Ерөнхийлөгчийн зарлигаар Монголын анхны эмэгтэй генерал цолыг Г.Болор өнөөдөр хүртлээ. Түүний тухай сонирхолтой 10 баримтыг танилцуулж байна.
1. Тэрбээр 17 насандаа эх орныхоо төлөө амиа өгөхөөс буцахгүй хэмээн тангарга өргөж байжээ. Одоогоор ҮБХИС-д холбооны багш, Гадаад хэлний сургалтын төвийн дарга, сургалтын албаны дарга, дэд захирал, сургалтын хэлтсийн дарга зэрэг цэргийн боловсрол олгох шат шатны ажлыг чадварлагаар гүйцэтгэж буй нэгэн.
2. Түүний боловсролын байдлыг танилцуулвал:
- 1994 онд Цэргийн Их сургуулийг Цахилгаан холбооны инженер, командын офицер мэргэжлээр төгссөн.
- 2005 онд БХИС-ийн Гадаад хэлний сургалтын төвийн Англи хэлний дунд,гүнзгий шатны дамжаа,
- 2006 онд МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийн англи хэлний багш орчуулагчийн оройн анги,
- 2007, 2009 онуудад АНУ-ын Батлан хамгаалах хэлний хүрээлэнгийн Англи хэлний багшийн үндсэн дамжаа болон Удирдлагын дамжаа,
- 2011-2012 онд АНУ-ын Агаарын цэргийн команд штабын коллеж,
- 2015 онд ХБНГУ-ын Гармиш хот дахь Олон Улсын Аюулгүй байдлын төв, Цэрэг, стратегийн аюулгүй байдлын дамжаа,
- 2018 онд АНУ-ын Хавай муж дахь Олон Улсын Аюулгүй байдлын төвийн Олон Улсын Аюулгүй байдлын дамжаа,
- 2019- 2021 онд Тайваны Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн, Дайны Коллежид Олон улсын харилцаа, цэргийн стратеги судлалын магистр зэрэг сургалтуудыг тус тус дүүргэсэн байна.
3. Г.Болор нь Монгол улсаа төлөөлөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд анх 2010 онд Чад, Төв Африкийн Бүгд Найрамдах улсад явагдсан НҮБ-ын MINURCAT ажиллагааны цэргийн хүчний штабт хүний нөөцийн офицероор, 2013 онд Өмнөд Судан улсад явагдаж байгаа НҮБ-ын UNMISS ажиллагааны хүчний штабт холбооны хэлтсийн даргаар, 2015-2017 онд НҮБ-ын Нью-Йорк хот дахь төв штабын энхийг сахиулах ажиллагааны газарт мэргэжилтнээр хоёр жил ажиллаж нийтдээ гурван удаа энхийг сахиулах ажиллагаанд явжээ.
4. Мөн олон тохиолын анхдагч бас манлайлагч эмэгтэй юм. Тухайлбал, цэргийн сургуулийн анхны 6 эмэгтэй сонсогчдын нэг, АНУ-ын Нисэх хүчний команд штабын коллежийг төгссөн анхны монгол эмэгтэй офицер, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны төв штабт ажилласан анхны монгол офицер, НҮБ-ын Өмнөд Судан улсад явагдаж байгаа НҮБ-ын UNMISS ажиллагааны хүчний штабын холбооны хэлтсийн даргаар ажилласан анхны эмэгтэй гээд анхны гэх олон тодотголууд эзэн билээ.
5. Түүнийг 2013 онд Өмнөд Судан улсад НҮБ-ын UNMISS ажиллагааны хүчний штабт ажиллаж байх үед тус улсад иргэний дайн дэгдсэн аж. Энэ үед Г.Болор нь өөрийн үндсэн үүрэгт ажлаасаа гадна Монгол улсын нийт 850 цэргийн алба хаагчтай Мотобуудлагын Батальон болон штабын офицеруудаа хариуцсан Үндэсний ахлах офицероор томилогдон ажиллаж байжээ.
