энержи ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл “Би олон удаа ярьж байсан даа. Төр зохицуулагч, өөрөөр хэлбэл, талбайн шүүгч. Тэгсэн хэрнээ өөрөө бөмбөг хөөж талбайд гүйх мэт бүх зүйлд хутгалдаад байхаар шударга өрсөлдөөн үгүй болдог. Төрийн алдаа энд байдаг” хэмээв.
Энэ мэтчилэн үг хэлсэн хүмүүс зах зээлийн харилцаат нийгэмд шилжсэн гэх манай улс туулж өнгөрүүлсэн 30 жилдээ эдийн засгийн томоохон, суурь асуудлуудыг зохицуулах эрх зүйн орчингүй явж ирснийг илэрхийлж байлаа. Өдгөө Засгийн газрын түвшинд боловсруулаад, УИХ-д өргөн барих гэж буй Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулиас үндсэндээ гацаад, зогсчихоод байгаа эдийн засаг урагшлах, эсэх нь хамаарах гэнэ. Хувьцаат компанийн захирлууд яг л хувийн өмчдөө эзэн суусан мэт дураар авирлаж, “бантан” хутгаж ирсэн тогтолцоог эртхэн “нурааж”, гажуудлыг засаж залруулаагүйгээс үүдэн авлига болон бусад гэмт хэрэг газар авсан тул эрх зүйн орчны ч, хөгжлийн ч гацааг дээр дурдсан хуулиар тайлах ёстой хэмээн санаачлагчид нь үзэж буй юм байна.