Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ам.долларын ханшийн өсөлт, гадаад валютын нөөцийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Аливаа улсын гадаад валютын нөөц ханштай холбоотой асуудлын суурь нөхцөл нь төлбөрийн тэнцэл. Барааны тэнцэл нь Монгол Улсаас ямар хэмжээний бараа бүтээгдэхүүн экспортолж, импортолж байна гэдгийг харуулдаг. Ерөнхийдөө энэ бүгдийн нийлбэрээр улсын төлбөрийн тэнцэл гардаг. Төлбөрийн тэнцэл ашигтай бол валютын нөөц бүрддэг. Хэрэв алдагдалтай бол валютын нөөц буурдаг.
2021 оны байдлаар төлбөрийн тэнцэл 220 сая ам.долларын алдагдалтай гарсан. Тус оны нэгдүгээр сарын 1-нд валютын нөөц 4.5 тэрбум ам.доллар байсан бол энэ оны мөн үед 4.3 тэрбум ам.доллар болсон. Энэ оны гурван сарын байдлаар төлбөрийн тэнцлийн алдагдал 500 сая ам.доллар даваад байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын гадаад валютын албан нөөц 3.2 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд энэ нь импортын 6-7 сарын хэрэглээтэй тэнцэх дүн юм. Энэ нь ханшийг тогтвортой барих түвшний нөөц мөн. Гэхдээ Орос-Украины мөргөлдөөнөөс үүдэж эрэлт үүсэж байгаа нь болгоомжтой хандаж, захиргааны зарим арга хэмжээ авах шаардлагатай. Валютын ханш дээр хязгаарлалт тавьж, тодорхой хэмжээнд аюулгүй байдлыг ханган ажиллах нь төв банкны үндсэн зорилго юм.
Монгол банкны зүгээс импорт нэмэгдэж байгаа нь валютын нөөц багасах хүчин зүйл болж байна. Иймд импортын тэвчиж болох тансаг хэрэглээний зардлыг танах саналаа УИХ, Засгийн газарт хүргүүлнэ. Тансаг хэрэглээний зардал дотор өндөр үнийн дүнтэй автомашины импорт багагүй жин дарж байна. Монгол Улс 2021 онд экспортоос 8.5 тэрбум ам.долларын орлого олсон. Энэ оны хоёр сарын байдлаар экспорт өмнөх оны мөн үеэс 23 хувиар буурсан байна. Харин импорт 20-30 хувиар өссөн дүнтэй байна. Өнгөрсөн онд 7.9 тэрбум ам.долларын импорт хийсний 30 гаруй хувь хэрэглээнийх байгаа юм. Ялангуяа автомашины импорт буюу "Ланд-300", "Лексус-600" зэрэг тансаг зэрэглэлийн автомашины худалдаа эзэлсэн бөгөөд дунджаар 500-600 сая ам.долларыг зарцуулсан. Уг тансаг хэрэглээний худалдан авалт энэ онд өсөх хандлагатай болсон нь валютын нөөц, ханшид дарамт үүсгэх магадгүй гэсэн болгоомжлол ч үүсгэж байна" гэдгийг онцлон мэдээллээ.
Мөн Орос-Украин улсын хооронд үүссэн маргаан удаан хугацаанд үргэлжилбэл манай улсын эдийн засагт нөлөөлөх хандлагатай байгаа учраас нөөц бодлого боловсруулах шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.