6. Хүчний Командлалын дэргэд эмэгтэйчүүдийн холбоог санаачлан байгуулж Норвеги, Энэтхэг, Кени улсын гурван эмэгтэй офицеруудыг ахлан Өмнөд судан улсад үүрэг гүйцэтгэж байгаа эмэгтэй цэргийн алба хаагчидтай олон үндэстний нийт зургаан цэргийн багт ( Монгол, Энэтхэг, Кени, Хятад, Өмнөд Солонгос, Япон) 6,000 гаран км газар нисдэг тэргээр айлчлан ажиллаж дайны цагт эмэгтэй энхийг сахиулагчдын сэтгэл санааг дэмжих, тэдэнд урам зориг өгөх ажлуудыг хийж дараагийн цэргийн багт ирэх эмэгтэй офицеруудын тоог нэмэгдүүлсэн нь НҮБ-ын 2000 онд гаргасан эмэгтэйчүүдийн манлайллыг аюулгүй байдлын салбарт нэмэгдүүлэх, энхийг дэмжих ажиллагаанд оролцох эмэгтэйчүүдийн тоог 2%-иас 15% болгон нэмэгдүүлэх тунхаглалыг ажиллагааны газар район дээр хэрэгжүүлж өндөр үр дүн гаргасан хэмээн үнэлэгдэж онцлох үнэлгээтэй офицероор шалгарч Хүчний Штабын даргын тодорхойлолттойгоор үүргээ дуусгасан аж.
7. Өмнөд судан улсын иргэний дайны үед хүчний штабын удирдлагын холбоог тасалдуулахгүй түргэн шуурхай ажиллуулах үндсэн ажлын хүрээнд тус ажиллагааны түүхэнд анх удаа Нил мөрөн дээрх усан тээврийн холбоог амжилттай зохион байгуулсан байна.
8. 2015 онд НҮБ-ын Нью-Йорк хот дахь Энхийг Сахиулах Ажиллагааны газарт ажиллах олон үндэстний офицеруудын сонгон шалгаруулалтад амжилттай оролцон тэнцэж Монгол улсаас НҮБ-ын ЭСАГ-т ажиллах анхны офицероор сонгогдон ажилласан нь Монгол улсын Зэвсэгт хүчний офицерын нэр хүндийг дэлхийн тавцанд таниулах нэгэн шинэ боломжийг нээсэн юм.
9. ЭСАГ-т ажиллах хугацаандаа мөн үүрэгт ажлаасаа гадна НҮБ-ын энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн албан ёсны цахим хуудсыг нээх болон оны шилдэг эмэгтэй энхийг сахиулагч шалгаруулах ажиллагааг санаачлан НҮБ-ын нарийн бичгийн дарга Бан Ги Мүүнд уламжилсан нь дэмжигдэн биеллээ олж өнөөдрийг хүртэл уламжлал болон явагдаж байна. Энэхүү санаачилгын үр дүнд эмэгтэй энхийг сахиулагчдын нэр хүнд өссөн төдийгүй үүрэг гүйцэтгэлтийн үнэлгээ ч нарийвчлан гарах боломж олгогдсон гэдгийн онцлох нь зүйтэй байх
10. Монголын анхны генерал Г.Болор нь Монгол Улсын цэргийн боловсрол олгох үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан сурган хүмүүжүүлэгч юм.Түүний ажлын амжилт, Зэвсэгт хүчний шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь төр засаг, гадаадын мэргэжлийн байгууллагууд өндрөөр үнэлж, “Цэргийн хүндэт медаль”, “Энхийн төлөө” медаль, “Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль”, “Эх орны төлөө II, III” медаль, “Дайчин алдар I, II, III” медаль, “Африкт энхийн төлөө” дурсгалын медаль, НҮБ-ын “Энхийн төлөө” медалиар 3 удаа, Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус энгэрээ мялааж байсан аж.